Хөлсний алуурчин асан Эдгар Матобато Филиппиний Сенатад үг хэлэхдээ тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертег олон хүний амийг шүүлгүйгээр хороосонд буруушаав. Түүний хэлснээр, одоогийн Төрийн тэргүүн 1988-2013 онд Давао хотын дарга байхдаа мансууруулах бодис хууль бусаар наймаалагч, хүчингийн хэрэгтэн, хулгайч дээрэмчин гээд 1000 орчим хүний амийг хороох захиалгыг биечлэн өгдөг байжээ. Зарим хүнийг матрын хоол болгож, бусдыг нь далайд хаясан гэнэ. Үүний сацуу одоо Давао хотын дэд даргаар ажиллаж байгаа, Ерөнхийлөгчийн хүү Паоло Дутертетэй муудалцсан бизнес эрхлэгчид ч амь насаа алдсан гэнэ.
1993 онд христийн сүмд дэлбэрэлт болсны дараа Родриго Дутерте исламын сүмд халдлага үйлдэх ажлыг зохион байгуулсан бөгөөд террор үйлдэх гэж байсан хэмээн нэг мусульманы амийг хороох үүрэг өгч байжээ. 57 настай Эдгар Матобатогийн хүлээн зөвшөөрснөөр, Дутерте улс төрийн өрсөлдөгчдөө ч хороолгож байсан гэнэ. Тухайлбал, Сенатын дарга асан Просперо Ногралесын дөрвөн туслах, радиогийн сэтгүүлч Жун Палаг устгуулжээ. 2009 онд тэр үеийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга, одоо сенатч хатагтай Лейлу де Лиму Дутертег хүмүүсийн амийг олноор нь хороосон хэмээн шүүмжилснийхээ төлөө амиа алдах шахсан байна.
Родриго Дутерте өөрийг нь буруушаасан хэргийг урьд нь няцаасан шигээ Эдгар Матобатогийн хэлсэн үгийг ч тоогоогүй аж. Харин хэвлэлийн төлөөлөгч нь тайлбар өгөхдөө хэдэн жилийн өмнө хүний эрхийн комисс мөрдөн шалгалт хийсэн бөгөөд ямар ч нотолгоо олоогүй болохыг сануулжээ.
Энэ оны зургадугаар сарын 30-наас Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн Родриго Дутерте терроризмтэй тэмцэх дуулиант хөтөлбөр болон бусад улсын улстөрчийн талаар доромж үг хэлдгээрээ алдаршсан нэгэн. Түүнийг үүрэгт ажилдаа орсноос хойш мансуурагч, мансууруулах бодис наймаалагч гэгдсэн 3000 орчим хүн шүүхээр дамжилгүйгээр амиа алджээ. Гэмт хэрэгтэй хатуу аргаар тэмцэж буй Дутертег хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага “үхлийн батальоны дарга” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр сонгуулийн өмнөх амлалтдаа цагдаагийн эрхийг эрс өргөжүүлж, цаазаар авах ялыг сэргээхээ мэдэгдсэн аж.