Амьтад туршилт, судалгаанд орохыг хүсдэг үү. Хэрвээ тэд үг хэлж, үйлдлээрээ илэрхийлж чаддаг бол хэзээд “Үгүй” гэх байсан биз ээ. Дэлхий нийтийн хандлага ч гэсэн амьтныг туршилтад оруулах, эд эрхтнийг нь үзүүлэн болгохыг зохих хэмжээнд хязгаарласаар ирсэн. Гэвч био анагаах ухаан бүхэлдээ судалгаа шинжилгээнээс бүрддэг. Нэг үгээр, анагаах ухааны суурь нь учраас мөнхийн эрэл хайгуул, тасралтгүй судалгаа, шинжилгээ хийх шаардлага тулгардаг.
Академич Л.Лхагва “Био анагаах ухаан хамгийн хүнлэг, энэрэнгүй байхыг шаарддаг учраас амьтай бүхэнтэй холбогдох бүхий л судалгаа, шинжилгээнд ёс зүй шаарддаг. Энэ салбарын туршилт нь гурван үндсэн асуудлыг хамарна. Эхнийх нь амьтан дээр хийсэн туршилт бүхэн хамгийн үнэ цэнэтэй баримт байдаг. Удаах нь туршилт явуулахад орсон материал, техникийн зардал.
Гурав дахь нь амьтантай харьцах энэрэнгүй зарчимд туршилт хэр нийцсэнийг авч үзнэ. Эхний хоёр асуудлын тухайд бид зохих мэдлэгтэй. Харин лабораторийн амьтантай харьцах ёс зүйн талаар төдийлөн мэдэхгүй байсаар ирэв” хэмээн 2015 онд нийтлүүлсэн судалгааны өгүүлэлдээ дурджээ.
Амьтан дээр туршилт хийх нь манайхны нөхцөлд хоёр үр дагаварт хүргэж буй. Нэгдүгээрт, хүн амын эрүүл мэндэд нэн шаардлагатай эм, тариаг гарган авч чадахгүй бол амьтан тамлахаа болих хэрэгтэй.
Хоёрт, дэлхийн бүх орны био анагаахын салбарт амьтныг туршилт, судалгаанд ашигласаар ирсэн тул бид ч гэсэн анагаах ухааныг судлах, халдварт болон халдварт бус өвчнийг оролцуулаад хяналтдаа авч чадахгүй байгаа элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга, бэлдмэл гарган авах шаардлага тулгарч буй. Өөрөөр хэлбэл, шинэ эм, тарилга, бэлдмэлийн хүнд үзүүлэх хор, үр нөлөөг тогтоохын тулд эхлээд амьтанд турших нь хүмүүний сайн сайхны төлөөх үйлдэл гэж ойлгож болно.
Тэгвэл манай био анагаахын салбар яг хаана нь яваа бол. Зүгээр л хэдэн амьтан харанхуй нүхэнд хорьчихоод, хааяа нэг эм, тариагаа туршчихаад бодийг нь хөтөлчихдөг үү? Эсвэл үнэхээр үр дүнтэй ажиллаж чадаж байна уу?
Эдгээр асуултын хариуг олохоор өнгөрсөн мягмар гаригт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ)-гийн Биотехнологийн үйлдвэр, туршилтын амьтны байраар орлоо.
Амьтныг био анагаахын зорилгоор ашиглаж буй хүрээлэн, байгууллагууд эрүүл мэндэд нь хяналт тавих, аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд мал эмнэлгийн үйлчилгээг давхар үзүүлдэг юм билээ. Өвчтэй, гэмтэж, шархадсанд нь тусламж үзүүлэн, шаардлага гарвал өвтгөхгүйгээр егүүтгэдэг аж.
НЭМХ дэх туршилтын амьтны лабораторийг эрдэм шинжилгээ, судалгаа явуулах, үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тандах зорилгоор 1958 онд байгуулжээ.
Өдгөө гаргаж авсан эм бэлдмэл, биологийн бүтээгдэхүүнээ амьтанд тарих (арьсан дор, хэвлийн хөндий, судас, тархи), уулгах, арьсанд түрхэх зэргээр хоруу болон хоргүй, халууруулах чанарыг нь судлах, вакцины идэвх тодорхойлохоор туршиж байна. Мөн мал эмнэлгийн зориулалтаар зан үйл, физиологи, патологи, хор судлал, мэс засал, сургалтад ашигладаг аж.
Энд байдаг 56 туулай, 19 усан гахай, 175 цагаан хулганыг малын эмч арчилж, хариуцаж, хамгаална. Тэднийг стандартын дагуу өвс, шүүст бордоо (улаан буудай, хивэг), хүчит (байцаа, лууван) тэжээлээр хооллодог юм билээ. Агааржуулалт энэ тэрийг сайн шийдсэн гэх боловч үнэр танар нь хэцүү аж. Амьтны үнэр угаас тийм ч туулай, усан гахайнууд нь цонхгүй, харанхуй өрөөнд, торонд хашаатай байв. “Тэртээ тэргүй үхэх юм чинь” гэсэн шиг амьтад нь ч эл өмхий, самхай газартаа дасчихсан мэт санагдав.
Судлаад үзтэл амьтны байранд тавигдах хэд хэдэн шаардлага байна. Эрүүл, тайван байлгах, гэнэт цочролд оруулахгүй, амьтан бүрт тохирсон байраар хангах, шимэгч хорхой, бусад хортон шавьжаас хамгаалах, хөл хорих, тусгаарлах, зөвхөн эрх бүхий хүмүүс орж гарах, дулаан, чийгшилт, агааржуулалт, гэрэлтүүлэг зэргийг цогц шийдэж, амьтад өөр хоорондоо харилцах боломжтой байхаар орчныг нь бүрдүүлэх ёстой. Дуу чимээ, үнэрийг аль болох хамгийн бага түвшинд байлгах ёстой. Гэрэлтүүлэг, үнэрийг эс тооцвол тэдний лаборатори холбогдох хууль, стандартын дагуу ажилладаг нь илт.
НЭМХ-ийн Биотехнологи, молекул биологи судлалын хэлтсийн зөвлөх, академич Ж.Оюунбилэг биднийг хүрээлэнд очиход “Та нар ямар зорилгоор сурвалжилга хийж байна вэ. Дэлхийн бүх орон хүн төрөлхтний сайн сайхны төлөө амьтдыг туршилт, судалгаанд ашигласаар ирсэн. Бид ч гэсэн орчин үеийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэхийг л хичээж байна. Амьтан тамлалаа, барилаа гэж бичих нь үү” хэмээн дургүйцэж байснаа зарим зүйлийг тайлбарлаж өгөв.
Тэрбээр “Амьтан ашиглах судалгааны протоколыг Амьтны ёс зүйн хяналтын хорооноос авдаг. Эрдэм шинжилгээний туршилт буюу оношилгооны зорилгоор амьтан ашиглах бол ямар ч нөхцөлд өвтгөж зовоохоос зайлсхийх үүрэгтэй. Нэг үгээр, энэрэнгүй, нигүүлсэнгүй байх зарчим баримталдаг. Судалгаа шинжилгээндээ ашиглахын тулд тэжээллэг, чанартай хоол, усаар хангана.
Туршиж дууссаныхаа дараа амьтныг өрөвдөх, энэрэх ёстой. Зөвхөн хүн, амьтны эрүүл мэндийг хамгаалах, биологийн мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор л амьтанд туршилт хийдэг. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй арга, бэлдмэл боловсруулахын тулд олон төрөл, зүйлийн амьд амьтныг турших шаардлага тулгардаг. Гэсэн ч дэлхий нийтээр туршилт хийх амьтны төрөл, зүйлийг аль болох цөөлөхийг хичээж байна.
Манайд бол хулгана, усан гахай, туулайг судалгаа, шинжилгээндээ ашиглаж буй нь хангалттай. Турших эм, бэлдмэлээсээ хамаараад амьтнаа сонгодог. Тухайлбал, хүнд судсаар тарих бэлдмэлийг туршихдаа эхлээд халууруулах чанарыг нь шалгадаг. Ийм тохиолдолд нэлээд том амьтан хэрэг болдог тул туулайг сонгодог.
Ер нь туршилтын амьтад сүүн тэжээлтэн байдаг. Бодисын солилцоо нь хүнийхтэй нэлээд төстэй учраас түлхүү ашигладаг. Хэрвээ халдварт өвчний судалгаа хийсэн бол тухайн амьтныг устгаж, үүсгэгчтэй нь хамт аюулгүй болгодог. Манайх Биокомбинаттай гэрээтэй. Туршилтад хэрэглэсэн амьтныхаа сэг зэмийг тийш хүргэж, устгадаг” гэсэн юм.
Ардын хувьсгал ялсны дараа манайд нийгмийн халдварт өвчин их байсан гэдэг. НЭМХ тухайн үед Ариун цэвэр, бактери судлалын лаборатори нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайн үед цагаан цэцэг өвчин дэгдэж, олон хүн өвчилсөн гэдэг. Тус лабораторийнхон цагаан цэцэг өвчний вирусийг тугалын арьсан дээр ургуулан, үүссэн цэврүүг идэвхгүйжүүлээд вакцин гарган авсан нь амьтан дээр хийсэн анхны туршилтуудын нэг байжээ. Түүгээр хүн амаа дархлаажуулж, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан талаар Ж.Оюунбилэг ярьсан юм. Тэгвэл дэлхий нийтээр энэ өвчнийг 1977 онд устгажээ.
1958 онд одоогийн суурин дээрээ төвлөрсөн НЭМХ-гийнхэн голчлон тархдаг халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх бэлдмэл хийж, хүний цуснаас дархлаа дэмжих бэлдмэл хүртэл гарган авч байжээ. Мөн уургийн дутагдал нөхдөг бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Өдгөө улсын хэмжээнд 11 вакциныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж байгаа аж.
Цагаан цэцэг өвчнөөс гадна гурван төрлийн хэв шинжийн вирусээр үүсгэгддэг халдварт сааг мөн устгажээ. ДЭМБ уг өвчнийг 2018 он гэхэд бүрэн устгах зорилт тавиад буй. “Энэ бүхэн өнөө л хэдэн туршилтын амьтдын ач тус шүү дээ. Даяаршсан энэ нийгэмд халдварт өвчин хаа холоос ч ороод ирэх боломжтой. Ийм үед бэлэн байдлаа хангахын тулд байнгын туршилт, судалгаа хийх шаардлагатай. Шинжлэх ухаан хөгжиж байгаа ч амьтангүйгээр туршилт хийх хараахан болоогүй” гэж НЭМХ-гийнхэн ярилаа.
Ямартай ч анагаахын хөгжлийн тодорхой шатанд хүртэл дэлхий нийт амьтныг туршилтад оруулсаар л байх нь ээ. Хамгийн гол нь Амьтан ашиглаж, био анагаахын туршилт хийх олон улсын зөвлөмжийг зүй ёсоор мөрдөх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэллээ.