Үндэсний баялгаа хэрхэн хуваарилахыг тодорхойлох хамгийн чухал сонголт бол дайн ба энхийн асуудал юм. Өнөөг хүртэл АНУ буруу сонголт хийсээр ирсэн гэж Колумбын их сургуулийн Дэлхийн хүрээлэнгийн захирал, профессор Жеффри Сакс “Boston globe” сонинд бичжээ. Йелийн их сургуулийн түүхч Пол Кеннедийн нэрлэсэнчлэн эдийн засаг, геополитикийн талаар Вашингтон дарангуйлагч эзэнт гүрний хэмжээнд хэдийнэ хүрсэн гэнэ.
Өдгөө АНУ-ыг эзэнт гүрэн хэмээн нэрлэдэг нь үнэнд тодорхой хэмжээгээр нийцэж буй юм. Олон улсад хяналтаа тогтоосон улс тийм тодотголтой болдог. ХIХ зуунд Их Британи улс Энэтхэг, Египет болон Ази, Африк, Карибын сав газар дахь хэдэн арван колони орныг удирдсан эзэнт гүрэн байлаа. Хавай, Пуэрто-Рико, Гуам, Самоа, Умард Мариан зэрэг цөөн хэдэн арлыг АНУ албан ёсоор хяналтдаа авсан байдаг ч тусгаар тогтносон хэдэн арван улсыг хэн удирдахыг, тэдгээрт цэрэг байрлуулах, эсэхийг америкчууд шийдэж байна. Гэхдээ тийм улсуудын засаглал өнөөдөр суларчээ.
АНУ-ын цэргийн ажиллагааны далайц хэмжээлшгүй. “Boston globe”-ын мэдээлснээр, 2010 оны байдлаар АНУ цэргийн 4999 объекттой байсны 4249 нь дотоодод, 88 нь далайн чанадад, 662 нь 36 улсад байжээ. Үүнд цэргийн нууц объектууд ороогүй аж. Вашингтон цэргийн ажиллагаа болон дайнд жилд 900 тэрбум доллар буюу ДНБ-ийхээ таван хувийг зарцуулж байна.
Дэлхийн хоёр том дайны дараа Британи болон Франц колони улсуудаа алдаж, их хямрал нүүрлэснээр АНУ, ОХУ гэсэн дэлхийн хоёр том гүрэн хоорондын ширүүн сөргөлдөөн хүйтэн дайныг эхлүүлсэн билээ. Энэ дайн Америкийн гадаад бодлогын үндэс суурь болсон хоёр санаа бий болоход хүргэжээ. Нэгд, АНУ даван гарахын төлөө ЗХУ-тай дайтна. Хоёрт, хэр хол байх нь хамаагүй, аль нэг улс дэлхийн дайны талбар болох ёстой. Хэдийгээр Америк, Орос хоёр шууд сөргөлдөхөөс зайлсхийж байсан ч дэлхийн мөргөлдөөний халуун цэгүүдэд хүч чадлаа харуулж байв.
Бараг 50 жил ЗХУ-тай хийсэн тулааны талбар нь Афганистан, Вьетнам, Гана, Индонез, Иран, Камбож, Конго, Куба, Лаос, Ливан, Мозамбик, Намиб, Никарагуа, Сальвадор, Чили, жижигхэн Гренада байжээ. Энэ тэмцэл дунд АНУ нефтийн орд газруудад хяналтаа тогтоохын төлөө дайн өдөөх нь цөөнгүй байв.
Эцсийн дүнд ЗХУ хилийн чанадад хэр хэмжээнээсээ хэтэрсэн зардалтай дайн явуулсны улмаас дампуурсан. Өнөөдөр АНУ цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхэд мөн адил хэт их хэмжээний зарлага гаргаж, Ойрхи Дорнодод явуулж буй дайнаа үргэлжлүүлж, Хятадтай зэвсэглэлээр хөөцөлдвөл ийм байдалд хүрнэ хэмээн Жеффри Сакс бичжээ.