Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Гэрэл зурагчин, түүхийн дурсгал хамгаалагч Ричард Никль сураггүй алга болжээ. Тэрбээр 1972 оны дөрөвдүгээр сарын 13-нд Чикагогийн Хөрөнгийн биржийн байранд найзтайгаа уулзахаар болзсон байж. Гэвч найз Тим Самуэлсон нь түүнтэй уулзахаар очтол хэн ч ирсэнгүй. Ажлынх нь гадаа очоод өрөөнийх нь цонх руу орилсон ч хариу дуулдсангүй.
Ричард Никль Чикагогийн хуучны барилга байгууламжуудыг хамгаалж, олон жил тэмцжээ. Тэрбээр дэлхийн II дайны дараах хотын дахин төлөвлөлтийг тууштай эсэргүүцэж, тэнгэр баганадсан барилгын “эцэг” гэгддэг, хотын Хөрөнгийн биржийн барилгыг бүтээлцсэн Луис Салливаны барилга бүрийг анхдагч байдлаар нь хамгаалах ёстой гэсэн үзэлтэй байлаа.
Хөрөнгийн биржийн барилгыг нураах шийдвэр гарсны дараа Никль барилгын доторх чимэглэл, загварын сонин содон шийдэл бүхий нарийн эс ширхэг бүрийнх нь зургийг авч үлдэхээр багахан баг бүрдүүлж, каталог гаргахаар ажиллаж байж. Харин дөрөвдүгээр сарын 13 гэхэд барилгын нэлээд хэсгийг нураасан байв. Гэвч Никль ажлаа гүйцээхийн тулд нуранги балгас болсон барилгад өдөр бүр очдог байжээ.
Цагдаа нар түүнийг найзтайгаа уулзахаар тохиролцсон өдрөө Хөрөнгийн биржийн барилга руу очоогүй байх гэж таамаглаж байлаа. Хэнд ч хэлэлгүй хотоос гарч явсан, эсвэл сүйт бүсгүйтэйгээ хамт байгаа гэсэн таамаг ч гарав. Гэвч Ричард Никлийн ул мөр хаанаас ч олдсонгүй. Өдөр хоног өнгөрөх тусам ойр дотнын хүмүүсийнх нь санаа зовж, цагдаа нар ч эрлээ шуурхайллаа. Харин талийгаачийн цогцос бүтэн 26 хоногийн дараа Хөрөнгийн биржийн зоориноос олдсон байна. Тэрбээр хоёр тулгуур баганад дарагдан амиа алджээ. Чикаго хотын “Daily News” сонинд бичсэнээр Ричард Никль урлаг соёл, уран барилга, төрөлх хотынхоо түүхэн өвийн төлөө гэж яваад амь үрэгдсэн байлаа.
Түүний эхлүүлсэн олон ажил, тэр дундаа Салливаны бүтээлийн бүрэн эмхтгэл дутуу үлджээ. Гэвч түүний үзэл санаа, хадгалж хамгаалахаар тэмцэж явсан зүйлс нь Чикаго хотын түүх соёлыг тодорхойлсон хэвээр байна. Тус хотын иргэд хотоо уран барилгын өвөрмөц содон өв уламжлалтай гэдгийг хэдийнээс мэдэх ч сүүлийн 50-иад жилийн хугацаанд онцгойлон хамгаалж ирсэн шигээ өмнө нь түүхэн барилгуудаа чухалчилж үзсэн удаагүй аж.
“Ричард Никль ба түүний зовлонт жилүүд” номын зохиогч Ричард Кахан, Майкл Уильямс нарын тодорхойлсноор Ричард Никль энэхүү чиг хандлагыг дэлгэрүүлснээрээ Нью-Йорк хотын түүхэн дүүргүүдийг хамгаалахын төлөө тэмцэгч Жейн Жейкобстой эн зэрэгцэх, Америкийн хотжилтын түүхэнд тодоор бичигдэх онцгой гавьяа байгуулсан хүн юм.
Ричард Никлиэс өмнө уран барилгыг урлаг соёлын үнэт өв гэж үзэн, хуучны барилгуудыг хамгаалах идэвхтэн байсангүй. Оршин суугчид гэр орныхоо ойролцоох барилга байшинг нураалгахгүй гэж эсэргүүцэж байсан нь олонтаа ч хуучны барилгуудыг яагаад хамгаалах ёстой талаар ул суурьтай үндэслэл гаргаж, тууштай тэмцсэн удаагүй юм. Харин Никль Чикаго шиг сонин содон барилга олонтой хотын өнгө төрхийг өөрчлөх нь Микеланжелогийн бүтээлийг үгүй хийхтэй адилхан хэмээн хатуу үг хэлж, анх олонд танигджээ.
Түүний хайрлаж хамгаалахыг хүссэн Чикаго хот хурдтай өөрчлөгдөж байлаа. Хотын захирагчаар олон жил ажилласан Ричард Дэйли Чикагогийн төвийг бүхлээр нь шинэчилж, модернист загвартай болгохыг хүсэж байв. Тэрбээр олон арван хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьсны дотор хар арьстануудын дүүргийг үгүй хийх, орон сууцны шинэ хороолол барих, хотын төвийг дайрах шинэ хурдны замууд тавих зэрэг ажил санаачилжээ.
Чикаго хотын уран барилгын баялаг түүх хотын нэлээд хэсгийг газрын хөрстэй тэгшилсэн 1871 оны их түймрээс эхлэлтэй. Тэрхүү гамшиг хэдий их хор хохирол авчирсан ч эмх замбараагүй, бохир заваан байсан хотыг цоо шинээр барьж байгуулахад хүргэжээ. Шинэхэн хот өмнөхөөсөө ч илүү өргөжин тэлж, хүн ам нь 30-аадхан жилийн дотор 300 мянгаас 1.7 сая хүртлээ өсөж, бүс нутгийнхаа худалдаа, аж үйлдвэрлэлийн хамгийн том төв болсон байна.
Америктаа анхдагч болох ган хүрээтэй, олон давхар барилгууд, Луис Салливан болон түүний хамтран зүтгэгч, туслах Данкмар Адлер нарын загвараар барьсан театр, зочид буудал зэрэг нь цаг үедээ баймгүй өвөрмөц содон бүтээн байгуулалт байлаа. Тэдгээр барилга нь “Чикагогийн сургууль” гэгдэх уран барилгын шинэ дэг, хэв маягийн анхны сонгодог загварууд болжээ.
Зохиолч Ричард Каханы тайлбарласнаар жааз хөгжим нэгэн үе Америкийг бараг дангаараа шахам илтгэж байсны адилаар Салливан зөвхөн Америкийнх гэж ялгарах уран барилгын хэв загвар бий болгохыг хүсэж байв. Салливаныг тийн мэрийж, уйгагүй хөдөлмөрлөн, өөрийн гэх нэр хүнд, байр сууриа олж авсан шинэ цагийн Чикагод Ричард Никль мэндэлжээ. Тэрбээр Их хямралын өмнөхөн буюу 1928 онд Чикагогийн баруун захын дүүрэгт, дундаж давхаргын ажилчин гэр бүлд төрсөн байна.
Япон, Солонгост цэргийн алба хааж, хотынхоо Загварын хүрээлэнд гэрэл зургийн эрдэмд суралцсан Никль 1950-иад оны дунд үеэс Салливан, Адлер нарын ажлыг сонирхож эхэлжээ. Тэрбээр ганц Чикагогоор тогтохгүй Америкийн өнцөг булан бүрт байх Салливаны загваруудыг судалж, барилга бүрийнх нь онцлогийг хальснаа буулган, жижиг гэлтгүй гоёл чимэглэл бүрийг нь баримтжуулан бүртгэх болж. Гэтэл түүнийг тэдгээр барилгын үнэ цэнийг ойлгож, үнэлэхтэй зэрэгцэн Ричард Дэйлийн хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэв. 1950-иад оны сүүлч гэхэд ядуусын хорооллуудыг цэвэрлэх нэрээр Салливан, Адлер нарын загвараар боссон хуучны барилгуудыг нурааж, 17 давхар Гаррик театрыг хүртэл үгүй хийхээр болжээ.
Никль түүхч, уран барилгач, судлаачдыг цуглуулан түүхэн барилгуудыг хамгаалахаар хөдөлгөөн өрнүүлэв. Тэрбээр үйл хэргийнхээ талаар “Chicago Tribune” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ “Америкчууд бид Европын орнууд руу гоё сайхан барилгуудыг нь үзэх гэж хэдэн мянгаараа зорчдог атлаа өөрсдийнхөө өв соёлыг таньж мэдэхгүй, хайрлаж хамгаалахгүй байна” гэж бичиж байлаа. Хэдийгээр Чикаго хотын иргэд түүний хичээл зүтгэлийн ачаар түүхэн барилгуудын үнэ цэнийг ойлгох болсон ч Гаррик театр тэргүүтэй олон барилгыг авч үлдэж чадсангүй.
Хотын захиргаа 1968 онд л уран барилгын дурсгалт өвийг хадгалж хамгаалах тухай журам баталжээ. Гэвч хоёр зууны зааг дээр баригдсан хуучны барилгуудыг нурааж сүйтгэсэн нь Никлийг уран бүтээлчийн ч, хувь хүнийх нь хувьд ч ихэд шаналгаж зовоосон байна. “Хүсэж зорьсон бүхэн минь нүдний өмнө үгүй болж байна. Балгас болсон барилга байгууламж харах бүрийд сэтгэл өвдөх юм. Уран барилга сонирхохоо болиод, зөвхөн хүмүүсийн хөрөг авдаг зурагчин болдог ч юм бил үү” гэж тэрбээр өдрийн тэмлэглэлдээ бичиж байв. Гэсэн ч тэрбээр олон жил хийсэн ажлаасаа хөндийрч чадсангүй. Чикагогийн Хөрөнгийн биржийн барилгыг нураах болоход жижиг чимэглэлүүдийг нь баримтжуулан авч, Салливаны бүтээлийн эмхтгэлээ гүйцээхээр шийджээ.
Харин цаг бус үхэл нь хотынхныг гүн цочролд оруулсан байна. Тим Самуэлсоны ярьснаар Ричард Никлийг амьд ахуйдаа өрнүүлсэн эсэргүүцэл тэмцэл нь бус, харин гэнэтийн эмгэнэлт үхэл нь алдар нэртэй болгожээ. Өдгөө Чикаго хотын иргэд ч, эрх баригчид ч хуучны барилга байгууламжийг сэргээн засварлах болон нурааж сүйтгэх асуудалд ихэд болгоомжлонгуй ханддаг нь, түүхэн барилгуудын загвар, гоёл чимэглэлийн зураг сэлтийг баримтжуулан үлдэх тал дээр идэвх санаачилгатай байдаг нь, хот төлөвлөлт, уран барилгын үзэсгэлэн, музей зэргийг сайшаан дэмждэг нь бүхлээрээ биш гэхэд, олон талаар Никльтэй холбоотой болохыг Тим Самуэлсон ярьж байна.
“Чикагог хамгаалах нь” хөдөлгөөний тэргүүн Вард Миллер ч түүнтэй санал нэг байна. Тэрбээр мөн Ричард Никлийн сангийн тэргүүнээр ажилладаг бөгөөд тус байгууллага 2010 онд Никлийн дутуу үлдээсэн ажил болох “Адлер, Салливан нарын уран барилга” нэртэй бүрэн эмхтгэл номыг хэвлүүлжээ. Уг номонд зураг нь орсон барилгуудын 99 хувь нь одоо байхгүй болсон гэхээр Никлийн ажил хэчнээн чухал байсныг ойлгож болно. Миллерийн тайлбарласнаар хуучирч муудсан барилгуудыг шуудхан нураах, эсвэл анхдагч хэв маягийг нь эвдэж засах хандлага нэг хэсэг дэлгэрээд байсан ч сүүлийн 20-30 жилд хуучны байгууламжуудыг, тэр дундаа сүмийн барилгуудыг яг л урьдынхаар нь сэргээн засах болсон нь ч Никлийн ажилтай холбоотой гэнэ.
Шинээр хөгжих, өв уламжлалаа хадгалж хамгаалахын хоорондох тэнцвэрийг олно гэдэг аль ч хотын хөгжилд амин чухал байдаг. Чикаго хот сүүлийн 60-аад жилийн хугацаанд чухам тэрхүү тэнцвэрийг олсон тулдаа Америкийн “зэвэрсэн” гэгдэх бүс нутаг дахь хамгийн хөгжингүй хот болжээ. Саяхнаас Чикагогийн албан ёсны соёл судлаач, түүхчээр ажиллах болсон Тим Самуэлсоны баталж буйгаар энэ нь Ричард Никлийн төрөлх хотдоо үлдээсэн, үнэлж баршгүй өв юм.