Өчигдөр болж өндөрлөсөн ерөнхийлөгчийн сонгууль олны таамгаас хол зөрсөнд иргэд нь хүртэл гайхаж, бухимдаж байна. Сонгуулийн өмнөх санал асуулгад Хиллари Клинтон илт давуу явсан, тиймээс шинжээчид олны өмнө үг хэлээ мэдэрдэггүй Д.Трампыг ялалт байгуулна гэдэг тун бэрх даваа гэж үзэж байсан ч иргэдийн сонголт өөр тийшээ эргэсэн юм. Үүнийг зарим шинжээчид шинэчлэл хүсэж буйг харуулсан явдал боллоо гэж үзэж буй. Х.Клинтон гарч ирвэл одоогийн ерөнхийлөгч Б.Обамагийн засаглал үргэлжлэх хандлагатай байсан. Түүнчлэн экс тэргүүн хадагтайн ажил хэрэг болон хувийн захидлууд ил гарсан, түүгээр олонд дэлгэгдээгүй фактууд илэрч, ялангуяа сангийнхаа хөрөнгөөр охиныхоо хуримыг хийсэн, исламын улсад хийсэн бохир ажиллагаа зэрэг улс төр болон хувийн олон мэдээлэл түүнд сонгогдохгүй байх шалтгаан боллоо гэж дүгнэх хүмүүс ч бий. ОХУ Д.Трампыг дэмжиж байсан тул Х.Клинтоны хувийн захидлыг хакердсан гэх хардлага ч бий.
Тэгвэл Д.Трамп сонгогдоод 24 цаг ч болоогүй байхад хэдийнэ түүнийг эсэргүүцэгчид гарч эхэллээ. Техас мужид оюутнууд хотын төвд эсэргүүцлийн жагсаал хийв. Лос-Анжелес хотод ахлах сургуулийн хүүхдүүд шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцсэн бол Финикс хотод 200 орчим сургуулийн сурагчид жагсаал хийжээ. Харин Калифорниад 1500 сурагчид оролцсон томоохон жагсаал хүртэл өрнөсөн байна.
Нэрт дуучин Лэди Гага Нью-Йорк хотын Трамп тауэрийн гадаа түүнийг эсэргүүцэж байгаагаа зарласан нь олныг шуугиулав. Тэрбээр Хиллари Клинтоныг дэмжиж, түүний сонгуулийн ажлаар нэг бус удаа ая дуугаа өргөж байсан нэгэн.