Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Палестиний эзлэгдсэн бүс нутаг Баруун эргийн дов толгодын дунд сүндэрлэх Раваби хот нь зовж зүдэрсэн палестин түмнийг тосож байж мэдэх гэрэлт ирээдүй болоод тэдний даван туулах учиртай зовлон бэрхшээл бүрийн жижгэрүүлсэн хувилбар гэлтэй харагдана. Хагас зуун жилийн турш цэргийн дэглэм дор байсан тус бүс нутгийн анхны нарийн төлөвлөгөөт хот Равабийг Башер аль-Масри хэмээх хүн санаачлан байгуулжээ.
Аль-Масрийн багт ажилласан залуухан инженер эмэгтэйчүүдийн нэг Шадия Жарадат хотын бүтээн байгуулалтад одоо ч оролцдог. Тэрбээр 1.2 тэрбум ам.доллароор боссон Равабийг дуу шүлэг дэх мөрөөдлийн газраас орчин цагийн хот болох хүртэл нь ажиллаж, уг хотыг гэрээ болгожээ. Нөхөрт гартлаа эцэг эхтэйгээ байж, дараа нь хадмындаа насан эцэсэлтлээ амьдардаг палестин эмэгтэйчүүдийн дунд түүн шиг өөрийн гэсэн орон сууцтай хүн ховор. Шадия Жарадат Равабийн онцлог шинж бүрийг хувьдаа шингээжээ. Тэр бол залуухан, боловсролтой, мэргэшсэн, бие даасан эмэгтэй. Харин Раваби бол орчин үежсэн, цэвэр цэмцгэр, дэвшилт технологи бүхий шинэ хот. Жарадат хэмээх бие хүн, Раваби гэх хотын аль аль нь палестин түмний өнгөрч улирсан бүхнээсээ салж хагацахын түүс болж буй энэ цаг үеийн дүр төрхийг илтгэж байна.
Раваби нь арабаар толгод гэсэн утгатай. Хотыг барьж байгуулах ажил 2012 онд эхэлснээс хойш энд 700 гаруй орон сууц зарагджээ. Харин анхны оршин суугчид нь өнгөрсөн намар л шинэ байрандаа орсон байна. Хотыг төлөвлөгч, бүтээн байгуулагчдын тооцоогоор Раваби нь төвдөө 25 мянга, хожмоо нийт 40 мянга гаруй хүн амьдран суух хот болох юм. Уг хот бол хот төлөвлөгч бүрийн мөрөөдлийн төсөл бөгөөд дайн дажны хөлд өртсөн Палестиний эмх замбараагүй, нурж сүйдсэн, шуугьж бужигнасан хотуудаас эрс ялгарна. Равабийн орон сууцны барилгууд Библийн сударт дурдагддаг Баруун эргийн түүхэн газруудын ардхан байрлажээ. Тэдгээрийн дээгүүр олзоо эрэх шувууд үдшийн алтан шаргал туяанд элин хальж үзэгдэх нь нэн үзэсгэлэнтэй. Хотын хамгийн өндөрлөг газраас 25 бээрийн алсад байх Тель-Авив хотын харалдаа цаана Газар дундын тэнгис мэлтэлзэн үзэгдэнэ.
Равабийн орон сууцны хорооллууд явган хүний зам, модот цэцэрлэг, иргэдийн тухлан суух талбайгаар холбогдох бол тэдгээрийн дундуур автомашин явахыг хориглодог. Хотын хувийн тэрэгтэй иргэд нэг бол гадаад зам гэгддэг төвийн засмал замаар, үгүй бол байшингуудын дор байрлах автомашины зогсоол тийш хөтлөх туслах замуудаар л машинтайгаа зорчино. Орон сууцны хороолол бүр тус тусын хүүхдийн тоглоомын талбай, гадаах бэлтгэлийн төхөөрөмжүүдтэй, тэдгээрийг тойрсон жижигхэн усан оргилуур, вандан сандалтай. Харин стандартын дагуу баригдсан орон сууцнууд нь хамгийн сүүлийн үеийн загвар шийдэл бүхий ариун цэврийн өрөө, гал тогооны иж бүрдэлтэй. Равабийн хамгийн жижиг зай талбайтай, хоёр өрөө орон сууцны үнэ ойролцоогоор 65 мянган ам.доллар. Харин унтлагын дөрвөн өрөөтэй орон сууц дунджаар 150 мянган ам.доллар байна. Орон сууцны барилгуудын хамгийн дээд давхарт байх үүнээс үнэтэй орон сууцны байр мэр сэр байх ч Равабийн үл хөдлөх хөрөнгүүд Баруун эргийн улс төр, эдийн засгийн төв болох ойролцоох Рамалла хотынхоос бараг 25 хувь хямд юм.
Хотын төвд хэд хэдэн зоогийн газар, кафе, кино театр, уулзалтын танхим, урлаг соёлын цогцолбор шинээр байгуулагджээ. Харин Шадия Жарадатын хэлснээр “Mango”, “Zara” зэрэг олон улсын брэнд компаниуд одоохондоо Баруун эрэгт салбараа нээх бодолгүй буйгаа илэрхийлсэн байна. Равабид одоогоор исламын болон христийн сүм шиг элбэг зүйл алга. Мөн хотын зах дахь аж үйлдвэрлэлийн бүс нь гойд хурдан хөгжиж байна. Ерөнхий боловсролын нэг сургууль ашиглалтад орсон бол нөгөө нь баригдаж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид Арабын аль ч орны банкны төлөөлөгчтэй уулзаж, санхүүгийн зөвлөгөө авч болохоор болжээ. Саяхнаас Равабийн өнгө төрхийг чимэх болсон нэгэн онцгой бүтээн байгуулалт бол 12 мянган хүний суудалтай амфитеатр юм. Энэхүү задгай театрын хажууханд мөн хөлбөмбөгийн талбай, усан парк барихаар төлөвлөжээ. Эдгээр нь цөм Равабийг хүн бүрийн очиж үзэхийг, бүр амьдрахыг мөрөөддөг хүсэмжит хот болгох зорилготой юм.
Гэвч Равабийг байгуулах төсөл 2007 онд батлагдсанаас хойш бүх зүйл төлөвлөсний дагуу явагдсан удаагүй гэнэ. Хотыг санаачлан байгуулагч, Америкт бизнес эрхэлдэг Палестиний уугуул Башер аль-Масрийн хэлснээр барилгын ажил 2012 онд саадгүй эхэлж, эхний орон сууцнууд 2013 оны сүүлчээр ашиглалтад орсон ч 2015 оны эхэн гэхэд тэрбээр дампуурлын ирмэгт тулжээ. Үүний гол шалтгаан нь усны хомсдол байж. Израиль улс Баруун эргийг 50 жилийн өмнө анх эзлэхдээ усных нь нөөцийг мөн хяналтандаа авсан байна. 1993 онд батлагдсан Ослогийн тунхагийн дүнд Израиль, Палестиний дунд усны нөөцөө хамтран эзэмших тухай хууль батлагдсан ч палестинчууд Баруун эрэг доторх усны хангамжийг хариуцаж, израильчууд нийлүүлэх усны хэмжээг тогтоож иржээ. Уг журам ёсоор Равабийн усны хангамжийг дээрх хуулиар зохицуулах ёстой байж. Гэтэл улс төрийн тодорхойгүй нөхцөлөөс болж олон ч тээг саад тулгарчээ. Аль-Масри арга барагдахдаа орон орны бизнесмэн, улстөрч найз нөхөд, танил хүмүүстээ хандсаны дотор Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Равабийг барьж байгуулах төслийг дэмжиж ихэд тус хүргэсэн байна. Түүний оролцоотойгоор шинэ хотын усны хангамжийг зохицуулах журам 2015 оны гуравдугаар сард батлагджээ.
Уснаас гадна өөр нэг хүндхэн бэрхшээл байсан нь газар нутгийн маргаан юм. Равабийн нутаг дэвсгэр бүхэлдээ Баруун эргийн А хэсэгт байрлах ч уг хэсгийн ердөө 18 хувь нь Палестиний бүрэн мэдэлд байдаг. Гэтэл хот руу нэвтрэх гол зам С хэсэгт байрладаг бөгөөд уг бүсийн 60 хувь нь Израилийн харьяанд хамаардаг аж. Уг асуудлыг шийдэхийн тулд Аль-Масри Израилийн эрх баригчидтай удаа дараа хэлэлцээ хийж, хот руу хөтлөх шинэ зам тавиулжээ. “Шинэ замын асуудлыг бид Цагаан ордонд ярилцсан. Америкийн Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл байлцаж байж шийдсэн асуудал юм шүү” хэмээн аль-Масри ярив. 2012 онд сая нэг шийдэгдсэн мөнхүү замын асуудлыг одоо ч жил бүр хэлэлцэж, шинэчлэн баталдаг байна.
Аль-Масрийн хэлснээр хот руу нэвтрэх гол замыг өргөсгөж, уртасгах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Гэтэл Израилийн тал зөвшөөрөл өгөхгүй байгаа нь хотын барилгын явцад ч, шинэ орон сууц худалдан борлуулахад ч маш сөргөөр нөлөөлж буй гэнэ. Эдгээр шалтгаанаар Равабийг бүрэн гүйцэд ашиглалтад оруулах хугацаа бүтэн гурван жилээр хоцорч яваа бол зардал мөнгө нь 150 сая ам.доллараар дутаад байна. Гэсэн ч хувь хүмүүсийн хичээл зүтгэлээр уг төсөл хөсөр хаягдчихалгүй өдий хүрчээ. “Дэлхий дээрх өөр нэг ч хот Раваби шиг санхүүгийн хувьд хувь хүмүүсээс бүрэн хараат биш. Хувиараа бизнес эрхлэгчид бид хотынхоо ус зайлуулах хоолойноос эхлээд сургууль, харилцаа холбоо, эрчим хүч, зам, мөргөлийн газар гээд юм бүхнийг өөрсдийнхөө мөнгөөр бүтээлээ. Заримдаа урам хугарч, шантардаг л юм” хэмээн аль-Масри ярилаа.
Тэрбээр Палестиний үндэсний засаг захиргаатай 2008 онд гэрээ хэлэлцээ хийж, эрх баригчдаас хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд 140 сая ам.доллар гаргуулахаар тогтжээ. Гэсэн ч тэр их мөнгө одоо ч Равабийг хөгжүүлэгчдийн гарт ирээгүй байна. Палестиний үндэсний засаг захиргаа хотын аюулгүй байдлыг ч бүрэн хариуцдаггүй аж. Харин Аль-Масрийн хэлснээр энэ нь Палестиний албаны хүмүүсээс болоогүй, Израилийн эрх баригчид тэдэнд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. “Би л хотынхоо ганц цагдаа нь юм даа” гэж тэрбээр хошигнон хэлэв.
Өдгөө 55 настай Башер аль-Масри нэгэн цагт Баруун эргийн арилжааны төв байсан Наблус хотод төрж, өсчээ. Тэрбээр Палестиний хамгийн чинээлэг, нэр нөлөөтэй гэр бүлийн гишүүн бөгөөд авга ах нь Палестиний загалмайлсан эцэг гэгддэг бизнесмэн, хүмүүнлэгийн үйлстэн Муниб аль-Масри аж. Америкт 10 гаруй жил амьдарч, суралцсаныхаа дараа 1990-ээд оны дундуур нутагтаа эргэн ирсэн тэрбээр Баруун эрэг болоод Гаазын зурвас, Зүүн Иерусалимыг эзэлсэн Израилийн дэглэмийг биеэр туулж, Палестиний тусгаар улс байгуулах найдвар тасрахыг нүдээр үзжээ. Тиймээс палестин түмэнд үлдэх зүйл бүтээе гэхдээ өдөр тутмын сонин байгуулж, Палестиний эдийн засгийг сэргээхийн тулд жижиг, дунд бизнесийг дэмжин, эцэст нь шинэ хот байгуулахыг зорьсон байна. Түүний хэлснээр Раваби нь Палестинийг нэгэн цагт тусгаар тогтносон улс болохыг бэлгэдсэн, палестинчуудыг бүгд алан хядагч биш гэдгийг дэлхий дахинд харуулах нотолгоо юм.
Аль-Масри олон улсын хот төлөвлөгч, уран барилгачдыг цуглуулан, Катараас хөрөнгө оруулагчид татаж, Израилийн иргэдээ суулгахаар төлөвлөөд байсан өргөн тэгш дэвсэгтэй толгодыг худалдан авчээ. Түүний гол мөрөөдөл нь Палестиний хотуудыг дэвшилт технологийн төв болгох, улмаар Палестинийг Израилийн эзлэн түрэмгийллээс хамгаалах байлаа. Гэвч Равабийг ганц хүний хувийн эзэмшил, байр сууцнууд нь олонх палестин хүний хэр чадлаас давсан үнэтэй гэж шүүмжилцгээх нь бий. Аль-Масрийг мөрөөдлийн хотоо байгуулахын тулд израильчуудад тал засдаг гэж дургүйцэх хүмүүс ч байх. Харин Аль-Масри энэ мэт шүүмжлэлийг тоодоггүй. “Палестиний барилга байшингийн 99.9 хувь нь израиль цементээр баригдсан шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад израильчуудтай тохиролцох л хэрэгтэй” хэмээн тэрбээр ярилаа.
Гэхдээ Израилийн эрх баригчдын тогтоосон элдэв саад хориг, иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлээс илүү Баруун эргийн аюулгүй байдал Равабийн бүтээн байгуулалтад чөдөр тушаа болж байна. Аль-Масрийн хэлснээр аливаа хот сууринг юуны урьд худалдаа арилжааны бүс болгож, бизнес эрхлэгчид таацуулан байгуулдаг байхад Раваби нь эхлээд юм юмтай хот болж, дараа нь худалдаа эрхлэгч, наймаачдыг татах гэж хичээж буй нь содон үзэгдэл юм.
Шинэ хотын ачаар мянга мянган хүн ажлын байртай болсныг мөн тэмдэглүүштэй. Равабид ажил, орлоготой болсон тэр олон хүний тэн хагас нь эмэгтэйчүүд байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Дөнгөж 20 шүргэж яваа хоёр охинтой Аль-Масри Палестиний нийгэмд эмэгтэйчүүд хүчирхэг байх ёстой гэж боддог. Энэ нь зөвхөн хүйсийн тэнцвэрт байдал, ажлын байртай холбоогүй гэнэ. “Би Равабийг зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй. Энэ хот бол Палестинийг хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх сайн цагийн бэлгэдэл юм. Өрж тавьсан даалуу яаж бие биеэ даран нурж унадаг билээ. Тэр эхний даалуу нь Раваби байгаасай гэж хүсэж байна” хэмээн Аль-Масри ярив.