Нигерид 2014 оны дөрөвдүгээр сард “Боко Харам” бүлэглэлийн хулгайлсан сурагч охидын нэгийг олжээ. Тэрбээр 10 сартай охинтой болсон байв. Охидыг хулгайлсан Чибок хотоос холгүй орших Борно мужийн Пулка тосгоноос тэр охиныг олсон байна.
Өнгөрсөн аравдугаар сард Олон улсын улаан загалмай нийгэмлэг болон Швейцарийн Засгийн газар зуучилсны дараа “Боко Харам” 21 сурагчийг суллажээ.
Урьд нь тус бүлэглэлийнхэн “Хулгайлсан охидыг босогчдодоо эхнэр болгон өгсөн” хэмээн мэдэгдэж байсан билээ. Хулгайлагдсан охидын нэгийг энэ оны тавдугаар сард ширэнгэн ойгоос олжээ. Тэрбээр хүүхэдтэй, нөхөр гэх эрэгтэйтэй цуг явж байсан гэнэ. Нөхөр гэгчийг нь “Боко Харам”-ын гишүүн гэж үзээд шууд баривчилсан байна.
Тус бүлэглэлийнхэн 2014 онд Чибок хотоос 250 гаруй сурагч охиныг хулгайлсан юм.
Өнгөрсөн наймдугаар сард “Боко Харам”-ынхан хулгайлсан 50 орчим охиныг баривчлагдсан босогчдоороо солино гэсэн дүрс бичлэг нийтэлсэн. Одоо босогчдын гарт 200 орчим сурагч охин байгаа аж.