Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”- той болно.
Маврикийн нийслэл Порт Луигийн зах дахь дэвшилт технологийн төв Киберсити нэртэй цогцолбор нь тус хотын дагуул хот Ибений худалдаа зээлийн төв болон хүнсний хамгийн том задгай захаас ердөө 300-гаад метр зайд оршдог.
Гэвч уг цогцолборын шил толь болсон, зуйван хэлбэрт “Кибер 1” цамхгаас хамгийн ойр орших дэлгүүр, зоогийн газрууд руу хүрэхэд төөрчихгүй бол багадаа 20-иод минут алхана. Явганаар хамгийн дөт зам нь зорчигчийг машины олон арван зогсоол, худалдаа, үйлчилгээний газар болон Маврикий арал дээрх хамгийн том бизнесийн газруудын хажуугаар хөтөлдөг.
Хот төлөвлөлт талаасаа асар том алдаа гэгддэг ч орчин цагийн ажлын байр, албан тасалгааны орчин ахуйг Маврикийд цоо шинээр таниулж өгсөн Киберсити нь тус улсын Засгийн газраас 2001 онд хэрэгжүүлсэн дэвшилт технологийн цогц хөтөлбөрийн хүрээнд байгуулагджээ.
Тэрхүү хөтөлбөр нь харилцаа, мэдээллийн салбарыг улс орон хөгжих таван тулгуур үндсийн нэг гэж үзсэн Засгийн газрын бодлогоос эхтэй юм. Өдгөө дундаж давхаргын, боловсрол мэдлэгтэй 25 мянга орчим хүн Ибений Киберситид ажиллаж байна. Орчин тойронтойгоо нягт уялдаагүй, нийтийн тээвэр хөгжөөгүй, машины зогсоол хомс, бүр заримдаа явган хүн хүрэхэд ч амаргүй гэгддэг хэдий ч уг бүтээн байгуулалт Маврикийд орчин цагийн олон шинэлэг зүйл авчирсан нь хөдөлбөргүй үнэн юм.
Тус улсад 20 гаруй жил амьдарч буй, Шотландад боловсрол эзэмшсэн Английн уран барилгач Росс Макбетийн хэлснээр Ибен хот нь хэдий төгс төгөлдөр биш ч, урьд байсан Маврикийн бүх л бүтээн байгуулалтаас хамаагүй дээр гэнэ.
Маврикийн хамгийн орчин үеийн гол хоёр хурдны замын нэг M1-ээс өмнөд зүгт 15 орчим км зайд байх, өмнө нь чихрийн нишингийн талбай байсан газарт сүндэрлэсэн Ибен нь өндөр хурдны интернэтийн сүлжээг түгээх, нийт 64 га эзлэх хотхон маягаар анх байгуулагджээ. Маврикийд интернэт гэдэг ердөө 10-аадхан жилийн өмнө нүдний гэм байж.
Ибенд гэрэл цахилгаан тасарлаа гэхэд нөөц станц байдаг нь бизнес эрхлэгчдийг эндхийн кибер цогцолбор руу татдаг байна. Энэ нь Маврикий арлыг Африкийн эх газраас хэдий хол оршдог ч Африкийн харилцаа холбоо, мэдээллийн төв байрлах онц чухал газар болгожээ. Чухам энд бүхэл бүтэн тивийн цахим сүлжээний нэгдсэн сан байрладаг.
2001 оноос хэрэгжсэн дэвшилт технологийн цогц хөтөлбөрийн эхний шатанд 12 давхар “Кибер 1” цамхаг баригдсан байна. Уг цамхагийг Энэтхэгийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын компаниуд гардан барилцжээ.
Маврикийн бизнесийн хүрээлэнгүүдийн нэгдсэн холбооны (БХНХ) удирдах зөвлөлийн гишүүн Кумарэн Четтигийн ярьснаар хөтөлбөрийн хүрээнд баригдах дараагийн томхон барилгуудын ажилд зөвхөн нутгийн уран барилгач, барилгын компаниудыг дайчлах гэнэ.
Хоёр дахь арван жилтэйгээ золгож буй Киберсити нь өдгөө хөгжингүй болон хөгжиж буй орнууд дахь төлөвлөгөөт хотын хөгжлийн ялгааг тод харуулах үлгэр төдийгүй алдаа мадгаас нь санаа авах сургамжтай газрын нэг болжээ. Дэлхийн хотууд улам бүр өргөжин тэлж ухаалаг, ногоон хотын хэв маягт шилжихийг хичээж буй энэ үед Африкийн энэхүү бяцхан арал улс ухаалаг хотын стандартыг шинэчлэн тогтоож ч мэдэх юм.
Парис дахь Европын бизнесийн дээд сургуулийн профессор Бертран Монжуны хэлснээр Америк, Европт хуучны хотуудыг дэвшилт технологитой холбохыг, магад шинээр төлөвлөхийг ухаалаг хот болголоо гэж үзэж буй бол Ази, Африкийн орнуудад, түүний дотор Маврикийд цоо шинээр бүтээн байгуулсан, анхнаас нь нарийн төлөвлөсөн хотыг л ухаалаг, хөгжингүйд тооцож байна.
Ази, Африкийн хуучны хотууд гол төлөв утаа тортог, үймээн бужигнаантай, мөн нийгмийн тэгш бус байдал үүх түүхийнх нь салшгүй хэсэг байж ирсэнтэй энэ нь холбоотой юм.
Өмнөд Африкийн нэртэй хот төлөвлөгч Рашик Фатаар ч үүнтэй санал нэг байна. Хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийнхэнд ялангуяа шинээр бүрэлдсэн орчин нөхцөл хэрэгтэй байдаг. “Ирээдүйн хотууд” хэмээх бизнесийн зөвлөх байгууллагыг тэргүүлдэг тэрбээр Африкийн энэхүү шинэ чиг хандлагыг гэвч олон нийтэд гэхээсээ цөөн тооны элитүүдэд л ашиг тустай байж мэднэ гэдгийг анхааруулж байна.
Ибен л гэхэд барилга байшингууд нь дутуу баригдсан, дөнгөж хөгжиж эхэлж буй хот гэхээсээ орхигдож мартагдсан төсөл аятай харагдаж буй нь анхнаасаа том хот байхаар төлөвлөгдөөгүй, эрх мэдэлтэй хэдэн хүний санаачилгаар бүтсэн кибер төв болохтой нь холбоотой юм.
Тус хотын дийлэнх барилга дунджаар 10 давхар ч ерөнхий нягтрал нь Маврикийн хаа сайгүй байх дан нэг давхар байшин барилгатай дүүрэг, хорооллуудаас хавьгүй бага байгаа нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаагүйг илтгэнэ. Эндхийн зарим хэсэгт чийглэг бүгчим агаар, хуучирч муудсан агааржуулагчаас ялгарах тоос тортог хүнсний захын эвгүй үнэртэй нийлэн их л таагүй уур амьсгал үүсгэдэг.
Ибен хотын гол нэрийн хуудас “Кибер 1” цамхгийн ойр орчим хүртэл түр зуурын борооноор усанд автах нь олонтаа. Борооны улирлаар албаны, цэвэрхэн хувцастай, автобусны буудал дээр зогсох хүмүүст нөмөр, халхавч ч олдохгүй байх тохиолдол бий. Харин хүлээж хүлээж суух унаа нь өндөр шаттай, зай багтаамж муутай, цөөхөн сандалтай хуучны автобус байх. Гэхдээ энэ мэт сул талтай ч Ибен хот 1.3 сая хүнтэй Маврикийн хотжилтод гол загвар жишээ болжээ.
2014 оны сүүлчээр үүрэгт ажилдаа орсон тус улсын шинэ Засгийн газар хэд хэдэн ухаалаг хот шинээр барихаар төлөвлөөд байна. Тэднээс хамгийн том нь болох 115 га газар нутаг бүхий Хэритиж сити нь Ибений загвараар баригдаж буй бөгөөд төр захиргааны бүх л байгууллагыг төвлөрүүлэх, төрийн бүх албан хаагчдын суух орон сууцны цогцолбор байх хот болох юм.
Маврикийн эрх баригчид ухаалаг хот л улсынх нь хөгжилд тээг саад болж буй бүхнийг үгүй хийнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Уналтад ороод удаж буй барилгын салбараас эхлээд гадаадын, туршлагатай мэргэжилтнүүд болоод тэдний хөрөнгө мөнгийг татах хүртэлх, улс орны эдийн засаг, ирээдүйд хэрэгтэй олон чухал зүйл хотын хөгжлөөс эхтэй гэж тэд үзэж байна.
Гэхдээ Маврикийн парламентад цоо шинэ хот барихаас илүү одоо байгаа хотуудаа хөгжүүлж, ухаалаг болгоход анхаарах хэрэгтэй гэсэн бодолтой гишүүн олон байгаа аж. Тэд арлын энд тэнд хагас дутуу баригдсан байшин барилга олон байгааг, ард түмний татварыг хэзээ дуусах нь үл мэдэгдэх ажилд зарцуулж буйг эсэргүүцдэг. Маврикийд өдгөө ухаалаг гэгдэх долоон ч хотын барилгын ажил эхэлсэн ч одоогоор бүгд зогсоод байна.
Маврикийн Социалист намаас парламентад сонгогдсон долоон гишүүний нэг, эрх баригч намын ухаалаг хотын төслийг эсэргүүцэгч албан ёсны хамгийн том хөдөлгөөний удирдагч Адийл Амир Миагийн хэлснээр тэр их мөнгөөр нийслэл Порт Луигийн өнгө төрхийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй байжээ.
Шинэ ухаалаг хотуудын төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 563 сая ам.доллар шаардлагатай байгаа аж. Энэ их мөнгөний нэлээд хувийг Саудын Арабаас зээлэх гэнэ. Энэ нь Маврикийн шинэ хотууд Ибен шиг “хагас” ухаалаг болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Мөн Амир Миагийн онцолсноор Маврикийд шинэ хот олноор байгуулах нь өнөөхөндөө нүдээ олоогүй бүтээн байгуулалт бөгөөд хэрэгцээ шаардлага бий эсэхийг сайтар судлах хэрэгтэй юм. Африкийн олон оронтой харьцуулахад Маврикийн хүн амын өсөлт бараг зогсонги байдалд буй. Жилд 10 мянга хүрэхгүй шахам гэрлэлт бүртгэгддэг гэхээр тус арал улсад гадаад, дотоодын оршин суугчдын тоо үргэлж нэг хэвийн байгаа гэсэн үг.
Түгжрэл ихтэй, нарийхан зам, барилгын ажил явагдсан хэвээр байгаа ундуй сундуй орчин одоохондоо Ибен хотыг тодорхойлж буй ч “Кибер 1” цамхаг Африкийн хамгийн амжилттай хөгжсөн ганц кибер хотын ирээдүйг өөдрөгөөр зөгнөх итгэл найдварын илэрхийлэл болж байна. Харин Ибений хажууханд баригдаж буй Хэритиж ситийн байр байдал хүн бүрийн санаанд нийцэх хот байгуулах нь амаргүй болохыг хот төлөвлөгчдөд сануулна.