Буддын шашин, мэргэ төлгийн зан үйл хэрхэн зэрэгцэн оршдогийг нүдээр харж, ирээдүйд юу тохиолдохыг мэддэг хүмүүстэй уулзахын тулд ВВС-гийн сурвалжлагч Фанни Поткин Мьянмар улсыг зорьжээ. “Би чиний ирээдүйг, бас замд тааралддаг бүх хүнийхийг хардаг. Гэхдээ буддын сургаалыг дагадаг болох хүртэл тань би юу ч ярьж өгмөөргүй байна” гэж У Аунг Баунг инээмсэглэв. Үдшийн тэнгэрт Баунгийн ард Шведагон гэдэг домогт хийдийн алтадсан орой гялтганана.
Хамаг амьтны сайн сайхны төлөө явдаг, ариун гэгдэх үзмэрч (вейза)-тэй танилцахын тулд Мьянмарын буддын шашинтнуудын төвийг зорилоо. Өнөө цагийн үзмэрчид буддын сургаал, бясалгал, тэрчлэн тарни, шившлэгээр дамжуулан хүчээ авдаг байна. Нутгийн оршин суугчид өвчнөө анагаалгахаас эхлээд ажилтай болох, албан тушаал ахих гээд янз бүрийн асуудлаар тусламж хүсэн, тэдэнд ханддаг ажээ.
“Үзэж хардаг хүмүүс байдгийг чамд тайлбарлаж, итгүүлэх амаргүй юм. Гэхдээ тэд тайлбарлахын аргагүй зүйлс хийдгийг би харсан” гэж Янгон хотын парламентын гишүүн, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ярилаа. Миний үйлчлүүлсэн таксины жолооч харин овоо яриа хөөрөөтэй нэгэн байв. “Би тэр үзмэрчдэд итгэдэг. Мөргөлийн үеэр гурван ч удаа надад үзэгдэж, чухал шийдвэр гаргахад минь тусалсан” гэлээ.
Мьянмарт мэргэ төлөг хийдэг хүн их итгэл бишрэл хүлээдгийг тус улсын хийд бүрт алдартай вейзануудад зориулсан тусгай бунхан болох “Вейза тазаунг” байдгаас харж болно. Ирээдүйн үзмэрчид бясалгал хийхээр, жирийн иргэд мөргөл үйлдэж, мэргэчдэд хандахаар тэдгээр хийдийг зорьдог. Шведагоны вейза тазаунгт У Аунг Баунгтай Фанни Поткин танилцжээ.
Тэрбээр өдгөө 93 настай, үзмэрч болох гэж 37 жил өөрийгөө бэлтгэсэн аж. “Үзмэрч болохын тулд буддын сургаалыг судалж, онцгой бясалгал үйлдэх хэрэгтэй. Ингэх нь үзмэрчдэд их хүч өгдөг. Бидний зарим нь нисэж чаддаг” гэж Баунг ухаалаг утас оролдож суусан залуу шавь руугаа тонгойн хэлэв. Хачин санагдаж болох ч буддын шашин, мэргэ төлгийн зан үйл хоёр Мьянмарт эртнээс зэрэгцэн оршиж буй аж.
Хонконгийн их сургуульд энэ чиглэлээр судалгаа явуулдаг, шинжлэх ухааны доктор Томас Паттоны хэлснээр, вейза нь колонийн дэглэмтэй тэмцэж байсан XIX, ХХ зууны үеийн уламжлалт маарамба болон мэргэч нараас гаралтай. “1885 онд Мьянмарын хаант засаглалыг түлхэн унагасны дараа лам, даяанч, маарамба нар эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, тэдний нөлөөнд олон хүн автаж байсан нь британичуудын уур хилэнг бадраажээ.
Буддын шашныг хамгаалах нэрийн дор, мөн ер бусын хүчний тусламжтайгаар британичуудыг үлдэн хөөх гэсэн хүмүүстэй Британийн цэргүүд тэмцэхэд хүрсэн” гэж тэрбээр тайлбарлажээ.
Гэхдээ тэр ер бусын хүч гэж юу болохыг У Аунг Баунг тайлбарлахаас татгалзсан учир нарийн мэдээлэл авч чадсангүй. Тэрбээр өөрөө чухам ямар увдис чадвартай болохоо ч тайлбарласангүй. Дашрамд хэлэхэд, улс орноороо аялан мэргэ төлөг тавьж, чадвараа үзүүлсэнд нь талархсан хүмүүс гарыг нь цайлгадгийг тэрбээр нуусангүй.
Төгс гэгээрсэн хүн үхэшгүй мөнхийн хутгийг олон, бие цогцсоо орхин дэлхийгээс одож, нууцлаг ертөнцөд очоод, тэндээсээ хүмүүсийг хардаг гэлцдэг. Үүний учрыг Шведагон хийдийн бас нэг үзмэрч У Тин Найнг гэгч тайлбарлажээ. Тэрбээр 90 настай ч 30 насаар залуу харагддаг нэгэн.
“Өөрийн юу чаддагаа нарийн тайлбарлах хэцүү. Гэхдээ өөрийнхөө зорилгыг ярьж болох юм. Бид нирваан дүр буюу аврал олохыг хичээдэг. Ирээдүйн будда бурхан залрахыг хүлээж буй учраас бид үхэж болохгүй. Мөн энэ ертөнцийг орхихдоо тэнгэрийн оронд залрах ёстой байдаг” гэж ярилаа.
У Тин Найнг эхнэр, хоёр хүүхэдтэй. Тэднийхээ гэрэл зургийг үзүүлэв. Лам нараас ялгаатай нь аль ч хүйсийн, тухайлбал гэр бүлтэй хүн үзмэрч болох боломжтой. Гэхдээ төгс гэгээрсэн үзмэрчийн зам мөр хөөнө гэвэл гэр бүлээ орхиж, даяанчлан амьдрах ёстой аж. “Бие нь өвдсөн, эсвэл хувийн таагүй асуудалтай тулгарахаараа хүмүүс намайг зорьж ирдэг.
Өвчин үүсгэж буй бузрыг арилгаж, эрч хүчийг нь өөрчлөхөд би өөрийн боломжоо ашигладаг” хэмээн У Тин Найнг ярив. Орчин цагийн анагаах ухаан өвчнийг нь эмчилж чадаагүй гэр бүлийнхэн түүнийг урих нь элбэг гэнэ.
Анагаах, эсвэл элдэв хар домоос хамгаалахад ашигладаг хамгийн түгээмэл аргуудын нэг нь шидтэй зурлага хийхэд оршдог. Түүнийг сахиус, хуудас цаасан дээр хийхээс гадна биен дээр шивээс маягаар буулгадаг байна.
Хамгийн оньсого шиг зүйл гэвэл тугалгыг алт болгон хувиргаад, түүнийг зүүсэн эзэндээ нөлөөлөх тусгай хүчтэй болгодог арга юм. Ийм арга хэрэглэдэг вейза ховор гэнэ. Нэрээ хэлэхийг хүсээгүй, Францын судлаач эмэгтэй 20 гаруй жилийн өмнө тийм хүнтэй таарсан түүхээ ярьж өгчээ. “Тэр хүн тарни уншаад, барьж байсан шингэн тугалганы аяганаас алган дээр минь тугалган бөмбөлөг үүсгэж өгсөн.
Парист эргэж ирээд нөгөө бөмбөлгөө гээчихэж билээ. Дөрвөн жилийн дараа нөгөө хүнтэйгээ уулзахад бөмбөлөг алга болсон газрыг тодорхой хэлж өгсөн. Тэгээд тарниа уншаад дахин нэг бөмбөлөг үүсгэж өгсөн нь миний үүргэвчинд одоо ч бий” хэмээн ярьсан байна.
“Яг юу болсныг ойлгоогүй. Миний ярьсанд эргэлзэх хүн Мьянмарт ч олон бий” гэж хэлээд тэр франц эмэгтэй гурван см диаметртэй мөнгөлөг бөмбөлгөө үзүүлжээ. Үнэндээ, боловсролтой мьянмарчуудын олонх нь вейзад итгэдэггүй, зөвхөн ядуусын итгэлийг олдог луйварчид гэж үздэг байна.
“Вейза нь буддын шашинтай ямар ч холбоогүй” гэж ярихыг нэг бус удаа сонссон. Гэсэн ч үзмэрчдэд итгэх итгэл газар авч, тэд хэдийнэ нийгэмд эзэлсэн байр суурьтай болжээ.
Мэргэ төлөг тавьдаг хүмүүсийн тухай нийтлэл бүр 2013 он хүртэл цэргийн хунтынхны нарийн мөрдөн шалгалтад өртдөг байв. Харин тус улс дэлхий дахинд нээлттэй болохын хэрээр вейзагийн тухай ном, лавлахууд борооны дараах мөөг шиг олширч, үзмэрчдийн талаар өгүүлсэн Мьянмарын алдартнуудын тухай нэвтрүүлэг болон сэтгүүлүүд байнга гарах болсон байна.
Ф.Паттоны үзэж буйгаар, өдгөө Мьянмарын кино од, дуучид хүртэл зарим нэр хүнд бүхий үзмэрчийн хөшөөнд хандив өргөдөг моод дэлгэрчээ. “Чинээлэг хятадууд бизнесээ өргөжүүлэхэд тусламж авах зорилгоор үзмэрчид хандахаар Мьянмарт ирдэг болсон. Тэд үзмэрчийг аз авчирдаг, амьд сахиус хэмээн үздэг” гэж Ф.Паттон ярилаа. Тэдний зөв ч байж болох юм. Ф.Паттоны тэмдэглэснээр, мэргэ төлөг хийх уламжлал энэ ертөнцөөс хүссэн бүхнээ авах аргыг нээж өгч байна. Үүний төлөө мэргэчдэд хандаж яагаад болохгүй байх билээ?