Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Матиас Дуартэ 2013 оны дөрөвдүгээр сарын 2-ны өглөө сэрүүлгээрээ биш, хүчтэй аадар борооны дуунаар сэржээ. Өрөөнд нь орж ирсэн их усны түвшин орыг нь бүрхэх шахам өндөрссөн байлаа. Тэрбээр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын төвөөс баруун хойд зүгт 30 гаруй км зайд байх Лас Тунас хэмээх ажилчдын дүүрэгт аж төрдөг байв. Тус дүүргийн дундуур урсах Лас Тунас гол өмнө нь олон удаа үерлэж байсан ч ингэтэл аюул осол дагуулсан нь үгүй байж.
Дуартэг гэрээсээ айж сандран гарахад гэр бүлийнхэн нь болоод айл хөршийнхөн нь ойр зуурын хэрэгцээт зүйлсээ гэрээсээ яаран гаргаж, эргэн тойронд нь үймж бужигнах хүмүүс “Ханыг нураая. Үгүй бол бүгд урсах нь” гэж шаагилдацгааж байлаа. Хана гэдэг нь Буэнос-Айресийн баян чинээлэг иргэд суух Норделта дүүргийг ажилчдын хорооллоос тусгаарласан долоон метр өндөр цементэн хавтан юм. Лас Тунасыг усанд автуулахгүйн тулд тэрхүү ханыг нураахаас өөр аргагүй болжээ.
Лас Тунас нь 1960-аад онд Пан-Америкийн хурдны зам болон Буэнос-Айресийн боомтыг хотын төвтэй холбосон замуудыг нээгдэхэд, тэдгээрийг даган баригдсан үйлдвэрүүдийн ажилчин, албан хаагчдын амьдран суух дүүрэг маягаар анх байгуулагдсан байна. Харин 1990-ээд онд байр сууцны үнэ нэмэгдсэнээр хотын төвд амьдрах хүний тоо цөөрч, Лас Тунас шиг дүүрэг, хорооллуудын хүн ам хурдтай нэмэгдэв. Гэсэн ч Лас Тунас зөвхөн ажилчдын бүс хэвээр үлджээ. Иргэдийнх нь ахуй амьдрал гэвч дорой буурай биш гэдгийг зориуд тэмдэглэх хэрэгтэй.
Эндхийн гудамж талбайгаар алхахад цэвэр цэмцгэр байр сууц, гялалзаж гялтганасан шинэ машин олонтаа таарна. Замуудынх нь хажууд харин хур хог овоорч, автомашины замаар нь хог түүн амьдардаг картонеро хэмээгдэх иргэдийн морин тэрэг багшран байдаг нь Лас Тунасын гол дутагдал. Мөн ус зайлуулах хоолойгүй, бохирын систем нь доголдсон зэрэг нь тус дүүргийн зарим хэсгийг хүн амьдрах аргагүй болгожээ.
Харин мөнөөх хананы нөгөө талд, Лас Тунасын баруун хойд хэсэгт юм бүхэн огт өөр харагдана. Аргентины эдийн засаг, хүн ам өссөн 1900-гаад оны эхээр Буэнос-Айрес нь горьдлого, мөрөөдөл тээгчдийн зорьж тэмүүлсэн хот байсан бол эдийн засгийн өсөлт буурах үед ажилгүй, орох оронгүй мянга мянган хүний толгой хоргодох газар болжээ. 1960-аад онд харин энэ байдал өөрчлөгдсөн нь Лас Тунас шиг хана хэрмээр хүрээлэгдсэн шинэ дүүргүүд бий болсонтой холбоотой. Ор хоосон газар цоо шинээр байгуулагдсан тэдгээр дүүрэг нэг талаар мөнөөхөн шинэ замуудын үр жимс байлаа.
Буэнос-Айресийг тойрсон шинэ дүүрэг хорооллууд 1970-1980-аад онд өргөжин тэлсээр, 1990-ээд онд бүр ч хөгжин цэцэглэв. Тэдгээрээс хожим баячуудын дүүрэг болсон Норделта гэхэд хана хэрмээр тусгаарлагдсан ердийн нэг хорооллоос хотын доторх хот болон хөгжсөн байна. Тус дүүрэг Эдуардо Костантини хэмээх үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний бүтээл аж. Тэрбээр Норделтаг барьж байгуулах санааг 1992 онд олжээ. Венец, Дубай болон Америкийн хотуудын онцлог, хэв шинжийг хослуулсан, төвдөө тансаг зэрэглэлийн байшин, орон сууцны цогцолборуудтай, эргэн тойрондоо хиймэл нуураар хүрээлэгдсэн хороолол бий болгохыг тэрбээр хүссэн байна.
Ийм хорооллын оршин суугчид хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж, хувийн эмнэлэг, хувийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ. Хорооллын хашаан дотор хүнд хэрэгцээтэй бүхэн байх тул оршин суугчид гэрээсээ холдох шаардлагагүй гэж Костантини тооцсон байна. Норделта үнэхээр ч түүний хүссэнээр цогц хороолол болж, 1990-ээд оны сүүлч гэхэд үлгэр жишээ, нэн амжилттай бүтээл гэгджээ. Буэнос-Айресийг тойрсон шинэ дүүргүүд чухам уг хорооллоос санаа авч хөгжсөн байна. Төмөр зам, хүнд хөнгөн үйлдвэр түшин бий болсон дагуул суурингууд ч дотроо юм юмтай болж, яг л Норделта шиг үүдэндээ харуул хамгаалалт гаргав.
Ийм хатуу чанга хамгаалалтын тогтолцоо нь Матиас Дуартэ болон түүний хөршүүдийг үерийн ус туучин байж тусгаарлагч хананд тулж очоод зогтусан зогсоход хүргэж. Тэднийг аварга том ханыг нураах гэж буйг дуулсан Норделтатай хил залгаа Ла Комарка хорооллын хамгаалагч, цагдаа нар анхааруулга болгон, агаарт буу тавьснаар үймж сандралдсан, хана нураахаар улайрсан хүмүүсийг тараасан байна. Гэхдээ Лас Тунасын иргэд зорилгоо биелүүлж, аварга хананд том гэгчийн нүх гаргаж амжжээ.
Буэнос-Айресийн нэлээд хэсгийг сүйтгэсэн дээрх үерийн улмаас 100 орчим хүн амь үрэгдсэн байна. Хамгийн их хохирол амссан Лас Тунас, Ла Плата хороолол харин дээрх ханыг нүхэлсний ачаар хохирол багатай үлдсэн тухай удаахан нь сонин хэвлэлд бичсэн байлаа. Ла Платагийн оршин суугчдын батлан ярьснаар ханыг нүхэлснээс ердөө таван минутын дараа гэхэд бэлхүүсээр татаж байсан ус дундарч, бараг шагайнд хүрэх шахам багассан гэнэ. Харин Дуартэгийн дурссанаар хананы нөгөө талд, Норделтад юм бүхэн нам тайван байж.
Лас Тунаст хүмүүс бужигнаж, ус зайлуулахаар сандралдан, жаахан сэхээ авмагцаа эрх баригчдаас тусламж гуйн жагсаж байхад Норделтад олон хүн дуг нойрондоо дугжирч байжээ. Ла Плата дахь Аргентины Үндэсний их сургуулийн багш, газарзүйч Патрисия Пинтос Норделтагийн усны шугам сүлжээ анхнаасаа сайн хийгдсэн тул үерийн аюулаас аврагдсан хэмээн ярилаа. Түүний тайлбарласнаар Лас Тунас гол хэдий Норделтаг чиглэн урсдаг ч Лас Тунас хавиар тун ширүүн урсгалтай, бас гүн байдаг нь үерийн аюулыг бүр ч нэмдэг байна. Гэхдээ үер усны гай гамшиг хананы цаана хашигдсан хүмүүст тулгардаг ганц бэрхшээл биш ээ.
Эндхийн газар маш нам дор тул нийтийн тээвэр барагтай явдаггүй, мөн хороололд нь нийтийн аж ахуйн үйлчилгээ хангалттай байдаггүйгээс иргэд хувийн компаниудад илүү мөнгө төлж үйлчлүүлдэг. Буэнос-Айресийн захиргаа энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд 2001 онд тусгай сан байгуулж, өрхийн эмнэлэг ажиллуулан, үер усны гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулах нөөц хөрөнгө хүртэл үүсгэжээ. Гэвч Лас Тунас, Норделта хоёрын аль аль нь орших Тигрэ тойргийн захиргаа, Буэнос-Айрес хотын удирдлага, Аргентины Засгийн газрын гишүүдийн хэн нь ч бүх бэрхшээлийн эх суурь болох өнөөх өндөр том ханануудыг нураах талаар ам нээхгүй байна.
Матиас Дуартэ гурван жилийн өмнө үерт автсан гэртээ одоо амьдардаггүй. Тэрбээр хааяа нэг Лас Тунаст ирэхдээ найз нөхөд, хуучин хөршүүдтэйгээ уулзаж, ойр зуурын ахуйн ажилд нь тусалдаг. Түүний хэлснээр 2013 оны үер ердийн тохиолдол байгаагүй бөгөөд 2014 оны арваннэг, 2015 оны наймдугаар сард болсон үер иргэдэд гурван жилийн өмнөхөөс дутахааргүй хор хохирол учруулжээ. Тэрбээр төрөлх хотоо Өмнөд Америкийн хамгийн хөгжингүй хот болсноор бахархдаг ч дүүрэг, хорооллуудыг нь ялгаж зааглан тусгаарласан ханануудын цаана амьдрал хүнд бэрх, тэдгээр хороолол өөр хоорондоо ихэд ялгаатай байдагт сэтгэл дундуур байдаг. Аргентины шинэ Ерөнхийлөгч Маурисио Макри юутай ч үерийн аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр илүү их зүйл хийхээ амлаад байна.