Уулын орой хийморь дагуулдаг гэлцдэг. Аль ч уулын оргилыг зорих замын уртад байгалийн үзэсгэлэн нь бишрүүлж, учрах саад бэрхшээл нь туршлага, бас мартахын аргагүй дурсамж үлдээдэг. Тэгвэл дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд хүссэн хүн бүр хүрдэггүй, бүр хүссэн хүн болгонд харагдаад байдаггүй болохоор олж үзэх төдийхнийг л тэнгэрийн од шүүрэхтэй адилтгаж болох байх. Тэр ховор тохиох үзэсгэлэнт оргилыг биечлэн харах аз жаргалыг мэдэрсэн, ОХУ-ын аялагч Сергейн замын тэмдэглэлээс сонирхуулъя.
Уул, уул, эргэн тойрон уулнаас өөр юу ч алга. Эверестийг харах ганц зорилгыг минь цаг агаар ивээх болов уу. Жомолунгма үүлэн хөшгөө татчихгүй байгаа. Манай гаригийн хамгийн өндөр цэгт ийм ойр байж үзсэнгүй. Өглөө эртлэн аялалдаа гарав.
03.10 цаг. “Шегар” зочид буудал. 4300 м.
Зах хязгаар нь үл мэдэгдэх уулын замд гарахын өмнө зориуд эрт унтсан болохоор хэвтэр рүүгээ эргэж хургасангүй. Зочид буудалд тийм дулаахан биш. Гэхдээ нэг хөнжил дэвсээд, хоёрыг нөмрөөд унтахад даарсангүй. Хамгийн гол нь ууланд хөлдчихгүйн тулд байгаа бүхнээ давхарлах нь чухал.
04.45 цаг. Хилийн шалган нэвтрүүлэх цэг. 4400 м.
Энэ цэгт орших уулын ар талд Балба улс байдаг. Баримт бичиг шалгаж, хүн бүрийг бүртгэж тэмдэглэв. Оргилд авирах уулчид бус, барааг нь л харах гэж яваа жуулчдын хувьд ч маш чанга шалгалтын цэг юм билээ. Авирах хүмүүс чамгүй мөнгө төлж зөвшөөрөл авч харагдав. 10 мянган доллар өгөх шиг харагдсан. Баттай хэлж мэдэхгүй байна. Засмал зам дуусахад есөн км үлджээ. Цааш уулын шороон замаар явна.
06.40 цаг. Уулын шороон зам. 4600 м.
Аялагчид хүсвэл л автобус зогсдог аж. Өглөө болсон хэр нь энд тас харанхуй. Жаахан сиймхий үүлийг эс тооцвол тэнгэр тув тунгалаг. Энэ бол сайны тэмдэг. Алсад сарны гэрэлд мөсөн оргилууд дүнхийнэ. Хэн нэг нь Жомолунгмагийн байгаа газрыг хуруугаар заав. Мэдэхгүй учир юу ч олж харсангүй. Дахиад гурван цаг явна. Чанга байна шүү.
09.50 цаг. Эверест орох замын даваа. 5000 м.
Цааш автобус явахгүй. Давааны энэ цэгт бэлэг дурсгалын майхан хотхон бий, бас тээврийн хэрэгслийн зогсоол болдог аж. Гадаа хүйтэн, гар хөлдөх нь. Цаг агаар ч авах юм алга. Оргилын орой өтгөн манантай ч мэр сэр юм харагдахтай байв. Буух бааз хүртэл ойрхон, 200 орчим метр боловч жижиг автобус үйлчилдэг. Энэ тэнгэр л ивээгээсэй.
10.20 цаг. Эверестийн бааз. 5200 м.
Уулын орой бүү хэл, бараа нь ч харагдахгүй өтгөн манан бүрхжээ. Хаана нөгөө оргил байгаа нь төдийгүй аль зүг харж буйгаа ч мэдэх юм алга. Юу үзэж харах ёстойгоо ч мартахаар их гунигтай юм. Ийш тийш баахан хөлхлөө. Эверестийг харахыг мөрөөсөж, их оргилуун явсан манай аяллын ахлагчийн царай ч барайчихаж. Хуаран хоосон. Авиралтын улирал биш бололтой.
11.35 цаг. Эверестийн бааз. 5200 м.
Үүлэн хөшиг маш аажим ярагдаж, мөсөн уул захаасаа цухуйлаа. Гэвч хүлээх цаг байсангүй. Цагтаа буцаж чадаагүй олон хүн амьсгал хураасан тухай мэдээлэл цөөнгүй байдаг. Мэдээж тэдгээр мэдээллийн дийлэнх нь оргил өөд авирагчдад хамаатай ч ууланд автобустай ч саатах дэмий.
Оргилыг харах гэж удаан хүлээхдээ уулын булан тохойгоор явж бага сага юм үзэж амжсан. Ядаж л Эверестийн аль талд байгаагаа мэддэг боллоо.
12.05 цаг. Давааны цэг. 5000 м.
Уул аажимдаа улам л тодорсоор, би улам алсарсаар. Жомолунгмын бараа тасрах тусам тэнгэр улам тунгалаг болно. Цаг агаар тавлаж байна шүү.
Даваан дээрх төвдүүдийн дэлгэсэн есөн шидийн зүйлээс дурсгал болгон хоёр хутга худалдаж авлаа. Үүнээс болж гааль дээр саатахгүй гэж найдахаас. Төвдөд хутга авч явахыг эрс хориглодог ч миний авсан нь жижигхэн. Бэлэг дурсгал гээд авч явж болох байх. Уул оргилоо тун удахгүй харуулчих юм шиг байсан ч автобус явах болсныг илтгэх дохиогоо дуугаргав. Жомолунгма оргилоо харуулсангүй.
12.45 цаг. Ронгбук хийд. 4980 м.
Энд Ронгбук уул, гол, хийд гээд бүгд ижил нэртэй. Дэлхийн хамгийн өндөрт байрладаг эл хийд Жомолунгма уулын хормойд, баазаас ердөө есөн км зайтай оршдог. Энэ талаас өгссөн хүн бүр, ямар шашин шүтлэгтэйгээс үл хамааран хийдэд мөргөдөг аж. Хийдэд мөргөчихөөд гарч яваад нүдэндээ итгэсэнгүй. Эверест оргил хүчирхэг, агуу болохоо бидэнд харууллаа. Гайхамшиг л гэх байх. “Алтан луу” гэсэн нэрэндээ нийцэхгүй хатуу, уулын бартаа ихтэй замаар олон цаг дэмий бэдэрсэнгүй шүү. Гурван цаг сэгсчүүлэн, зогсолтгүй явж, хүйтэн, хүчилтөрөгч хангалтгүй нөхцөлд дэлхийн гурав дахь туйлыг ямартай ч харлаа. Замаараа хийд орсон нь боллоо. Хийдийн л хүч. Зүгээр нэг тохиолдол яав ч биш. Ингэж харсан минь ч хамаагүй илүү сонирхолтой, бас таашаалтай.
13.40 цаг. Уулын зам. 4850 м.
Гималай биднийг бороо, цасаар үдэв. Уулын давааны энхэл донхол бус, харьцангуй тэгш замдаа орсон нь сайн хэрэг байлаа. Баруун цонхоор нар тусаж, гоёмсог үүлс нүүж байхад, зүүн талд нь үргэлжилсэн усархаг бороотой “хар” тэнгэр харагдана. 10 минутын дараа энэ бүгд өөрчлөгдөж ч мэдэх. Уулын цаг агаар гэж л энэ байх.
17.10 цаг. Хятад, Балбын найрамдлын зам. 4350 м.
Шороон “там”-аас гарлаа гэсэн чинь найрамдлын зам засварыг тойрох хэрэгтэй болов. Эверестийн хуаран руу ордог ёслолын хаалга гэж байдаг аж. Эндээс хуаран хүртэл 102 км зайтай. Ирэх оноос хуаран хүртэл шулуун бөгөөд илүү богино зам туулдаг болох гэнэ. Бид ч баахан сэгсчүүллээ.
18.30 цаг. Гьямцо-Ла даваа. 5248 м.
Өнөөдөр бид нар жаргаж, цаг агаар гайхалтай сайхан байхад энэ давааг давлаа. Нэг талаас, үзэсгэлэнт цагаан уулс, нөгөө талаас жаргаж буй нарны туяа гэрэлтүүлсэн үүлс харагдана. Оройтож яваа учир бууж зураг дарж чадсангүй. Даваан дээр гарахад их хүйтэн, амьсгалах аргагүй хүчтэй салхитай байв. Тиймээс зураг авах гэж гаралгүй, тайван суугаад байгалийн үзэсгэлэнт дүр зургийг харж суулаа.
21.50 цаг. “Лхатзе” зочид буудал. 4050 м.
Ээлжит нэг өдөр ингэж өнгөрлөө. Эверестийг харж, уулын баазад байж үзлээ. Хөтөлбөр амжилттай хэрэгжжээ. Сэтгэл их сайхан байна. Харин зочид буудал тавгүйтүүлсэн.
Бүтэн цаг болж байж буудалдаа орлоо. Цоож нь эвдэрхий, дээврээс ус гоожиж, шал нь бохир, усанд ордог онгоц нь цоорхой өрөө өгчээ. Хэл ам болж, сольж орсон гурав дахь өрөө арай дээр байсан ч цоож нь бас ажилласангүй, слесарь нь ирж засаж өгсөн. Ингээд усанд орох гэтэл халуун ус байсангүй. Эцэст нь люкс өрөөнд орсон нь зурагттай, “wifi”-тай, хамгийн гол нь шүршүүр нь ажилтай байв.