Эмэгтэйчүүдийн хамгийн анхны мэргэжлийг хөлсөөр бусдын хүүхдийг хөхүүлдэг сүүн ээж гэж үзэх баримт олон байдаг аж. Эрт үед төрөхийн үеийн хүндрэлээс шалтгаалж ээжүүд олноор нас бардаг байсан нь ийм ажил эрэлттэй болоход нөлөөлжээ.
МЭӨ 3000 жилийн тэр тээх Шумерийн бүүвэйн дуунд сүүн ээжийн тухай дурддаг бол Каир хотоос 13 милийн зайтай оршдог эртний Египетийн өндөр албан тушаалтнуудын оршуулгаас 1996 онд Францын эрдэмтэд Тутанхамон хааны асрагч ээжийн бунхан илрүүлсэн нь ч үүнийг гэрчилнэ. Алдарт, нууцлаг хааны сүүн ээждээ зориулан бариулсан тансаг бунханд гоёмсог сийлбэр хэд хэд байдгийн нэгэнд асрагч Майагийнхаа өвөр дээр бяцхан фараон сууж буйгаар дүрсэлжээ.
Эртний Исламын хуулинд хоёр хүүхэд нэг эмэгтэйн хөхний сүүгээр ундаалбал амьдралынхаа турш цусан төрлийн холбоотой тэнцэхүйц хамааралтай болно гэж заасан байдаг. Түүнчлэн эцэг, эхдээ гологдсон, ээж нь өвчтэй, өөд болсон өлсгөлөн нярай хүүхдүүдэд тусалдаг “Columna lactaria” буюу “Сүүн багана” хэмээх буяны газар эртний Ромд байжээ. Хөхүүл эмэгтэйчүүд энд ирж сүүгээ хандивладаг байсан гэдэг.
Египетийн анагаахын тухай эртний бичээст хүүхдийг гурван нас хүртэл хөхөөр хооллох нь зүйтэй гэж тэмдэглэсэн бөгөөд асрагчдын сүүгээр нярайг угжихын өмнө заавал шалгаж занших тухай дурдсан байна. Тухайлбал, сүү, загас, хатсан маннатай (хүнсний нэгэн төрлийн ургамал) адил үнэртэй байвал чанар нь муудсан гэж үздэг аж.
Эртний Грекийн эмч Соранус сүүн ээжийг хэрхэн сонгох тухай зөвлөмж хүртэл гаргасан нь бий. Үүнээс үзэхэд тухайн үеийн эмч нар сэрэмжтэй, цэвэрхэн, эмх цэгцтэй, эрүүл, энэрэнгүй сэтгэлтэй, чих зөөлөнтэй, бэлгийн амьдрал, архины хэрэглээндээ хяналт тавьдаг байхыг сүүн ээж нараас шаарддаг байсан аж. Мөн хэтэрхий том хөхтэй асрагчаас хүүхдийн хэрэглэх хэмжээнээс их сүү гарснаар чанар нь муудсан байх магадлалтай гэж дурдсан байна.
Эртний Грекийн язгууртнуудын сүүн ээжтэй байгуулсан, одоогоор олдоод буй гэрээ, баримтын олонход насны тухай дурдаагүй ч заримд нь асрагчид 30, 40-тэй байсан тухай нь тэмдэглэсэн байдаг. Зарим гэрээнд сүүн асрагчийг жирэмсэлж болохгүй тухай дурджээ. Асрагч эх дундад зууны төгсгөл хүртэл зөвхөн хаад ноёд, эсвэл маш чинээлэг гэр бүлийнхний хүүхдийг хөхүүлдэг, нэр хүндтэй хүмүүс байжээ. Тухайлбал, хааны асрагч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй гэрлэх боломжтой байсан гэнэ.
Сэргэн мандалтын үеэс сүүн ээжийн нийгэмд эзлэх байр суурь багасаж, худалдаачин ангийнханд үйлчилдэг болж, XVII-XVIII зуунд Баруун Европт энэ нь жирийн ажилд тооцогдож эхэлжээ. Тэр ч бүү хэл ээжүүд хүүхдээ өөрөө хөхүүлэх нь тэдний гэр бүлийг ядууд тооцуулахаар ичмээр үзэгдэл болж хувирсан байна. Эрүүл чийрэг асрагч нар баян гэр бүлд үйлчилж, өөрсдийнхөө хүүхдийг хямд сүүн ээжид даатгах явдал ч газар авсан гэнэ.
Гэхдээ хүүхдээ бус дад хөхүүлэхийг хүн бүр дэмжиж байсан гүй. Грекийн гүн ухаантан Плутарх, Плини нар үр төлөө хооллох нь байгалийн жам гэж үзэж байжээ. Тэд сүүн ээжид хүүхдээ даатгаснаар эх үрийн нандин холбоо тасарч, асрагчийн оюуны болоод биеийн чадамж нярайд сүүгээр нь дамждаг гэдэгт итгэдэг байв. Энэ үзэл XIX зуун хүртэл амь бөхтэй оршсон гэнэ.
Харвардын их сургуулийн хувьслын биологич Катие Хайнд моншийг эхийн сүүгээр хооллон судлахад сармагчны стрессийн дааварт өөрчлөлт орж байсан нь эртний гүн ухаантнууд нэг их буруу зүйл яриагүйг нотлох аж.