Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Хонконгийн Төв филармонид насаараа морин хийл тоглож, саяхан тэтгэвэртээ суусан Лео Хунгийг 1974 онд Шэньжэньд хэсэг амьдрах үед тус хотын төв гудамж гэж ердөө ганц засмал зам байжээ. Замын хоёр талаар хүнс, барааны жижигхэн мухлаг, хуучны хятад маягийн хоолны газрууд л байж. Харин мөнөөх зам хэдхэн жилийн дотор саглагар мод шиг хэдэн зүгт салаалж, хотыг тойрсон тал хөндий, хөдөө буйдын гацаа тосгодыг холбон их хотын төв болон хувирсан байна.
Өдгөө Шэньжэнь хот 11 сая хүнтэй том хот төдийгүй, дэлхий дээрх хамгийн том хотожсон бүс гэгддэг Сувдан мөрний бэлчир нутгийн төв нь болжээ. Уг мөрний сав газарт 60 гаруй сая хүн амьдран суудаг бөгөөд үүн дээр бичиг баримтгүй цагаач иргэд, суурьшлын тусгай бүс хэмээгддэг Хонконгийн 7.5 сая, Макаогийн 580 мянган оршин суугч нэмэгдэнэ. Гэхдээ эндхийн өсөлт хөгжил ердөө саяхны явдал юм. Хунгийн ярьснаар одоогийн Шэньжэний иргэдийн дийлэнх нь хүүхэд залуус тул хотоо хэчнээн хурдан өөрчлөгдөж, өргөжин тэлснийг мэдэх хүн цөөхөн гэнэ.
Дэн Сяопинийг эдийн засгийн анхны өөрчлөлт шинэчлэлээ хэрэгжүүлэх үед буюу 1980 оны тавдугаар сараас тус хот руу залуус цувж эхэлжээ. Учир нь тухайн үед 30 мянгаадхан оршин суугчтай байсан ч ашигтай байрлалтай гэгдсэн Шэньжэнь Хятадын анхны эдийн засгийн онцгой бүсээр тодорсон байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татах, хувийн хэвшлийнхэнд ээлтэй байх шинэ бүсийг түшин хөгжсөн Шэньжэнь хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй болов.
Харин Лео Хунгийн үеийнхэн тэрхүү хурдтай өөрчлөлтөд одоо ч дасан зохицож чадахгүй байна. Түүний хэлэх нь хөгжил дэвшил дэндүү эрчтэй, хурдан байх нь зарим тохиолдолд сөрөг талтай аж. Тэрбээр “Бараг ганц жилийн дотор л хаа сайгүй өргөгч цамхаг зоочихсон. Хотын төв хэсэг, ойр орчим нь хүртэл бүхэлдээ барилгын цэг болсон. Ялангуяа хотын баруун тал албан байгууллагын өндөр өндөр барилгаар дүүрсэн дээ. Гэтэл зарим нь одоо хүртэл хоосон байна” хэмээн ярилаа.
Харин барилгын залуу ажилчид хэдий том хотын бүтээн байгуулалтад оролцож байсан ч Шэньжэньд байж суух аргагүй болтлоо уйддаг байжээ. 1980-аад оны Шэньжэньд сайн цалин, нийтийн байр, улсаас олгодог хоол хүнс зэрэг барилгачдын ахуйн хэрэглээг хангах юм бүхэн байсан ч үзвэр, үйлчилгээ, амралт зугаалгын газар гэж ер байсангүй. Барилгачин залуус үдэш оройн цагаар эл хуль гудамжаар алхаж алхаж буцаад байрандаа очно.
Тэднийг элдэв тоглоом наадамд оролцохыг хориглож, дэмий зүйлд цагаа үрж буй үгүйг нь мөн хянадаг байж. Тэр бүү хэл барилгын эрэгтэй, эмэгтэй ажилчдыг ч хоорондоо уулзаж учрахыг нь хориглодог байжээ.
Шэньжэний эдийн засгийн чөлөөт бүс нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт байсан тул ажлын бүхий л шатанд Бээжингийн хараа хяналт хатуу чанга байлаа. Албаны хүмүүс шинэ бүсэд баригдах барилга байгууламж бүрийн газар ашиглалт, зохион байгуулалтыг хянаж, хуучин тосгодын зарим оршин суугчийг газар чөлөөлөх нэрээр зүгээр л хөөж орхижээ.
Өдгөө Шэньжэний хүн амыг албан ёсоор 11 сая давсан гэдэг ч цаана нь ойролцоогоор 10 сая иргэн амьдран суудаг гэсэн тооцоо бий нь чухам тийн хөөж туугдсан нутгийн иргэд, тэдний үр хойч юм. “China Labour Bulletin” хэмээх сурталчилгааны байгууллагын зөвлөх Жеффри Кроталлын хэлснээр Шэньжэнь бол цагаач ажилчдын нуруун дээр боссон хот билээ.
Хэдийгээр цаг үе өөр болж, тэдгээр ажилчдын үр хүүхэд бусдаас ялгаагүй сурч боловсрох эрхтэй болсон ч хууль ёсны оршин суугчийн баримт бичиггүй хэвээр байна. “Очир эрдэнийн тосгод ба луунууд” номын зохиогч Дэвид Бандурскийн бичсэнээр Шэньжэнь, Гуанжоу орчмын 138 тосгон нэг бол бүхлээрээ үгүй болж, үгүй бол иргэд нь газраа алдсан гэнэ. Хятад даяар 2002-2012 онд 60 сая гаруй тариачин хотжилтоос болж газаргүй болсон байна.
Гэхдээ энэ мэт сул талтай ч Шэньжэний энгийн нэг тосгоноос дэлхийн хамгийн том мегалополис буюу супер хот болсон явдал нь урьд хожид тохиогоогүй, гайхмаар хурдан өрнөсөн хотжилтын түүх юм.
Шэньжэний мегалополис бүсэд Сувдан мөрний бэлчир дэх есөн хот (Гуанжоу, Фошань, Жаочинь, Шэньжэнь, Дунгуань, Хойжоу, Зянминь, Жуншань, Жухай) багтах бөгөөд 2030 он гэхэд эдгээр нь нэг том ультра хот болох аж. Тэрхүү шинэ хот нутаг дэвсгэрээрээ ч, хүн амын тоо, эдийн засгийн өсөлтөөрөө ч дэлхийн хамгийн том хот болох нь дамжиггүй. Дээр нь хэдэн мянган Чэнь чон цю хэмээгдэх хотын тосгодыг дэргэд нь байгуулахаар төлөвлөөд байна.
Шэньжэниэс Гуанжоу орох замд, Дунгуаний хажууханд одоо ч барилгын ажил өдөр, шөнөгүй явагдана. Дөнгөж суурь нь тавигдсан барилгуудын хажууд хүртэл үл хөдлөх хөрөнгөд мөнгө зарцуулахын ашиг тусыг сурталчилсан самбарууд байх.
1980- аад оноос эхтэй Хятадын их хотжилт 2013 онд Бээжинд болсон Хотжилтыг дэмжих олон улсын их хурлын дараагаас бүр ч эрчимжжээ. Хятадын эрх баригчид хурлын үеэр Хятад шиг хүн ам ихтэй улсад орчин үежье, хөгжье гэвэл хурдтай хотжихоос өөр сонголт байхгүй тухай олонтаа дурдаж байж.
Гэхдээ Гуанжоу хотын Лижи Ван хэмээх дотоод сууринд бүх насаараа амьдарсан, өдгөө 50 эргэм настай Луо Зяхуа хэмээх иргэний ярьснаар иргэдийнхээ сайн сайхны төлөө олон том хот байгуулах нь зөв ч бүх зүйл нүд ирмэхийн зуурт өөрчлөгдөх нь, хуучны юм бүхнийг үгүй хийх нь олон хүнд амаргүй байдаг аж. “Өнөөгийн Хятадын нэгэн тод дүр төрх болсон дотоодын дүрвэгч, цагаач ажилчдын урсгал нь чухамдаа Шэньжэнь шиг супер хотууд бий болохтой хамт үүссэн үзэгдэл юм шүү дээ.
Харамсалтай нь тэр иргэд хотожсон бүсийн оршин суугч болж, хотын хэрэглээ, нийлүүлэлтийн эргэлтэд оролцож чадахгүй байна” хэмээн тэрбээр онцлов. Үүнээс үзэхэд Лео Хунг нарын иргэд Шэньжэнийг ижил дасал болсон, нэгэн цагт амьдарч асан газар биш, харин харийн хот суурин шиг санадаг нь аргагүй юм.