Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ тамгын газартаа халаа, сэлгээ хийсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Тэрбээр гурван туслах болох Ерөнхийлөгчийн тамгын газрын засаг захиргаа, хувийн болон олон нийттэй холбоо барих асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарынхаа огцрох хүсэлтийг хүлээн авсан байна.
Ерөнхийлөгчийн найз эмэгтэй Чве Сүн Шилтэй холбоотой хэмээн энэ гурван хүнд ихээхэн дарамт шахалт ирсэн юм. Чве Сүн Шилийг нэр нөлөөгөө ашиглан өөрийн “Mir”, “K-Sports” санд улсдаа томоохонд тооцогдох корпорацуудаар олон саяын хандив өргүүлсэн хэмээн сэжиглэж буй юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг найз эмэгтэйдээ төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгож, түүнд чухал, нууц баримт бичиг, тухайлбал, хэлэх үгийн эхээ өгч, засвар хийхийг зөвшөөрсөн, тэгснээрээ БНСУ-ын улс төр, эдийн засгийн бодлогод шууд нөлөөлсөн хэмээн сэжиглэж байна. Тэрчлэн төрийн албанд ямар ч холбоогүй хүн Ерөнхийлөгчийн тамгын газрын боловсон хүчний томилгоо болон ажилд хөндлөнгөөс оролцсон хэмээн мэдээлж буй юм.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болсон Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаалд 35 мянга орчим хүн оролцжээ. Түүнийг дэмжигчдийн түвшин түүхэн доод хэмжээнд буюу 17 хувь болтлоо буурсан байна. Үүнээс өмнө тэрбээр эл хэрэг явдалтай холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.
“Пак Гын Хэ, түүний тамгын газар ард түмнээ хуурч, гэм буруутай үйлдлээ гүтгэлэг хэмээн хаацайлахыг оролдон, хэрэг илрэхийн цагт уучлалт гуйгаад өнгөрөх гэлээ” хэмээн жагсаалд оролцсон 40 настай албан хаагч Хван овогт мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгчөө дэмжигчид мөн жагссан байна. Тэд Пак Гын Хэг тайван байлгаж, улс орны байдлыг савлуулахгүй байхыг уриалсан байна.
Ерөнхийлөгчөө эсэргүүцэгчид, дэмжигчдийн жагсаал тайван болж, ямар нэг өдөөн хатгалга, мөргөлдөөн болоогүй ажээ. Жагсаал Өмнөд Солонгост өргөн тэмдэглэдэг, Америкийн Халловины баярын өмнөх өдөр болсон учир зарим хүн багт наадмын хувцастайгаа жагсаалд оролцоод, дараа нь ойролцоох баар, шөнийн клубийг зорьсон байна.
Бямба гаригийн арга хэмжээ тус улсын Ерөнхийлөгч, түүний найзтай холбоотой дуулиан дэгдсэн цагаас хойших хамгийн том жагсаал болжээ.