Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
1960-1970-аад онд Европын олон хотод нэг ижил асуудал тулгарсан нь хот төлөвлөлтөд гарсан модернист хөдөлгөөнийг дагах эсэх байлаа. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн хийц загвар бүхий орон сууцны барилгууд, олон зуун жилийн настай нарийхан гудамжуудыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх хандлага хурдтай түгж, ирээдүйн хотууд бүгд тэнгэр баганадсан өндөр барилга, автомашины олон эгнээ өргөн зам, цэлгэр саруул өргөн чөлөөтэй байна гэсэн ойлголт газар авчээ.
Европын инженерүүд АНУ-д хэдэн зуугаараа сургалтад хамрагдан, тухайн цагийн шинэлэг, содон гэгдсэн урсгал чиглэл бүртэй танилцах болов. Харин тэднийг эргэн ирж, заримыг нь төрөлх хот суурингийнхаа дахин төлөвлөлтийг зураглахтай хамт Европын хотууд хурдтай өөрчлөгдөж эхэлжээ. Тэрхүү өөрчлөлт шинэчлэл, хуучин болоод шинэ чиг хандлагын хоорондох “тулаан”-ы ул мөр өдгөө Европын олон том хотод бий.
Жишээ нь, Британийн Бирмингхэм хотод эртний түүхт гудамж, талбайг огтлон сүлжсэн тойрог замууд баригдсан бол Шведийн Стокгольмд 1966 онд автомашины цоо шинэ, Эссингеледен хэмээгдэх найман эгнээ сүлжээ зам тавигдсан байдаг. Тэр нь өдгөө тус улсын хамгийн түгжрэл ихтэй зам болсон байна. Харин Европын энд тэнд иймэрхүү модернист өөрчлөлт хийгдэж байхад Данийн нийслэл хот ажин түжин байлаа.
X зууны сүүлчээр бий болсон, загасчдын суурин байснаа XV зууны эхээр улсын нийслэл хот болсон Копенгаген XVIII зуунд удаа дараагийн түймэр, тахал зэрэгт дайрагдсан ч хэдхэн жилийн дотор өнгө засаж, XIX зууны эхний хагаст тохиосон Данийн Алтан үе хэмээгдэх эринд Европын неоклассик хотуудын нэг болжээ. Харин дэлхийн II дайны дараа хотын зах хэсгүүдэд байгуулсан галт тэрэгний таван шинэ буудлаа түшиглэн хөгжсөн байна. Гэхдээ хөгжил дэвшил, урлаг соёлын олон салаа замын уулзвар дээр орших тус хот өөрийн гэх модернист төлөвлөгөөтэй байсан ч 1960-аад онд түүнийгээ хэрэгжүүлээгүй аж.
1958 онд батлагдсан мөнхүү мастер төлөвлөгөө нь 1948 оны “Хуруу” гэх хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар байжээ. Уг төлөвлөгөөгөөр Копенгаген хотын төвийг захын дүүргүүдэд нь байх жижиг нууруудтай холбох 12 эгнээ бүхий зам тавьж, замыг дагасан Баруун хот хэмээх дагуул суурин байгуулах байлаа. Энэ нь атгасан гар шиг харагдаж асан хотын нутаг дэвсгэрийг дэлгэсэн алга шиг, сарвайсан таван хуруу шиг таван тийш нэгэн жигд тэлж, хөгжүүлнэ гэсэн зүйрлэлээр “Хуруу” хөтөлбөр хэмээн нэрлэгдсэн аж. Уг хөтөлбөр хотын газар нутгийг тэлж, шинэ дүүрэг хорооллууд бий болгосон ч 1948, 1958 оны төлөвлөгөөний аль аль нь гүйцэд хэрэгжсэнгүй.
Тухайн цагийн модернистууд үүнд сэтгэл дундуур байсан ч чухам тэр л бүтэлгүйтэл нь Копенгагенийг хэт орчин үежсэн, америкжсан хот болохоос хамгаалжээ. Эдүгээ амьдрахад хамгийн таатай хотын нэгээр байнга шалгарч буй. Мөн хэв загварыг нь хуулбарлах үйлийг заасан “копенгагенжуулах” гэсэн үг хүртэл бий болжээ. Данийн нэртэй хот төлөвлөгчийн нэг Сорен Эллегийн хэлснээр дэлхийн II дайны дараа Копенгаген хот ядуу даржин байсан нь даничуудыг ивээсэн гэнэ. Хэрэв дээрх модернист төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө хангалттай байсан бол одоогийн Копенгаген түүхэн барилга байгууламжуудаа алдаж, шинэ хэмээгдэх бусад олон зуун хотоос ялгарах юмгүй харагдах байсныг тэрбээр онцолж байна.
Гэхдээ ганц санхүүжилтийн асуудал “Хуруу” хөтөлбөрийг зогсоогоогүй аж. Амьдрахад таатай хотын загварыг гаргасан, энэ урсгалын эцэг гэгддэг Ян Гейлийн хэлснээр байгаль хамгаалагчид хотжилтын шинэ хөдөлгөөнийг эсэргүүцэн, нийтэд хандсан олон чухал ажил хийжээ.
Тухайлбал, Копенгагений нууруудад төрөл бүрийн хөвөгч байрлуулж, автомашины зам ямар байхыг харуулсан бол хотын төвд баригдах зочид буудлын барилга хэчнээн өндөр байхыг илтгэх хэдэн зуун бөмбөлөг хөөргөсөн байх юм. Энэ нь иргэдийн төдийгүй хэвлэл мэдээлэл, төр, засгийнхны бодлыг хүртэл өөрчилжээ. Данийн төв хэвлэлийн нэг “Politiken” сонин гэхэд замын шинэ сүлжээ болон Баруун хотын төлөвлөгөөг дэмжиж байсан ч 1968 онд байр сууриа өөрчилж, иргэдийн санаа бодлыг эрх баригчид ойшоож үзэх хэрэгтэй, тэгээд ч хөрөнгө санхүүжилт хүрэлцэхгүй нь гэсэн өнцөгөөс олон арван нийтлэл хэвлүүлсэн байна.
“Хуруу” хөтөлбөрийг 1973 онд 1972 онд албан ёсоор цуцалсны дараахан дэлхий дахиныг хамарсан газрын тосны хямрал нүүрлэв. Энэ нь автомашиныг ирээдүйтэй унаа биш гэдгийг харуулж, даничуудын уламжлалт дугуйны соёлыг сэргээн, явган зорчигчдын замыг тохижуулах ажлыг эрчимжүүлжээ. Копенгаген хот ийнхүү хэт утопичлогдох аюулаас аврагдсанаасаа 50 жилийн дараа ч тэрхүү уламжлалт соёлоо хадгалж хамгаалсан хэвээр байна.
Тус хот цэвэр цэмцгэр, дунд зэргийн өндөртэй орон сууцны хорооллууд, хэн ч алхаж зугаалан, унадаг дугуйгаараа зорчиж болох зам харгуйгаараа алдартай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт буй том хотууд өдгөө тийм л дүр байдлаа сэргээх гэж хичээж буй билээ.
Копенгагений их, бага нууруудын нийт зургаан км үргэлжлэх эрэг хөвөө өвлийн саруудад олон нийтийн амарч, зугаалдаг цэцэрлэгт хүрээлэн болсон бол Норрэброгад нуурын гүүр нь Европын хамгийн олон дугуйчин зорчдог газрын нэг болжээ. Уг гүүрийг өдөр бүр давдаг 36 мянга гаруй дугуйчин 12 эгнээтэй хурдны замаар автомашинтай зорчих байсан гэхээр төсөөлөгдөшгүй. Өдгөө Копенгагений оршин суугчдын 50 гаруй хувь өдөрт дунджаар 390 км замыг унадаг дугуйгаар туулдаг гэсэн тооцоо бий.
Гэхдээ зөвхөн автомашин, хурдны замаас татгалзлаа гээд хот хөгжихгүй болохыг Копенгагений одоогийн захиргаа сайн мэднэ. Хотын захирагч буюу лорд Франк Иенсений хэлснээр хуучны гэгдэх юм бүхнийг хадгалж хамгаалахаас гадна эдийн засгийн өсөлт хөгжил, орчин үеийн чиг хандлагыг уламжлалтай хослуулах гэсэн том даваа даничуудын өмнө тулгарчээ. Хотын метроны сүлжээг 17 нэмэлт буудалтай болгохоор ажиллаж байгаа тэрбээр хот сууринг амьдрахад таатай болгохын тулд энгийн зам, байр сууцыг тохь тухтай байлгахаас гадна алхам газрыг ч зөв зохистой ашиглах томоохон байгууламжуудад анхаарах хэрэгтэй гэлээ.
Копенгаген хотын захиргаа өдгөө автомашины зогсоолыг бага багаар нэмэх, хотын унадаг дугуйны замыг сүйтгэлгүйгээр газар доогуур автомашины хонгил барихаар ажиллаж байна. Тэрхүү хонгил нь өндөр хурдны замтай төстэй бөгөөд 27 тэрбум дани кроны өртөгтэй гэнэ.
Хайртай хот нь ийнхүү дүр байдлаа өөрчилж буйд Ян Гейл огт эмзэглэдэггүй. Тэрбээр ганц Копенгаген бус, дэлхийн хаа сайгүй, нийт 100 гаруй хотод ажилласан туршлагадаа үндэслэн харагдах байдлаараа бус, амьдран суухад мэдрэгдэх уур амьсгал, орчин нөхцөлөөрөө хөгжил дэвшил хэмээн “хашгирах” хотууд энэ цагийн өнгө төрхийг тодорхойлно гэлээ. Харин түүнд нь Копенгаген шиг бүрнээ нийцэх хот одоогоор байхгүй гэнэ. Тус хот яаж ч өөрчлөгдсөн иргэдийнх нь хамтач, нийтэч үзэл өөрчлөгдөхгүй, унадаг дугуйнаасаа татгалзахгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байна.