АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар энэ оны нэгдүгээр сард Иран руу бэлэн 400 сая доллар бүхий нисэх онгоц нууцаар илгээсэн байна. Иранд хоригдож байсан Америкийн дөрвөн иргэнийг сулласныг зарласны дараа ийм үйл явдал болсон тухай “The Wall Street Journal” -д мэдээлжээ. Тэгэхдээ энэ мөнгийг евро, швейцарь франкаар өгсөн нь Иран, АНУ-ын хооронд доллароор гүйлгээ хийхийг хориглосонтой холбоотой гэнэ.
Сонинд бичсэнээс үзвэл, Ираны эрх баригчид үүнийг хоригдлуудыг нь сулласны төлөөс гэж үзэж болох аж. Гэхдээ Америкийн талын хувилбараар энэ мөнгө нь Иранд нийлүүлээгүй Америкийн зэвсгийн тухай гэрээний маргааныг зохицуулахаар Вашингтоноос Иранд төлөх ёстой 1.7 тэрбум долларын нэг хэсэг байж болох юм. Иранд лалын хувьсгал гарсан 1979 оноос өмнө Вашингтон болон Тегераны хооронд ийм гэрээ байгуулсан нь хэдэн арван жилийн турш хоёр улс хоорондын маргаан болж байгаа билээ.
Иранд мөнгө өгсөн болон Америкийн хоригдлуудыг сулласан нь санамсаргүй давхцалаас өөр зүйл биш гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгддэг. “Энэ хоёр асуудлаар тусдаа хэлэлцээнд оролцдог бөгөөд талууд өөр өөр бүлэг хэлэлцээ хийдэг” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби мэдээлсэн байна.
Хоёр улсын иргэний харьяалалтай бөгөөд шоронд хоригдож буй иргэдээ солилцох талаар Ирантай хэлэлцээр байгуулсан тухайгаа энэ оны нэгдүгээр сарын 16-нд АНУ зарласан билээ. Сэтгүүлч Жейсон Резаян, цэрэг Амир Хекмати, Саид Абедини болон Носратуллу Хосрави-Родсари нарын дөрвөн хүнийг болон энэ хэлэлцээрт ороогүй, Америкийн өөр таван иргэнийг Ираны эрх баригчид суллажээ. Хариуд нь Вашингтон АНУ-д хоригдож байсан Ираны долоон иргэнийг чөлөөлсөн юм.