Дэлхийн усны долоо хоногийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-ны хооронд Стокгольмд тэмдэглэж байгаа тухай уг арга хэмжээг зохион байгуулж буй Стокгольмын олон улсын усны хүрээлэн мэдээллээ. Ийм өдрийг 1991 оноос хойш жил бүр тэмдэглэж буй юм. Энэ оны уулзалт, семинарт оролцогчид усны нөөц, тогтвортой хөгжилд усны гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулна.
Долоо хоногийн хугацаанд 100 гаруй орны Засгийн газрын байгууллага, ажил хэргийн болон шинжлэх ухааны салбар, олон нийтийн хийгээд сургалтын байгууллагуудын 2-3 мянган төлөөлөгч энд цуглана. Олон улсын усны шагнал гардуулах арга хэмжээ олны анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд энэ жил уг шагналын эзнээр Америкийн Мичиганы их сургуулийн судлаач, профессор Жоан Роуз тодорчээ. Энэ эрдэмтэн эмэгтэй усны микробиологийн, тухайлбал, шимэгчээс үүдэлтэй өвчний салбарын тэргүүлэх судлаач гэнэ.
Стокгольмын усны хүрээлэнгийн мэдээлснээр, дэлхийд усны чанар муу болон суулгах өвчний улмаас өдөр бүр 1000 орчим хүүхэд тав хүрэх насандаа эндэж байна. Манай гаригийн хоёр тэрбум орчим хүн урьдын адил бие засах газаргүй, нэг тэрбум гаруй хүн цэвэр ус уух боломжгүй байгаа аж. Усаа ариутган, ариун цэврийн байдлыг сайжруулж, бие засах газартай болбол суулгах өвчнөөс үүдэлтэй олон зуун мянган хүн нас барахаас сэргийлж болох гэнэ.
Наймдугаар сарын 31-нд болох шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Шведийн хаан XVI Карл Густаваас болор баримал болон 150 мянган долларын чекийг Жоан Роуз гардана.
Стокгольмын усны шагналын сан 1990 онд байгуулагдсан бөгөөд 1991 оноос жил бүр дэлхийн усны нөөц, экосистем болон хүний амьдралыг хамгаалахад хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, байгууллага, эрдэм шинжилгээний газар болон үйлдвэрийг шагнаж байна.
Энэ өдрүүдэд мөн 20 жилийн ой нь тохиож буй Усны залуучуудын шагналыг гардуулна. Ийм шагналыг 15-20 насны судлаачдад олгодог. 28 орноос шалгаран ирсэн залуу судлаачдаас шилдгийг тодруулах гэнэ.