Өмнөд Хятадын тэнгисээс үүдэж Вашингтон, Бээжин хоёрын хооронд цэргийн халз мөргөлдөөн гарах магадлал бий болоод байна. Тэд сүүлийн жилүүдэд дайнд ингэтлээ ойртож байгаагүй юм” гэж “Newsweek”-т бичсэн байна. Тус сэтгүүл Америк, Хятадын хоорондын харилцаа Өмнөд Хятадын тэнгисээс болж муудаж эхэлснийг 15 жилийн өмнө Америкийн тагнуулын онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын нисгэгч амиа алдсан үйл явдлаас улбаалан өгүүлсэн байна.
Тавдугаар сард мөн л тэр газарт Хятадын хоёр сөнөөгч онгоц тагнуулын нислэг хийж явсан Америкийн онгоцтой мөргөлдөх дөхсөнд гайхах явдалгүй аж. Хятадууд 15 жилийн өмнө болсон үйл явдлыг эргэн санажээ. Хятадын Коммунист намын англи хэл дээр гардаг “Global Times” сонинд энэ тохиолдлын дараа “Дараагийн удаад хятад нисгэгч тагнуулын онгоцыг устгана гэж хятадуудын олонх нь найдаж байна” хэмээн бичиж байжээ.
Хятад, Америкийн хооронд дайн гарах нь зайлшгүй гэж Хятадын төрийн өндөр албаны хүмүүс үзэх болсоор удаж буй гэдэгт “Newsweek” эргэлзэхгүй байгаа аж. Булчин шөрмөс нь чангарч яваа шинэ залуу гүрэн хуучны ноёлогч оронтой зөрчилддөг нь ёс юм. Яагаад гэвэл шинэ хүчирхэг улс гарч ирэхийг хуучин нь хүлээн зөвшөөрөхдөө дургүй байдаг жамтай. Номхон далайн бүс нутагт, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгист чухам яг ийм байдал бий болоод байна.
Энэ тэнгис стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд үүгээр жил бүр таван их наяд долларын ачаа бараа дамжин өнгөрч байдгийн зэрэгцээ ашигт малтмалын арвин их нөөцтэй юм. Тэнгисийн ийм сав газрын бараг 80 хувийг нь эзэмшихийн төлөө Хятад тэмцэж байна. Манай гаригийн хамгийн “халуун” бүс нутгийн нэг болж буй энэ тэнгисээс олон мянган бээрийн зайд АНУ оршиж буй болохоор тэд шулуухан нутаг дэвсгэрийн маргаан үүсгэх боломжгүй байгаа юм.
Тийм болохоор Өмнөд Хятадын тэнгисээс үүдэн Хятадтай нутаг дэвсгэрийн хэл ам өдөөхөд тус бүс нутгийн Вьетнам, Малайз, Филиппин, Бруней улсыг турхирч, дэмжиж буй билээ. Үүнээс гадна АНУ байлдааны хөлгүүд болон нисэх онгоцнуудаа тус тэнгис рүү эргүүлд байн байн гаргаж, үүнийгээ худалдааны замаа хамгаалах шаардлагын улмаас хийж буй алхам хэмээн тайлбарлаж байна.
Хятадууд Өмнөд тэнгист хиймэл арлууд байгуулж, зэвсэгт зөрчилдөөн үүссэн үед ашиглаж болох усан буудал, онгоц хөөрөх буух талбай бүхий дэд бүтэц бий болгосныг АНУ эсэргүүцсэн. Тэгвэл маргаан бүхий арлууд, түүний дотор Спратли хэмээх бүлэг арал дээр аялал жуулчлал хөгжүүлэхээр төлөвлөж буй.
2020 он гэхэд Хятадын жуулчдыг ачсан анхны хөлөг онгоц тийш зүглэх болно гэж Бээжин хэлж байгаа юм. Аялал жуулчлалын “энэ домогт” Вашингтон хийгээд өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн орнууд итгэхгүй, болзошгүй дайнд бэлтгэн, маргаантай арлуудыг маргаантай цэгүүд болгож байна гэж үздэг.
Хамрах цар хүрээ, учруулах хор уршгаасаа шалтгаалан АНУ, БНХАУ хоёрын хооронд цэргийн зөрчил тэмцэл гарах боломжгүй гэж шинжээчид үздэг юм. Өөрийнх нь биш юм гэхэд дор хаяж дундын гэж Бээжин үздэг Индонезийн усанд загас агнаж явсан Хятадын хөлөг онгоц руу Индонезийн байлдааны хөлөг онгоцноос буудсан саяных шиг үйл явдал болохгүй нь ойлгомжтой. Америк, Хятад хоёр чинь цөмийн зэвсэгтэй гүрнүүд. Энэ нь л тэдний хооронд аливаа зөрчил тэмцэл үүсэх боломжийг хааж байгаа.
Нөгөө талаас дайн үүсгэх нь огт түвэгтэй биш. Дээр өгүүлсэн Хятадын сөнөөгч онгоц Америкийн тагнуулын онгоц хоёр мөргөлдсөн шиг байлдааны нисэх онгоц, хөлөг онгоцнууд мөргөлдөх мэтийн аар саар зөрчлөөс л дайн дүрэлзчих боломжтой. Эсвэл маргаантай бүс нутаг руу Пентагоны илгээсэн Америкийн нисэх онгоц, тээврийн хоёр хөлөгтэй Хятадын цэргийн онгоц тулгарах боломж бүрэн бий шүү дээ.
Дашрамд хэлэхэд, Вашингтон бэлтгэл сургуулилалт хийлгэхээр нисэх онгоц тээвэрлэдэг “Жон Стэннис”, “Рональд Рейган” хөлгүүдээ Филиппинээс зүүн тийших бүс нутаг руу илгээсэн нь ХКН-ын “Женьминь Жибао” сонины зүгээс ширүүн шүүмжлэлд өртсөн удаатай. “Хятад бол энэ мэт тоглоомоор наадах улс чинь биш” гэж түүнд бичиж байв.
Ийм зоримог үгэнд хариу өгөх гэж Америкийн тал удаан хүлээлгээгүй юм гэж “Reuters” мэдээлж байлаа. Америкийн Номхон далайн флотын командлагч адмирал Гарри Харрис энэ бол бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шийдвэр төгс байгаагаа Хятадад анхааруулж буй Америкийн дохио юм гэж хариу мэдэгдсэн юм. Тухайн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгохыг хүссэн хэнд ч Америкийн хөлөг онгоцнууд саад хийж чадна гэдэгт найдаж буйгаа Америкийн адмирал илэрхийлсэн нь энэ.
Чухамхүү зургадугаар сарын сүүлийн хагаст Америкийн далбаатай нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд Филиппин улсын ойролцоо үзэгдэж байсан нь санамсаргүй юм биш. Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн юм шиг эзэгнэж буй Бээжингийн эсрэг Манилагийн гаргасан гомдлыг авч үзэх ажилд Гаагийн олон улсын шүүхийн Байнгын танхим тун удалгүй долдугаар сарын эхний өдрүүдэд орсон юм.
Энэ шүүхийн шийдвэр ердөө зөвлөх чанартай, заавал биелүүлэх шаардлагагүй байдаг ч гэсэн, түүнд захирагдахгүй гэж Бээжин мэдэгдэв. Тэгэхлээр америкчууд холбоотнуудаа цаашид ч дэмжихээр төлөвлөж буйгаа харуулахыг хүссэнээс гадна энэ сургуулилалт Гаагийн шүүхийн Байнгын танхимын шүүгчдэд тодорхой дарамт шахалт үзүүлнэ гэдэгт эргэлзэх юун. Бээжин ч бас гараа хумхиад суугаагүй, Өмнөд Хятадын тэнгис рүү усан доогуур явдаг цөмийн пуужингуудаа анх удаа илгээхээр зэхэж буй нь яавч тохиолдлын явдал биш нь мэдээж.
“Newsweek” сэтгүүл Америк, Хятадын хооронд дайн болох нь зайлшгүй гэж бичихдээ Өмнөд Хятадын тэнгисийн эргэн тойрны маргаан нь ихээхэн учир холбогдолтой ч гэсэн манай гаригийн хоёр гол эдийн засгийн хоорондын үндсэн зөрчил тэмцэл биш гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Дээр өгүүлснээр энэ зөрчилдөөн нь өөрсдийн ноёлох байдлаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа шинэ, хуучин хоёр их гүрний хооронд болж буй юм.
Одоогийн байдлаар Хятад улс наад зах нь Номхон далайн бүс нутагт тэргүүлнэ. Америк нь манай гаригийн энэ хэсэгт болон бусад бүх газар нутагт гол цагдаагийн үүргээ гүйцэтгэсээр байх болно гэж үзсээр байгаагийн хоорондох зөрчил юм.
АНУ, БНХАУ хоорондын зөрчлийн үнэ асар өндөр, аз болоход Бээжин, Вашингтоны аль алинд нь олон байгаа эрүүл саруул ухаантнууд үүнийг ойлгож байгаа нь лавтай. Гэхдээ улайсах шахсан энэ бүс нутаг руу Америк нь нисэх онгоц тээвэрлэгчээ илгээж, Хятадын цөмийн пуужинтай аварга хөлөг онгоцнууд энд эргэлдэх болсон зэрэг сөргөлдсөн үйл ажиллагаа зөрчил тэмцлийн түвшинг улам бүр нэмэгдүүлж, нөхцөл байдлыг хурцатган, Америк, Хятадын хооронд цэргийн мөргөлдөөн гарах магадлалыг ихэсгэж байгаа юм.