Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Хамбургийн боомтын хажууханд Алтенвердер хэмээх эртний загасчдын сууринд амьдардаг Хайнц Остманны гэрийн гадаа 1980-аад оны сүүлчээр, намрын нэг өглөө сэжиг бүхий хэдэн эр сүр бараатай ачааны тэрэгтэй ирж зогсчээ. Тэдний гарт царил, урт саваа зэрэг байхыг хараад Остманн ёозгүй юм болохыг зөнгөөрөө мэдэрч. Түүнийг эхнэрийнхээ хамт гэрээсээ гарч амжаагүй байхад хотын зөвлөлийн нэг албан тушаалтан мөнөөх залуусын дундаас гарч ирээд байр сууцыг нь шалгаж эхлэв.
Остманн юу болоод байгааг асуусанд урилгагүй зочдын нэг нь ч дуугарсангүй. Тэд сүүлдээ хэрүүл маргаандаа тулж, Остманн өнөөх залуу даргыг түлхэж унаган, нүдний шилийг нь хугалснаар ачааны тэрэг гэрийнх нь гаднаас хөдөлжээ.
Хайнц Остманн тэр даруй шүүхэд дуудагдсан ч сарын дараа гэхэд хэрэгт татагдалгүй үлдсэн байна. Харин хотын зөвлөлийн эрх мэдэлтнүүдийн үгээр гэрийнх нь цахилгааныг тасалж, усны хоолойг нь эвдлэн, бүр шаардлагатай бол цонхыг нь хагалах гэж байсан мөнөөх бахим залуусын гурав нь хэргээ хүлээж, зохих торгуулиа төлөн байж шүүх цагдаагийнхнаас салжээ.
Тэр үед уг хэргийг тасалсан шүүгч ийм явдал олширсон тухай, XIII зуунд байгуулагдсан Алтенвердерийг Хамбургийг хөгжүүлэхийн төлөөнөө үгүй хийх гэж байгаа тул иргэдээс газрыг нь булааж авахын тулд энэ мэт хүч хэрэглэх нь нэмэгдсэн талаар ярьж байж.
Үнэхээр ч Хамбург шиг боомт хотууд ердийн хоттой адилгүй. Эрсдэл, золиос ихтэйн дээр иргэд, эрх баригчид нь хуурай газрын, зэргэлдээх хот суурингуудаасаа илүү бусад орны боомт хотуудтай ойр холбоотой байдаг. Хамбург гэхэд Ливерпультэй олон талаар төстэй бөгөөд эрт цагт уг англи хотын хөлөг онгоцон дээр хийдэг байсан лобскоз хэмээх махтай хуурга энд ламбскаус нэрээр нутгийн идээ болжээ. Боомт хотууд мөн олон талаар эмзэг байдаг.
Түшиж тулдаг хөгжлийн ганц хөшүүрэг нь болох боомтод нь ирэх усан онгоц цөөрөх даруйд л хөл хөдөлгөөнгүй, эдийн засгийн өсөлтгүй газар болно. Нэг жишээ татахад, Бельгийн Брюгге хот XII-XV зуунд Ганзын холбооны худалдааны гол цэг байсан ч Умард тэнгис хүрэх шулуун зам нээгдсэнээр боомт бус, ердийн хот болж хоцорсон билээ.
Ийм явдал 50 жилийн өмнө Хамбургт мөн тохиолдсон. Ганзын холбоог үндэслэгч хотуудын нэг болох уг хот Зүүн Европ болон өрнөдийн асар том зах зээлийн дунд орших давуу байрлалынхаа ачаар олон зуун жилийн турш зогсолтгүй өсөж хөгжжээ. Өнгөрсөн зууны дунд үе гэхэд Хамбург зөвхөн Берлиний дараа орох, Германы хамгийн олон хүнтэй хот болоод байв. Боомт нь гэхэд Европын хамгийн хөл хө дөлгөөнтэй, 14 мянган хүнийг ажлын байраар хангасан худалдааны том бүс байв.
Гэтэл 1960-аад оноос худалдааны хөлөг онгоцууд улам томорч, боомтууд ч урьдынхаасаа өөрчлөгдөн, зай талбайгаа томсгох шаардлага тулгарав. Дэлхийн II дайны дараахнаас дэлгэрсэн чингэлэгний хүргэлт үйлчилгээ өөрчлөлтийн гол шалтгаан байлаа. Цаг үеийнхээ өөрчлөлттэй хөл нийлүүлж, шаардлагатай шинэчлэлийг цаг тухайд нь хийж чадаагүй боомт хотууд олон улсын худалдааны сүлжээн дэх байр сууриа хэдхэн жилийн дотор алдаж байв.
Тухайлбал, чингэлэг ачсан хөлөг онгоц хүлээж авах хүчин чадалтай дэлхийн хамгийн анхны боомт зэргэлдээх Ньюварк хотод нь байгуулагдахад Нью-Йорк боомтын байр сууриа алдсан. Боомтод ажиллаж байсан хэдэн мянган хүний тэн хагас нь 10 хүрэхгүй жилийн дотор ажилгүй болсон байлаа.
Үүнтэй адил Хамбургийн ойролцоох Бремен хотод Америкийн “SeaLand” компани 1966 онд чингэлэг хүлээж авах боомт байгуулахад Хамбургийн боомт урьдынх шигээ олон хөлөг хүлээж авахаа больжээ. Боомт хот хэдий ч тэнгистэй ойр биш, зөвхөн Эльба мөрнөөр дамжин хүрдэг зэрэг сул талтай ч Хамбургт Европын бусад боомт хоттой харьцуулахад нэг онцлог бий нь эдийн засгийн хараат бус байдал юм. 1871-1946 оны хоорондох хэдэн жилийг эс тооцвол тус хот тэртээ ариун Ромын эзэнт гүрний үеэс хойш бараг л хот улс маягаар хөгжин, эдийн засгийн өсөлтөө харгалзсан хууль захирамж гаргах эрхтэй байсаар иржээ. Чухам энэ давуу тал нь Хамбургийг Нью-Йорк шиг болохоос аварсан бөгөөд хотын захиргаа 1961 оны аравдугаар сарын 30-нд Боомтыг тэлэх тухай хууль баталжээ.
Харин тэрхүү хуульд заасан дахин төлөвлөлтийн газарт нь дээр дурдсан Алтенвердер тосгон багтсан байлаа. 2500 гаруй оршин суугчтай байсан уг тосгоны нутаг дэвсгэр чингэлэг хүлээж авах шинэ боомтын нэгэн шинэ зогсоол болохоор тусгагджээ.
Тосгоны иргэдийн зарим нь хууль батлагдмагц нүүсэн бол 1973 оны сүүлч гэхэд үлдсэн иргэд Хотын зөвлөлөөс ам.метр тутамд төлөх 40 дойч маркч авч чадалгүй хоцорно гэсэн шийдвэр гарсны дараа газраа чөлөөлж өгсөн байна. Нүүсэн иргэдийн байрыг дор нь нурааж байснаас Алтенвердер хэдхэн жилийн дотор эзэнгүйрч хаягдсан суурин болжээ. Гэсэн ч 1970-аад оны сүүлч гэхэд тосгоны 10-аад байшин эзэнтэй хэвээр байлаа.
Энэ тоо хорогдсоор 1990-ээд оны эхэн үе гэхэд Алтенвердер Хайнц Остманн болон түүний эхнэр, өөр нэг тариачин, тосгоны багш гэсэн дөрөвхөн оршин суугчтай болсон. Остманн Хамбургийн захиргаатай олон жил тэмцсэн бөгөөд 1997 онд тоглож өссөн туулайн бөөр модыг нь огтлоход л тосгоныхоо төлөөх тэмцэлд ялагдсантайгаа эвлэрсэн гэдэг. Түүнийг газраа чөлөөлж, байшингаа нураалгаснаас тавхан жилийн дараа чингэлэг хүлээх авах, дэлхийн анхны автоматжсан боомтын нэг Алтенвердерийн терминал үүдээ нээжээ.
Остманны байшингийн буурин дээр баригдсан уг зогсоол өдгөө өмнө зүгээс буюу Германы хамгийн урт засмал замаар явж Хамбургт очих хэн бүхнийг тосож авдаг. Зогсоолын хөх өнгөтэй 22 өргөгч цамхаг тэнгис харуулдан байх нь идшээ эрж буй аварга шувууд адил харагдана. Харин тэдний ард аварга том цэцэрлэгт хүрээлэнтэй эн тэнцэх хэмжээний цэлгэр талбайд өнгө өнгийн чингэлэг эгнүүлэн тавьжээ.
Алтенвердер тосгоноос өдгөө оршуулгын газар, XIX зууны эхээр баригдсан улаан тоосгон өнгөлгөөтэй, Гэгээн Гертрудын хэмээх жижиг сүм л үлджээ. Хуучин тосгоны иргэд уг сүмд ням гариг бүр цугладаг бөгөөд мөргөлийн дараа сүмийн ардах жижиг кафед цайлдаг уламжлалтай. Тэдний хувьд уг кафе алдагдаж үгүй болсон эртний тосгонд зориулсан музей шахам болжээ.
Энэхүү жижиг газрын ханаар дүүрэн Алтенвердерийн зургууд, тосгоны ганц үйлдвэр байсан лонхны үйлдвэрээс гаргаж асан ундааны хуучин лонхнууд цонхон дээр нь өрөөстэй. Гэхдээ хуучин тосгоны иргэдийн олонх төрөлх суурингаа Хамбургийн нэг хэсэг болсонтой хэдийнэ эвлэрчээ. Вернер Усманн хэмээх иргэний ярьснаар газраа чөлөөлөхгүй хэмээн зүтгэж эцсээ хүртэл тэмцсэн мөнөөх гурван, дөрвөн хүн өөрсдийгөө дэмий зовоосон гэнэ. Өдгөө тэдний гурав нь, Хайнц Остманнаас бусад нь өөд болжээ.
Алтенвердерийн иргэд одоо Хамбургийн ирээдүйд илүү санаа зовж байна. 2002 онд шинэчлэгдсэн Алтенвердерийн боомт Европын хамгийн орчин үеийн боомт гэгдэж байсан ч энэ салбарын хурдацтай өөрчлөлттэй дасан зохицож чадахгүй байгаа гэнэ. Чингэлэг тээсэн хөлгүүд улам томорч, тээвэр үйлчилгээний хамгийн том хөлөг болох “MSC Oscar” гэхэд 400 метр урт, 60 метр өргөн, 16 метр өндөр болсон нь Хамбургийн боомтыг орчин цагийн баргийн хөлөг нэвтрэхээргүй жижигхэн зогсоол болгож орхижээ.
Өнгөрсөн жил анх удаа тус хотын боомтыг зорьсон “MSC Oscar” Эльба мөрний эрэг хавиар бүжиглэх шахам эргэлдсэн ч Хамбург руу нэвтэрч чадаагүй тул ойролцоох Вильгельмсхафен хотын дэргэд зангуугаа хаясан аж. Харин Хамбургийн эрх баригчдыг илүү олон чингэлэг багтаах зай талбай эрж, өмнөх зогсоолуудаа өргөтгөхтэй хамт зэргэлдээх боомт хотууд нь аль болох тэнгистэй ойр зогсоол барихаар мэрийх болжээ. Роттердамын боомт гэхэд тэнгисийн гүн дэх дамжлага төдий байсан ч өдгөө томоохон боомт болсон нь чухамдаа Хамбургийн сул тал дээр дөрөөлөн хөгжсөн хэрэг юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын боомт, тээврийн хөлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Олаф Меркийн хэлснээр Хамбург ойрын хэдэн жилдээ алзахгүй ч дараагийн үе ирэхэд боомт түшсэн их хотын байр сууриа ч, олон улсын худалдаан дахь нөлөөгөө ч алдах магадлал өндөр гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард тус хот Европын хамгийн том боомтоос гуравдугаар байр луу шилжиж Нидерландын Роттердам, Бельгийн Антверпений дараа бичигджээ.
Энэ нь нэг талаар Хамбургийн бие даасан шинжийнх нь сул тал байж мэднэ. Саяхан “Der Spiegel” сэтгүүлд “Нидерландад усан онгоцны тээвэр гэдэг Германы автомашин үйлдвэрлэлтэй төстэй том салбар тул боомтуудыг хөгжүүлэх нь бараг л үндэсний бүтээн байгуулалт байдаг. Харин Германы холбооны засаглалд боомт хот бүр амиа аргацаах хэрэгтэй болж байна” хэмээн бичжээ.
Харин Хамбургийн иргэд Нидерландын боомтуудыг хотынх нь өрсөлдөгч гэж боддоггүй. Хотын гудамжаар яваа хэнтэй ч энэ талаар яриа өдөхөд бараг бүгд хотоо улам хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэх вий. Эрэг хөвөөнд нь зангуугаа хаях хөлөг онгоц цөөрсөнөөс хойш дунд зэргийн хот болсон гэгддэг Ливерпуль бус, харин боомт хотын статусаа алдсан ч дэлхийн хэмжээний хот болсон Нью-Йорк, Лондон зэрэгтэй тэд хотоо адилтгахыг хүсдэг.
Германы Ногоон намын Хамбург дахь хорооны дарга Аниэс Тарксын хэлэх нь германчууд боомт хот хэчнээн чухал болохыг ойлгох өдөр ирнэ, тэр цагт Хамбург улам хөгжих гэнэ. Түүнийхээр тус хотын хамгийн давуу тал нь эдийн засгийн олон талт өсөлт юм. Оршин суугчдынх нь бахархан нэрлэдгээр “Дэлхийн үүд” болох Хамбург худалдааны том боомтоос гадна дэлхий дээрх шуудангийн хамгийн том компани “Отто”-гийн төв байрладаг хот, Германы хоёр дахь том аж үйлдвэржсэн бүс билээ.
Мөн хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж байгаа, ирэх онд тоглолтын шинэ танхим, урлагийн цогцолбор ашиглалтад орох тул бүс нутгийнхаа урлаг соёлын төв гэх байр сууриа ч хамгаалж үлдэнэ гэсэн давуу талуудыг нь Таркс онцолж байна.
Хамбургийн захиргаа өнгөрсөн жил 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах санал хүртэл гаргасан билээ. Харин саналыг нь дэмжих, эсэх асуудлаар бүх нийтийн дунд санал асуулга явуултал иргэдийн олонх нь татгалзсан хариу өгчээ.
Гэгээн Гертрудын сүмийн ардах мөнөөх кафед ням гариг бүр очдог Вернер Усманн энэ талаар “Олимпын наадам зохион байгуулна гэдэг маш их зардал, чирэгдэлтэй ажил. Алтенвердер тосгоныг маань сүйтгэн байж байгуулсан боомтоо, хотынхоо шинэ дүүрэг хорооллуудыг олимпийн төлөө өөрчлөх юм бол миний л лав урам хугарна. Би татгалзсан хариу өгсөн. Албаны хүмүүст би олимпоо зохион байгуул, харин боомтоос маань холхон бай гэж хэлнэ” гэж ярилаа.