Хүн амын төвлөрөл их, томоохон хотууд барилга байгууламжуудынхаа дээврийг “ногооруулбал” агаар, хөрсний бохирдол, тоосжилт, бүгчим уур амьсгал зэрэг олон бэрхшээлээс ангижрах боломжтойг судлаачид тогтоожээ.
Сингапур улс энэ технологийг туршиж, барилгуудынхаа 40 орчим хувийг ногоон “хүрэмтэй” болгосноор агаар дахь хорт бодисын хэмжээг 20, өндөр үелзлийн чимээ шуугианыг 30 хувиар бууруулсан байна. Хэд хэдэн давхарга бүхий, ус нэвтрүүлдэггүй тусгай хальсан дээр ургамал ургуулдаг, байгаль ээлтэй энэ технологи ХБНГУ, Швейцарь, Нидерланд, Норвеги, Австри, Швед зэрэг оронд эрчимтэй дэлгэрч буй гэнэ.
Ногоон дээвэр нь орчны уур амьсгалыг зөөллөхөөс гадна шувуу, шавьж, зөгий, эрвээхэй зэрэг амьтдын амьдрах хэсэг болж, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлдөг давуу талтай юм байна. Сонирхуулахад, дэлхийн хамгийн том ногоон дээвэр Чикаго хотод байдаг аж.