Улс төртэй бараг холбоогүй шахам эмгэнэлт хэргийн улмаас сүүлийн гурав хоног Мароккогийн 40 хот, сууринд олон мянган хүн оролцсон жагсаал болж байна. Цагдаагийнхан 31 настай худалдагч Мухсин Фикриг хууль зөрчсөн хэмээн буруушаажээ. Тэр залуу агнахыг түр хориглосон, 500 кг загас худалдах гэсэн аж. Мэргэжлийн байгууллагаас чанарын шаардлага хангахгүй гэж үзсэн загасыг нь хогны машинд ачих гэснийг залуу зогсоох гэж оролдож байгаад амиа алдсан байна. Хог татагч механизмд даруулан үхсэн залуугийн зураг нийгмийн сүлжээгээр тархсан нь олон нийтийг хилэгнэхэд хүргэжээ. Гэм буруутай этгээд шийтгүүлэх хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэж байна. Ийм хэрэг дахин гарахгүй гэсэн баталгаа өгөхийг, төрийн захиргааны байгууллагуудаас авлигачдыг зайлуулахыг жагсагчид шаардаж байгаа ажээ.
Энэ үйл явдал олон талаар Африк болон Ойрхи Дорнодын орнуудад ардын хувьсгал маягаар эхэлж, Тунист “Арабын хавар” болон өргөжсөн зургаан жилийн өмнөх дүр зургийг санагдуулж буй юм. Тэгэхэд жимсний худалдаачин эр барааг нь хураалаа гэж өөрийгөө шатаасны улмаас эсэргүүцлийн ажиллагаа эхэлж байсан билээ.
Тунисын түлхэгдэн унасан эрх баригчдаас ялгаатай нь Мароккогийн ван зургадугаар Мохаммед Дотоод хэргийн сайдаа мөрдөн шалгах ажлыг удирдуулахаар хэргийн газар руу илгээсэн байна. Сайд Мохаммед Хасад гэм буруутай этгээдэд хатуу шийтгэл оноохоо мэдэгджээ. Одоогийн байдлаар 11 хүн баривчилсны дотор хоёр цагдаа, загас агнуурыг хянадаг байгууллагын хоёр ажилтан, мал эмнэлгийн газрын дарга нар байна. Мөн 20 хүн байцаагдаж байгаа гэнэ.
Марокко улс 2011 онд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг амжилттай зогсоосон туршлагатай. Тус улсын ван жагсагчдын шаардлагыг хүлээн авч, парламентын болон Засгийн газрынхаа эрхийг өргөжүүлэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Парламентын сонгуулийн дүнд эмхлэн байгуулсан Засгийн газрыг исламын аядуу үзэлтнүүд тэргүүлснээр эсэргүүцлийн ажиллагаа нь намжсан билээ. Үүний сацуу бербер хэлийг албан ёсны болгосноор олон үндэстэн хоорондын маргааныг багасгасан байна. Гэхдээ одоо болж буй үйл явдал тэр маргаан бүрэн дарагдаагүйг илтгэж байгаа ажээ.