Хятад нь эдийн засгийн өсөлтийн хамгийн өндөр хурдацтай, бага цалинтай улс байхаа больжээ. Одоо тус улс хөгжлийн шинэ үедээ шилжээд байна. Эдийн засгийн томоохон хүч хэвээр байгаа хэдий ч дэлхийн өсөлтийн хүчтэй хөдөлгөгч хүч байхаа больсон аж.
Эрсдэлтэй хөрөнгөөс өндөр ашиг олохын тулд өсөлтийн хурд ихтэй, цалин багатай бүс нутаг олон улсад хэрэгтэй. Тухайлбал, 1880-аад онд АНУ тийм байсан. Японы халааг авсан Хятад улс саяхныг хүртэл тийм бүс нутаг байлаа. Одоо энэ үүргийг Хятадаас авах нийт 1.15 тэрбум орчим хүн амтай 16 улс бий гэнэ.
Хятадаас халаа авах 16 орны жагсаалтад гутал, хувцас, тэрчлэн гар утас угсрах үйлдвэрлэлийн салбарт үлэмж өсөлт ажиглагдсан орнууд багтжээ. Цалин бага, аж үйлдвэрийн салбар нь ихээхэн боломжтой хэрнээ хөгжөөгүй гэсэн үзүүлэлтээр халаа авагч болж буй эдгээр улс Африк, Азид голдуу байрладаг бол Перу, Бүгд Найрамдах Доминикан Улс, Никарагуа, Мексик гэсэн цөөн тооны улс Латин Америкт оршдог аж.
Газрын зургаас харвал мөн дийлэнх нь Энэтхэгийн далайн сав газарт төвлөрч байна. Шри-Ланка, Индонез, Мьянмар, Бангладеш Энэтхэгийн далайн эрэгт, Энэтхэг-Хятадын хойгийн орнууд болон Филиппин далайд гарцгүй ч энэ бүс нутагт байрладаг. Бас нэг хэсэг нь Африкт Сахарын цөлөөс урагш оршдог Танзани, Кени, Уганда, Этиоп улс юм.
Одоо Этиопт Туркийн оёдлын 50 үйлдвэр байрлаж байна. “Hennes & Mauritz AB” (H&M) сар тутам нэг сая гаруй хувцас худалдан авах боломжийг судалж буй гэнэ. Тус улсад нэгж хувцсанд ногдох зардал Хятадынхаас 50 хувиар бага ажээ. Энэ үзүүлэлт одоо Хятадад ажиглагдаж буй түвшинд 2019 онд хүрч магадгүй байна.
Өнгөрсөн онд Хятадад цалингийн хэмжээ 17.1 хувиар өссөн бол 2014 онд 18 хувиар өсөж байв. Өдгөө тус улсын дундаж цалин АНУ-ынхаас ердөө 30 хувиар бага, Мексик, Туркийнхээс хамаагүй өндөр байна.
Этиопын ДНБ-ий өсөлт 10 хувь байгаа юм. Африк тивдээ эдийн засгийн өсөлтийн хамгийн шилдэг хэтийн төлөвтэй хэдий ч дэлхийн хамгийн ядуу орны нэг хэвээр байна.