Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Их Британийн шинэ хэмээгдэх хотуудаас хамгийн том, хамгийн сайн хөгжсөн, басхүү хамгийн буруу ойлголт төрүүлдэг хот бол Милтон-Кинс юм. Уг хот 1960-аад онд олон нийтийн санаа бодолд илэрхий нөлөөлж эхэлсэн гойд өөдрөг үзлийн үрээр бий болжээ. Милтон-Кинсийг амьд халуун шинжгүй, Атлантын далайн нөгөө эргээс, тодруулбал Америкаас загварыг нь хуулбарласан, Лос-Анжелесийн нэг дүүрэг төдий хэмээдэг нь нэлээд түгээмэл шүүмжлэл. Харин Английн баруунтнууд тус хотыг 1970-аад онд халамжийн улсыг санагдуулам тоталитари хэв маягтай гэцгээж байсан бол зүүнтнүүд “тетчеризм”-ийн хэрэглээг шүтсэн үзлийн тотем буюу сүр сүлдэрийн биелэл хэмээсэн нь бий.
Энэ мэт эрс тэс, айхтар хатуу шүүмжүүд саяхнаас зөөлөрчээ. Учир нь одоогийн хотууд их, бага алин боловч бүгд Милтон-Кинстэй төстэй болсон билээ. Өдгөө уран барилгач, дизайнерууд тус хотын давтагдашгүй содон хэв загварыг биширч, хамгийн хурдан хотжиж буй улс болох Хятадын албаныхан энд үе үе айлчилдаг. Харин эдгээрээс илүү Милтон-Кинс энэ цаг үед Британид нүүрлээд буй орон байрны хямралыг шийдвэрлэхэд үлгэр жишээ хот болох нь нэн чухал онцлог. Тус хотын автомашины замаар тусгаарлагдсан орон сууцны хорооллууд, энд тэнд нэгэн жигд тархан байрласан хувийн жижиг сууцнууд анхнаасаа нарийн төлөвлөгдсөн учир орон зай ихтэй, иргэдэд ээлтэй хотын үлгэр жишээ загвар болох юм.
Лондон, Бирмингхэм, Оксфорд, Кэмбрижийн дунд орших тус хотын өвөрмөц зохион байгуулалттай замын сүлжээ бүхий гудамж, талбайд аж төрдөг 260 мянган хүний аль таарсанаас нь асуухад л хотынхоо талаар өмгөөлж хамгаалсан аястай ярих вий. Милтон-Кинсийг 22 сая модтой газрын диваажин болох тухай, Жерси арлаас ч илүү усны нөөцтэй талаар, олон нийтийн газруудад нь уран баримлын 200 орчим бүтээл байдаг, унадаг дугуйны замынх нь нийт урт 300 км давдаг тухай оршин суугчид нь ам уралдан хэлцгээнэ. Тус хотыг маш товчоор тодорхойлбол хүн амын нягтаршил багатай, хөнгөн үйлдвэр зонхилсон, дэвшилт технологи, аж төрөхүйн эгэл жирийн, амар тайван хэв ёсыг эрхэмлэсэн газар юм.
Милтон-Кинс ирэх онд 50 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Уг хотын анхлан шүүмжлүүлж байсан гол шалтгаан хэт модернист аяс нь эдүгээ түүхэн өв болжээ. Тус хот олон тал дээр анхдагч байсны дотор Британийн анхны кино цогцолбор, анхны энхтайвны хөшөө зэргийн өлгий билээ. Өдгөө эндхийн өргөн зам Их Британийн анхны жолоочгүй машины туршилтын талбар болж байна. Харин Милтон-Кинсийн өвөрмөц содон шинжүүд олны таашаалд нийцэж эхлэхтэй хамт Британийн хамгийн модернист хот “дунд насны хямрал”-д өртжээ. Орон нутгийн иргэд, уран барилгачид хотын анхны дүр төрхийг хадгалж хамгаалах гэж мэрийж буй бол хувийн хэвшлийнхэн болоод хот хөгжүүлэгчид их хэмжээний ашиг олохын тулд орон сууцны том том хорооллууд, худалдааны төвүүд барихыг зорьж байна.
Энэ намар Милтон-Кинсийн хувь заяаг шийдэх нэгэн томоохон асуудал шийдэгдэнэ. Хэрэв одоо хэлэлцэгдэж буй шинэ төлөвлөгөөг олон нийтийн төлөөлөл дэмжвэл хотын Зуны дунд сар буюу Midsummer хэмээх нэртэй өргөн чөлөөний хоёр км урт зам дээр өдрийн наран хаалт халхавчгүй тусах нь үгүй болох юм. Хувийн барилгын компаниуд болон хөрөнгө оруулагчид уг өргөн чөлөөний хоёр талаар олон том барилга барихаар төлөвлөжээ.
Харин Милтон-Кинсийн мастер төлөвлөгөөг гаргасан багийн ахлагч, уран барилгач Ричард Лювлин-Дэвис чухам тийм сүрдэм байгууламжуудаас татгалзахыг зорьсон бөгөөд “Орчин цагийн хот аль болох эмх журамтай, уужим цэлгэр байх хэрэгтэй. Иргэд нь хаа ч явсан эрх чөлөөг мэдрэх ёстой. Оршин суугчдыг нэг дор бөөгнөрүүлж болохгүй” гэж хэлсэн байдаг. Тэрбээр явган хүний зам, тойрог, эргэлтээр холбогдсон автомашины замын сүлжээг бий болгожээ. Тэр нь эн тэнцүү хуваасан гудамжны зохион байгуулалт, түүнийг дагасан тэгш шулуун замууд бүхий Сан-Франциско зэрэг том хотуудынхаас арай өөр, илүү романтик, сонгодог хэв маягтай байлаа. Лювлин-Дэвисийн төлөвлөгөө ёсоор хотын нутаг дэвсгэрийн 40 хувийг ногоон байгууламж эзэлжээ. Түүн дотор хоёр том нуга хөндий, тэдгээрийн гүн дэх цэцэрлэгт хүрээлэн, үерийн усыг хураах хиймэл нууруудыг бий болгосон нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар дөнгөж ярьж эхлээд байсан 1960-аад онд цаг үеэсээ түрүүлсэн шийдэл байв.
Гэвч гудамж, талбай, авто замын ийм нарийн зохион байгуулалт нь америк маягийн хэмээн шүүмжлүүлжээ. Шинэ хотын загварыг гаргасан уран барилгачид, тэр дундаа Лювлин-Дэвис хэдийгээр Чикаго тэргүүтэй Америкийн их хотуудын үүх түүхийг судалж байсан ч эртний Грек, Хятадаас эхлээд XIX зууны үеийн Парис хотын зураг төслөөс санаа авсан гэдгийг тухайн үед хэн ч хайхраагүй байна. Түүний гол зорилго төвөө тойрсон биш, тархан хөгжсөн хот байгуулах байлаа. Харахад хэдий хол сунаж тогтсон замтай, оршин суугчдад ээлгүй мэт боловч Милтин-Кинсийн зам бүр явган зорчигчоо бодолцсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замтай болжээ. Автомашины зам хөндлөн гарах нүхэн болон гүүрэн гарц нь хүртэл харанхуй даасан, аягүй, таагүй газар биш, нээлттэй, ургамал ногоо ихтэй, нарны гэрэл шууд тусах орчин байхаар бодолцсон байна.
Гэтэл энэ бүх шинэлэг загвар нь 1970-аад оны Милтон-Кинст төрөх үеийн хүндрэл болон хувирчээ. Тараан байрлуулсан, хол хол зайтай барилга байшин, зам харгуй нь угтаа хүн амын өсөлтийг тооцоолсон зохион байгуулалт байсан ч шинэ хотод шилжин суугчдын тоо анхлан төлөвлөж байсан хэмжээнд хүрээгүй нь хотын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө мөнгө танагдахад хүргэсэн байна. Үүнээс болж Моддын хот гэгдэж байсан Милтон-Кинсийн ногоон байгууламжууд хүртэл өнгө алджээ. 1976 оны ган гачиг байдлыг бүр ч даамжруулж, хотын 200 мянган бут сөөгийг сүйтгэв. Нэрмээд тус хотын байрлах Букингхэмшир тойргийн хайлааснууд голланд хайлаасны өвчинд нэрвэгдэн, олноороо үхэж, мод эгнэн байсан дэнж байлдааны талбар шиг харагдах болжээ. Харин Маргарет Тетчер Ерөнхий сайд болсноосоо дөрвөн сарын дараа буюу 1979 онд Милтон-Кинсийн анхны их дэлгүүрийг нээснээс хойш хотыг хөгжүүлэх ажил сэргэсэн байна.
1980-аад он гарснаар шинэ хотод оршин суугч татах гэсэн ухуулга сурталчилгаа ч эрчимжлээ. Тэр үеийн нэгэн телевизийн сурталчилгаан дээр улаан бөмбөлөг хөөн тоглож наадах хүүхдүүдийн дуу шуу цангинасан, мод бут, ургамал цэцэг дүүрсэн хотын гудамж талбайг харуулж, “Хот болгон Милтон-Кинс шиг бол хэчнээн сайхан билээ” гэсэн үг дүрсэн дээр нь дурайж байв. Милтон-Кинсийн Хөгжлийн корпорац Сан-Франциско, Японд хүртэл салбараа нээж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар чармайжээ. Тус байгуулага 1970-аад оны сүүлчээр нэгэн үе баасан гариг бүр нисдэг тэрэг түрээслэн, хөрөнгө оруулах юм уу, үл хөдлөх газар худалдаж авах сонирхолтой хүмүүст Милтон-Кинсийг агаараас харуулдаг байж. Тус хотын хүн ам түүнээс хойш бага багаар өссөөр 2004-2014 онд л хамгийн хурдан буюу 18.1 хувиар өсөж, анх тогтоож байсан 250 мянга гэсэн тоондоо сая нэг хүрчээ.
Дээрх корпорац Милтон-Кинсийг ийнхүү өсгөж, хөгжүүлсний дээр хотын Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн сан, Дэд бүтцийн зөвлөл зэрэг олон жилийн хойно ч үр өгөөжээ өгөх албадыг байгуулжээ. Гэвч эдгээр байгууллагаас илүү хувийн хэвшлийнхэн хотын хөгжилд оролцох цаг ирээд байна. Энэ намар шийдэгдэх Midsummer өргөн чөлөөний хэрэг ч Милтон-Кинст их хэмжээний хөрөнгө оруулж, хариуд нь хот хөгжүүлэгчдэд ажлын шинэ орчин бий болгож өгсөн хувийн хэвшлийнхний үүсгэсэн явдал юм. Тэд Английн хамгийн залуу хотыг барилга байшин нь аруу таруу байрласан америкжуу, хэт орчин үежсэн суурингаас жинхэнэ англи маягийн хот болгож, барилга байгууламж хоорондох зайг нь ашиглахыг зорьжээ. Харин Милтон-Кинсийн оршин суугчид хотоо яг л байгаагаар нь хадгалж хамгаалахыг хүсэж, ялангуяа төв хэсгийг нь Жорж хааны үед хөгжсөн Баат хотын хэсэг өнөөгийн Баатад, Эдинбургийн Шинэ төв уг хотын өнгө төрхөд хэчнээн чухал билээ, түүний адил Милтон-Кинсийн бусад хоттой адилгүй, моддын дундах жижигхэн суурин маягаар хөгжсөн их хотын дүр байдлыг чухалчилж байна.
Хотын оршин суугчдын зөвлөлийн дарга, Милтон-Кинст Лос-Анжелесаас ирж суурьшсан Ребекка Курт “Би Хөгжлийн корпорацад ажиллаж байгаагүй, энд 20-30 жил амьдраагүй. Гэсэн ч Милтон-Кинстээ үнэн зүрхнээсээ хайртай. Хотын төв өргөн чөлөөг 25 метрээс 15 метр болгон нарийсгана гэдэг байж боломгүй хэрэг. Өргөн чөлөөний хоёр талаар өндөр өндөр барилга барьж, нар хаах нь энэ хотыг бүхлээр нь сүйтгэхийн эхлэл. Нарийсгасан замыг эргээд яаж ч зассан өргөтгөж болохгүй шүү дээ” хэмээн ярилаа. Түүний хэлснээр энэ намрын санал хураалт Милтон-Кинсийн ирээдүйг харсан хэв загвар өв уламжлал, хэвшмэл ойлголтод байраа тавьж өгөх, эсэхийг шийдэх юм.