Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
2005 оны есдүгээр сард Сөүлийн төвд нээгдсэн Чонгичон голын амралт, зугаалгын бүс нь 25 сая хүнтэй их хотын төвд бий болсон усан парк, ногоон байгууламж бүхий содон бүтээн байгуулалт юм. Энэ нь явган зорчигчдод алхаж зугаалах, тухлан суух, тоглож наадах зай талбай гаргаж өгснөөс гадна өмнө нь байсан өндөр хурдны замыг ор мөргүй болгож, хотын төвийн өнгө төрхийг бүрэн өөрчилжээ.
Уг цогцолбор мөн Сөүл хотын төвөөр нэгэн цагт урсаж байгаад 1950-иад оны сүүлчээр өрнөсөн их бүтээн байгуулалтын улмаас амь тасарсан Чонгичон голыг сэргээсэн, түүхэн ач холбогдолтой ажил юм.
Чонгичон гол дахин урсаж эхлэхтэй хамт тэр үеийн Сөүл хотын захирагч И Мён Бакийн нэр хүнд ч өсчээ. Хожмоо БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр “Hyundai” компанийн харьяа барилгын томоохон компанид 30-аад жил ажилласан, тиймдээ ч Сөүл хотод сүүлийн 20-иод жилд өрнөсөн томоохон өөрчлөлтүүдийн гол эзэн, зарим тохиолдолд бүр буруутан нь мэт ойлгогддог нэгэн юм.
Харин Чонгичон голын амралт, зугаалгын бүс байгуулагдсанаар (нийт 900 сая ам.доллароор боссон уг цогцолборын ажлын тэн хагасыг “Hyundai” компани хариуцан гүйцэтгэжээ) И Мён Бак тэргүүтэй хотын захиргааны албан тушаалтнууд иргэдийн дунд нэр хүнд олоод зогсохгүй, Сөүл хот дотоод, гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын онцгой бүстэй болжээ.
Сөүлийн их сургуулийн Уран барилга, хотын хөгжлийн тэнхимийн профессор Ким Ёнг Миний хэлснээр Чонгичоны бүс нь автомашин, дэвшилт технологийн соёлыг эрхэмлэгч хот төлөвлөгчид болоод хот суурин газрыг явган зорчигч, энгийн иргэдэд илүү ээлтэй байх ёстой гэсэн үзэлтэй хөгжүүлэгчдийн хооронд өрнөдөг байнгын маргаан мэтгэлцээнд хариу барьсан бүтээн байгуулалт юм.
И Мён Бак 2001 оны сонгуулиар хотын дарга болжээ. Тэрбээр хотыг дахин төлөвлөнө, шинээр хөгжүүлнэ, Сөүлийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэсэн ам өчиг өгч сонгогдсон байна. Мөрийн хөтөлбөр нь хотын төвийг дайрдаг гол хурдны замыг үгүй хийх, өндөр хурдны автобусны сүлжээ байгуулах, хотын доторх жижиг “суурингууд”-ыг хөгжүүлэх зэрэг чухал ажлууд багтжээ.
Гэхдээ тэдгээрээс хамгийн чухал нь амь тасарсан Чонгичон голын урсацыг нөхөн сэргээх байлаа. Зорьж төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх эрхээ ялалтаараа баталгаажуулж авсан И Мён Бак ажилдаа ханцуй шамлан орсноороо “Бульдозер” гэх хоч нэртэй хүртэл болжээ.
Тэрбээр ийм нэр зүүсэн Сөүлийн хоёр дахь захирагч юм. 1960-аад оны сүүлчээр хотыг даргалж байсан Ким Хён Окийг цахилгаан барааны зах тэргүүтэй олон том бүтээн байгуулалт өрнүүлснийх нь хариуд мөн л түрэгч машинтай адилтгаж байж.
Чонгичон голыг сэргээхийг хотын иргэдийн 80-аад хувь дэмжиж байлаа. Гэхдээ энэ нь амар хялбар ажил биш байв. Сөүлийн барилгын салбар, хот төлөвлөлтийг олон жил сонирхон судалсан, “Korea times” сонины нийтлэлч Жон Данбарын ярьснаар Чонгичоны хурдны зам нь 40 жилийн турш хотын төвийн салшгүй хэсэг байсны дээр замыг тойрсон хэдэн зуун бизнес эрхлэгч, задгай захын наймаачдын хувьд амьжиргааных нь эх үүсвэр байсан гэнэ.
Тэд хотын шинэ удирдлагын шийдвэрийг эсэргүүцэж, И Мён Бакийг хэлэлцээний ширээнд урьсан байна. “Бульдозер” захирагч Чонгичоны худалдаа эрхлэгчдийг Дундэмүн цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу руу нүүлгэн шилжүүлж, түүнийг нь удахгүй том гэгчийн задгай зах болгоно гэж амлав. Гэвч тийм өөрчлөлт өнөө ч хийгдээгүй бөгөөд И Мён Бакийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Дундэмүн цэнгэлдэх хүрээлэн дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаж, удахгүй нураах барилгын тоонд багтжээ.
Чонгичоны амралт, зугаалгын бүс албан ёсоор нээгдэхийн өмнөхөн Сөүлийн төвийн дүүргийн Цагдаагийн газраас хотын захирагчийн орлогч Ян Ён Жэг баривчилсан байна.
Түүнийг Сөүлийн үндэсний их сургуулийн Байгаль орчны тэнхимийн профессор бөгөөд Чонгичоны төслийн удирдагч байхдаа буюу 2002-2004 онд тухайн бүсэд зөвшөөрөгдсөн барилгын өндрийн хязгаарыг зөрчсөн хувийн хэвшлийн компаниудаас нийт 100 мянган ам.долларын авлига авсан хэмээн буруутгажээ. Түүний гэм буруутай нь нотлогдож, таван жилийн ял сонссон ч Төрийн тэргүүн болсон хуучин дарга И Мён Бак нь түүнийг өршөөсөн аж.
Энэ мэт нийгэм, улс төрийн дуулианаас гадна байгаль орчинтой холбогдох нэлээд олон асуудал Чонгичоныг тойрон үүсчээ. Анхандаа бум бужигнасан хотын “ногоон” зүрх болно хэмээн сайшаагдаж байсан ч байгалийн урсац нь тасраад олон жил болсон голыг сэргээх нь зардал ихтэйн дээр хиг замгийг нь цэвэрлэх ажил хотын жилийн төсвийг 10-30 хувиар нэмсэн байна.
Ионсейн их сургуулийн Хотын хөгжлийн салбарын сургуулийн судлаач багш Юн Сён Пакийн тайлбарласнаар Чонгичон нь шат дараатайгаар, жам ёсны дагуу нөхөн сэргээгдсэн гол гэхээсээ хүний гараар бүтсэн хиймэл горхи, цементэн эрэгт хашигдсан усан оргилууртай илүү төстэй гэнэ. Усыг цэвэрлэх систем нь ч боловсронгуй биш гэдгийг тэрбээр мөн тайлбарлалаа.
Солонгос хэл, орон судлаач Матт Ван Волкенбург түүнтэй санал нэг байна. Тэрбээр Чонгичоныг сэрээсэн явдал нь олон хүний төсөөлж байгаачлан хуучны сайхан цагийг буцаан авчирсан хэрэг биш, хурдны зам тавигдахын өмнөх Чонгичон гол хотын дундуур урсаж асан ил задгай муу усны суваг, хогийн цэг төдий байсныг онцлов. 1890-ээд онд Сөүлд хөл тавьсан Английн аялагч Изабелла Бөрд Бишоп мөн энэ тухай тэмдэглэсэн байдаг аж.
Тэрбээр “Хотын хамгийн үзэж харууштай газрын нэг гэгддэг энэ гол үнэн хэрэгтээ сааралтаж, ногоорсон муу ус байна” гэж бичжээ. Тэрхүү муу усыг зайлуулж, үгүй хийсэн ямар ч ажил онцгой бүтээн байгуулалтад тооцогдох нь мэдээж. Тиймдээ ч Чонгичоны хурдны замын ажил олон жилийн хойно түүнийг нураах үеийнх шиг эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан нь үгүй юм.
Өдгөө Чонгичоны амралт, зугаалгын бүсэд тоглож наадах хүүхэд, залуус, гэр бүлээрээ салхилж яваа хүмүүс, нарлаж суугаа хөгшид, хөтлөлцөн алхах хосууд, олныг баясгах гудамжны хөгжимчдийг харахад дээрх сул талууд нь үл анзаарагдана. Энэ газар хэдийгээр яаран сандран баригдсан, авлигын хэрэг, соёлын өвийн устгал зэрэгтэй холбогдсон ч аль хэдийнээ Сөүл хотын чухал хэсэг болжээ.
Сүүлийн 10 жилд цементэн эрэг бүхий шинэ Чонгичон голын эргээр зүлэг ногоо, мод бут нэмэгдэж, өмнөхөө бодвол хавьгүй байгалийн шинж төрхтэй харагдах болж. Ван Волкенбург нарын мэргэжилтнүүдийн онцолж буйгаар Чонгичон нь XXI зууны Сөүлийн гол нэрийн хуудас болохоос гадна дотоодын гол, нууруудаа алдсан Лос-Анжелес тэргүүтэй олон том хотод үлгэр жишээ болох бүтээн байгуулалт юм. Тэрбээр Чонгичон шиг хүрээлэнгүүд их хотын зүрхийг усалдаг хэмээлээ.