Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чи энэ сард Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад бараалхана гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Дэниел Крайтенбринк мэдээлжээ. Тэрбээр Б.Обамаг есдүгээр сарын 2-8-ны хооронд Хятад болон Лаост айлчлахын өмнө Вашингтон дахь гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлсэн юм.
Ардчиллын төлөө үндэсний холбоо намын тэргүүн, Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Чийг Мьянмарын улс төрийн удирдагч гэдэг. Үүнийг энэхүү айлчлал нотолж буй бөгөөд Обама түүнийг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Обамагийн айлчлал нь АНУ-ын Ази руу чиглэсэн бодлогын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт хийх сүүлчийн аялал нь болох аж. Тэрбээр олон улсын хэд хэдэн уулзалтад, тухайлбал, Хятадын Ханжоу хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах аж. Уг мэдээллийг Кремль нотолжээ.
Лаост Обама анх удаа айлчлах бөгөөд АНУ-АСЕАН болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, стратегийн хамтын ажиллагаагаа АНУ Номхон далай дамнасан шинэ түншлэл хэмээн үзэж байгааг Родс онцлон тэмдэглэжээ. Энэ тухай Б.Обама олон нийтэд нэг ч удаа зарлаж байгаагүй нь Хятадаас болгоомжилсонтой холбоотой аж.