Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Мьянмар оронд ардчилсан засаг тогтож, 1962 оноос хойших иргэний Засгийн газар анх бүрдсэний дараа багагүй хугацаа өнгөрчээ. Нобелийн шагналт Аунг Сан Сү Чигийн тэргүүлсэн нам засгийн эрхэнд гарснаас зургаан сарын дараа гэхэд нийслэл Янгон хот нь асар том барилгын цэг болсон нь тус улс томоохон өөрчлөлт шинэчлэлийн эринд тулсны наад захын баталгаа юм.
Ирэх 20 жилийн дотор хүн ам нь хоёр дахин өсөж, 10 саяд хүрэх төлөвтэй байгаа энэ хотыг олон улсын хөрөнгө оруулагчид одоо Азийн “сүүлчийн том зах зээл” хэмээж байна. Үүх түүхийн хувьд ч, амьдран суугаа хүмүүсийнх нь аж байдлын хувьд ч ихэд эмзэг, доройд тооцогдох Янгон хот өмнө нь олны анхааралд ингэтлээ өртөж байсангүй.
2012 онд байгуулсан Янгоны өвийг хамгаалах сангийн тэргүүн Дау Мо Луиний хэлснээр хотын хамгийн алдартай газар Шведагон Пагода хэмээх аварга алтан суваргыг хараачлан баригдах барилга байгууламж өдөр ирэх тусам нэмэгджээ. Энэ нь явсаар үзэсгэлэнт суваргыг хотын хаанаас ч харагдахгүй болтол халхлах шинжтэй.
Эрх мэдлээ зугуухан шилжүүлж буй ч гар хоосон буцах хүсэлгүй цэргийн эрх дархтануудын оролцоотойгоор нийтийн өмчийн газруудыг хурдтай хувьчилж буй, түүхэндээ нэг ч удаа мастер төлөвлөгөөтэй байгаагүй Янгоны хөгжилд энэхүү эмх замбараагүй байдал сөргөөр нөлөөлж мэдэх юм.
Пансодан гудамжинд орших тус сангийн төв байрнаас аль ч зүг рүү алхсан Дау Мо Луиний чухам юуны учир төрөлх хотынхоо ирээдүйд санаа зовниж байгааг ойлгож болно. Тус хотын төв хэсэг хэдийгээр гял цал, сэтгэл татам ч, колоничлолын эринээс үлдсэн хуучны барилга байгууламжууд нь сүр жавхаатай үзэгдэх ч задгай талбайн музей адил байр байдал нь орчин тойронтойгоо авцалдаагүй, хэзээ мөдгүй сүйдэж үгүй болох мэт харагдана.
Хотын төвөөс уруудахад Багдадын еврей худалдаачдын 1906 онд барьсан итали хийцийн шаргал өнгөтэй хуучин барилгууд тосно. Тэдгээр барилга Английн Ланакшерт үйлдвэрлэсэн ган хөндлөвч, Манчестераас авчирсан шалтай, герман шар айрагнаас эхлээд египет янжуур, англи амттан хүртэл төрөл бү рийн бараа худалддаг дэлгүүр хоршоотой юм. Эндхийн ойр орчим нэгэн цагт Янгоны арилжаа наймааны төв байжээ.
Мьянмарын анхны цахилгаан шат чухам энд л байв. Харин тэр шат нь одоо хэдийнэ эвдэрч, гаднах гүйдэг сараалжин хаалга нь зэвэрчээ. Барилгуудын хана туурга мөөгөнцөрдөж, ойролцоох гүний худаг нь хүртэл хогийн цэг болсон байна. Гэвч эдгээр барилгыг ашигласаар байгаа. Хоёрдугаар давхрын цонхгүй умгар өрөөнүүдэд нь хуульч, өмгөөлөгчид суух бол нэгдүгээр давхарт нь уран зургийн галерей ажиллана. Саяхан нэг буланд нь япон хоолны газар нээгджээ. Энд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хэлэх нь эдгээр барилгыг сүүлийн 50 гаруй жил засаж тордоогүй аж.
Янгоны өвийг хамгаалах сан энэ мэт байгууламжуудын урьдын өнгө төрхийг сэргээхээр ажилладаг. Гэхдээ энэ нь амаргүй ажил юм. Энэтхэг, британичуудын ноёрхол, Японы эзлэн түрэмгийлэл, юм бүхнийг төрийн мэдэлд авсан цэрэг армийнхны дарангуйлал, эцэстээ нуран унасан цэргийн дэглэм нь Янгон хотыг эзэнгүй, олон талаар ярвигтай болгожээ.
Эзэнгүй хэмээсний учир нь барилга байгууламжуудын өмчлөлийн асуудалтай холбоотой. Байшин барилгын өмчлөлийн гэрчилгээ, баримт бичиг сэлт нь нэг бол шоргоолжинд идэгдсэн, үгүй бол 2008 оны гамшигт шуурга Наргисын үеэр алдагдсан гэх нь олонтаа.
Худалдаа, үйлчилгээний дээрх барилгууд шиг хуучны байгууламж, байгалийн гамшигт сүйдэж хоцорсон байшингууд Янгонд олон. Хотын шүүхийн байр гэхэд флоренц маягийн бөмбөгөр оройтой, Мьянмарыг Британийн Бирм гэгдэж байх үеийнх бөгөөд тал талаасаа хогийн ургамалд баригджээ. Цэргийн дэглэмийнхэн Янгоныг зөнд нь орхисон нь шүүхийн байрны дүр байдлаас харагдана. Армийнхныг засгийн эрхэнд байх үед хотын иргэдийн ердөө тэн хагас нь л усны шугам сүлжээтэй холбогдсон байв. Эрчим хүч ч мөн хүртээмж муутай, гэрэл цахилгаан байнга тасардаг байж.
Хотын гол замуудыг 1990-ээд онд өргөтгөсөн ч замын хөдөлгөөнийг бууруулж, авто машины урсгалыг зохицуулахад дорвитой ажил хийгээгүйгээс гойд өөрчлөлт байсангүй. Мөн олны хөдөлгөөнийг байнга хянах гэдэг, нийтийг хамарсан жагсаал цуглаанаас сэрэмжилдэг цэрэг армийнхны хувьд өргөн, сайжруулсан зам гэдэг аятай зүйл байгаагүйгээс зам харгуй сайжруулах тал дээр төр, засаг дахин юу ч хийгээгүй байна.
Чухам үүнээс болж Янгоныг хөгжүүлэгчид одоо дэд станц, усны шугам сүлжээ, орон сууцны хороолол, албан байр, худалдааны төв, сайжруулсан шинэ зам зэрэгтэй цогц бүс байгуулахаар мэрийж буй аж. Иймэрхүү төслүүдээс хамгийн өргөн далайцтай нь хотын төвөөс хойд зүгт орших хуучин Бирмийн төмөр зам компанийн төв байр Виктория хатны үеийн улаан тоосгон цогцолборыг нурааж, суурин дээр нь Японы “Мицүбиши” компанийн хөрөнгө оруулалтаар хуучин төмөр замыг шинэчлэн тавих, өндөр хурдны галт тэрэгний зогсоол байгуулах, төмөр замын компанийг шинэ байртай болгох төсөл юм.
Нэгэн албаны хүний хэлснээр нийт 500 сая ам.доллараар хэрэгжих уг төслийн дүнд Токиогийн багахан хэсгийг Янгон хотод авчирсан мэт харагдах гэнэ. Японы JICA агентлаг мөн бүтэн 25 жил хэрэгжих хот хөгжүүлэх төслийг санхүүжүүлэхээр болоод байна.
“Colliers International” компанийн Мьянмар дахь төлөөлөгч Тони Пиконы хэлснээр Янгон хот хэдхэн жилийн дотор асар том зах зээл болжээ. Түүнийг 2011 онд Янгонд анх суурьшихад албан тасалгааны нэг ам метр тутамд төлөх сарын хөлс ойролцоогоор 17 ам.доллар байсан бол одоо 100 орчим байна. Энэ нь Янгоны төв хэсэгт бизнес эрхлэх нь Манхэттений төвд ажиллахтай адил үнэ өртөгтэй болсон гэсэн үг юм.
Гэтэл Янгоны иргэдийн өдрийн дундаж орлого ердөө хоёр ам.доллар. Иргэдийн амьжиргааны түвшин ямар байхаас үл шалтгаалан Мьянмарын нийслэлд үе үе дээд зэргийн тансаг, сүрлэг том байгууламж баригддаг. 1990-ээд онд баригдсан “Шангри-Ла” зочид буудал гэхэд 25 давхар бөгөөд түүнээс хойш сүндэрлэсэн өндөр, том байгууламжуудын хүрэх гэсэн дээд хязгаар, гол үлгэр загвар нь уг буудлын барилга болжээ.
Янгоны өвийг хамгаалах сангийнхан уг барилгыг хотын хөгжлийн түүхэн дэх хамгийн том алдаа гэж үздэг. “Шангри-Ла”-гийн барилгаас дутахгүйн тулд улам бүр тэнгэр баганадан өндөрсөх шинэ цагийн барилгуудыг Шведагон Пагода суваргын өндөртэй харьцуулсан тогтсон стандарттай болгохыг тэд шаардаж байна. Гэвч Мьянмарын үе үеийн эрх баригчид олон нийтийн аливаа эсэргүүцэлд лам хуврагууд оролцохоос нааш иргэдийнхээ шаардлагыг ойшоож үздэггүй хачирхалтай ёсыг дагаж тэдний үгийг хэрэгсэлгүй уджээ.
Харин Үндэстний онцлог, шашин номын өв уламжлалыг хамгаалах холбоо хэмээх буддын нэгэн нэр нөлөөтэй байгууллагыг тэмцэл өрнүүлж эхлэхэд Шведагон Пагодаг хааж халхалсан таван ч том барилгын төслийг зогсоосон байна. Энэ мэт төслүүдийн өөр нэг сөрөг тал нь том бүтээн байгуулалт өрнүүлэх нэрээр хэдэн мянган хүнийг орон гэрээс нь албадан нүүлгэх явдал юм.
Мьянмар дахь НҮБ-ын мэргэжилтэн Майкл Слингс бийн хэлснээр тэр олон хүн газар чөлөөлсний төлбөр, эсвэл шилжин суух түр хоргодох байр ч аваагүй бөгөөд орох оронгүй, гар хоосон үлджээ. Вьетнам, Камбож, Энэтхэг, Бангладешийн ядуусын дүүргээс эхлээд Афганистан, Кенийн дүрвэгсдийн хуаранд хүртэл ажиллаж байсан тэрбээр Янгон хотыг ядуусынхаа төлөө өнгөрсөн 50 жилд юу ч хийгээгүй, дэлхий дээрх цорын ганц хот хэмээн тодорхойллоо. “Мьянмар ядуу улс биш. Баячууд нь хэт баян байдаг. Тэд мөнгөө яаж зарцуулахаас л улс орны хувь заяа шийдэгдэж байгаа юм” хэмээн тэрбээр ярив.
Мөнөөх орон гэргүй болсон хүмүүс нэг бол өөрсдийн хүчээр жижигхэн сууц барьсан бол дийлэнх нь олон улсын тусламжийн байгууллагуудын барьж өгсөн нийтийн сууцанд суух болжээ. Гэвч тийм байрнуудад шаардлагатай үед нь урсгал засвар хийдэггүйгээс олонх нь элэгдэж, хуучирч байна. Канадын Гадаад хэргийн яамнаас өдгөө тийм хуучирсан байрнуудыг засах, оршин суугчдыг барилгачин, мужааны сургалтад хамруулах төсөл хэрэгжүүлж буй аж.
Иймэрхүү төслийг дэмждэг дотоодын гол байгууллагын нэг нь Янгоны өвийг хамгаалах сан юм. Тус сан Пансодан гудамж дахь шүүхийн байрыг сэргээн засварлах, түүхэн дурсгалт барилгуудыг хамгаалах, Янгон хотын соёлын төвийг байгуулах, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг зорилго тавин ажиллаж байна.
Сангийн тэргүүн Дау Мо Луин ардчилсан тогтолцоо доорх шинэ Янгоныг шинэ, хуучны туйл хосолсон газар хэмээгээд “Хотын нэг талд амьдрал мөхөж, нөгөө талд нь сэргэж байна” гэлээ.