Нэгэн үе "Би Монгол хүн" хэмээн зарлаж, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хүндтэй зочин болж байсан холливудын тулаантай киноны жүжигчин Стивен Сегал ОХУ-ын иргэншилтэй болжээ. Түүнд тус улсын ерөнхийлөгч В.Пүтин ийм эрх олгосон гэж Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Энэ тогтоолд "1952 оны дөрөвдүгээр сарын 10-нд төрсөн Стивен Фредерик Сегалд иргэншил олгохоор болов" гэж онцолсон юм.
Ноён Сегалын хүсэлтийг үндэслэж, маш удаан хугацааны дараа Пүтин ийм шийдвэр гаргажээ хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь онцлов.
Барууны орны нэр нөлөөтэй хүмүүс Оросын иргэншил авч буй анхны тохиолдол энэ биш. Өмнө нь Францын нэрт найруулагч, кино жүжигчин өндөр татвараас зайлсхийж тус улсын иргэн болж байсан бол Сөүлийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан боксчин Рой Жонс Пүтинд иргэншил авах хүсэлт гаргаж, тун удалгүй түүний хүсэлтийг биелүүлсэн билээ.
Сонирхуулахад, Сигал дөрвөн удаа гэрлэсэн. Түүний дөрөв дэх эхнэрийг Б.Эрдэнэтуяа гэдэг бөгөөд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болжээ. Мэргэжлийн бүжигчин монгол эхнэр нь түүнд 2010 онд долоо дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн бөгөөд Сигалын бага хүүдээ Кунзан хэмээх нэр өгсөн аж.