Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Кастор Кастро гэр бүлийнхнийхээ хамт Сантъяго хотын зүүн захад орших Ла Фаэна хэмээх шинэ дүүрэг рүү 1967 онд нүүхдээ 14 настай байжээ. Тэрбээр Чилийн Засгийн газрын 1960-аад оны сүүлчээс хэрэгжүүлсэн Газар олгох хөтөлбөрийн үр шимийг анхлан хүртэгсдийн нэг юм. Уг хөтөлбөр нь олон арван жил үргэлжлэн даамжирсан байр сууцны хомсдолыг шийдвэрлэх гэсэн тун шинэлэг ажил байлаа. Чилийн эрх баригчид тэр хүртэл уг хямралтай зөвхөн уламжлалт аргаар, өөрөөр бол хямд төсөр материалаар орон сууцны хороолол, нийтийн байр барьж л тэмцэж байсан нь хүртээмжгүйгээс нэн ядуу өрхүүд худалдаж авч чадахааргүй үнэ өртөгтэй байж. Тиймээс тэд өөр зүйл сэдэж, барилга байшин барихын оронд газраа зарж эхэлжээ. Газар олгох хөтөлбөр нь Сантъяго хотын хөвөө зах дахь газрыг ядууст маш хямд үнээр, хэдэн жилийн турш сар тутамд байршуулах багахан төлбөрийн хариуд худалдах маш энгийн хэлбэр, агуулгатай байлаа. Энэ нь Чилийн нийслэлийг урьд хожид байгаагүйгээр өөрчилсөн томоохон хувьсгал болжээ.
Гэхдээ Газар олгох хөтөлбөрийг хүн бүр сайшаасангүй. Байр сууцны хомсдолыг үүнээс өөрөөр шийдвэрлэх арга байхгүй гэж зарим нь үзэж байхад шүүмжлэгчид уг ажлыг хэт яаран хийгдсэн, алдаа мадагтай гэлцдэг. Чиличүүд уг хөтөлбөрийг одоо ч “Шохой хөтөлбөр” гэж егөөддөг нь Орон сууцны яамныхан иргэдэд газар хуваарилахдаа газар дээр цагаан шохойгоор зурж тэмдэглэдэг байсантай холбоотой аж. Тийн заагласан газрууд нь голдуу жижигхэн, тэгш дөрвөлжин нүднүүд байжээ. Үүнийг зарим хүн ядуусыг доромжилсон явдал гэж үзэж байв.
Чилийн орон байрны хомсдол нь хөдөө орон нутгийн иргэд ажил хайн, Сантъягод хэдэн мянгаараа шилжин суурьшсан үеэс эхтэй. Энэ нь нийслэл хотод хүн амын огцом өсөлт, ядуурал, ажилгүйдэл, байрны үнийн хөөрөгдөл, орон сууцны хомсдол зэрэг өч төчнөөн асуудал үүсгэснээс гадна нутгийн хойд хэсэгт уул уурхайн салбар уруудан доройтоход хүргэжээ. 1940-1960 онд Сантъяго хотын хүн ам хоёр дахин өсөж, хоёр сая давав. Үүний бараг дөрөвний нэг хувийг эзэлж асан мөнөөх орон нутгийн иргэд аль таарсан газраа бууж, хууль бусаар баригдсан барилга байгууламжийн тоог нэмлээ. Хэдийгээр үе үеийн Засгийн газар шинэ байр сууц барьж, эл хямралтай хэрэндээ тэмцэж байсан ч хэрэгцээ нь нийлүүлэлтээс үргэлж давж байжээ.
Харин 1964 онд засгийн эрхэнд гарсан Христийн ардчилсан хүчин нам энэ тал дээр өмнөх бүх эрх баригчдыг ардаа орхисон байна. Намаа сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн, шинэхэн Төрийн тэргүүн Эдуардо Фрей Монталва 1970 он гэхэд 360 мянган өрхийг байртай болгоно гэж ам гарав. Түүний зарлигаар 1965 онд Чилид анх удаа Орон сууцны яам байгуулагдаж, тэр дороо Газар олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Төр засгийнхан анхандаа амьжиргааны түвшин доогуур иргэдэд газраас гадна гэрэл цахилгаантай, усны сүлжээнд холбогдсон жижигхэн модон байшин мөн зэхэж өгчээ. Харин байртай, газартай болох гэсэн иргэд дэндүү олон байснаас Газар олгох хөтөлбөр нь яваандаа зөвхөн газар хуваарилдаг, оршин суугчдаар нь байр сууц бариулахыг дэмжсэн ажил болон хувирсан байна. Гэсэн ч уг хөтөлбөрийн үр ашиг асар их юм. Санхүүгийн чадамжтай цөөн тооны айл өрхөд зориулан байр сууц барьж, түүнийгээ зах зээлийн үнээс хамаагүй хямд худалдсанаас хэдэн мянган өрх орон байранд амьдрах суурь болсон газар олгох хөтөлбөр нь улс орныг ядуурлаас аварсан гэж үздэг хүн олон.
Сантъягогийн Католик их сургуулийн багш, уран барилгач Франциско Квинтанагийн ярьснаар Газар олгох хөтөлбөр нь эхэн бөгөөд оргил үедээ өрх бүрт 30 ам метр талбайтай модон байшин бүхий, эсвэл гал тогоо, угаалгын өрөөний усны шугамыг шийдэж өгсөн, цутгаад орхисон байшингийн суурь бүхий газар өгч байсан бол хамгийн тааруу хэрэгжсэн бүсдээ зүгээр ч нэг хоосон газар биш, ядаж цахилгааны утсыг нь татаж, эрчим хүчний асуудлыг шийдэж өгсөн газар олгодог байжээ. Дээр дурдсан Кастор Кастрогийн адил Ла Фаэна дүүрэгт өсвөр насандаа шилжин суусан Челсо Овиедо эцэг эхийнхээ хамт чухам тийм хагас дутуу суурийг нь цутгасан, гэхдээ ус, цахилгаанаар бүрэн хангагдсан байшинтай газар өмчилж авсан байна. Түүний гэр бүл байшингаа бүрэн гүйцэд засварлах хүртлээ хуванцар дээвэр доор толгой хоргодож байсан ч өөрсдийн гэх сууцтай болсондоо сэтгэл хангалуун байжээ. Овиедо “Шохой хөтөлбөр”-ийг мянга мянган хүний амьдралыг өөрчилсөн хэмээлээ.
Харин Кастор Кастро ажил, орлогогүй хүмүүсийг ажлын байртай болгосон нь уг хөтөлбөрийн хамгийн сайн тал гэж үздэг. Газар авсан иргэд хөөгдөж туугдана гэх айдасгүйгээр байшин барих боломжтой болсноор тэдний дундаас олон тооны мужаан, гагнуурчин, ус түгээгүүрийн ажилчин шинээр төржээ. Тэд өөрсдийн болон хөршүүдийнхээ байр сууцанд ажиллаж, зарим нь цонхны хүрээ, усны хоолой, дээврийн материал, мод, модон эдлэлийн мухлагтай болон хөрөнгөжсөн байна. “Манай Ла Фаэна гэхэд яг л тэгж нийтийн хүчээр боссон” хэмээн Кастро ярилаа.
Эдуардо Фрей Монталва ядууст газар олгохыг санаачилсан Чилийн анхны Ерөнхийлөгч биш ч, чухам түүнийг засгийн эрх барьсан зургаан жилд л энэ нь бодит ажил болжээ. Түүний засаглалын үед Чилийн амьжиргааны түвшин доогуур 380 мянган иргэнд нийт 71 мянган нэгж газар олгосон байдаг. Гэвч Газар олгох хөтөлбөр 1970-аад он гарахтай хамт цуцлагджээ. Чилийн их сургуулийн уран барилгын тэнхимийн профессор Эмануэль Жианноттийн тайлбарласнаар ард иргэд газрыг илүү үнэлэх хэрэгтэй гэж үзэх болсон аж. Энэ нь ядуусаар байшин бариулахыг ангиар ялгаварлан гадуурхсан явдал гэж үздэг Сальвадор Аллендэгийн тэргүүлсэн Социалист нам засгийн эрх жолоодох үетэй давхацсан байна. Тус нам 1970 оны сонгуульд ялмагцаа Газар олгох хөтөлбөрийг шат дараатайгаар цуцлахаа мэдэгджээ. Гэтэл 1973 онд цэргийн эргэлт гарч, генерал Августо Пиночет засгийн эрхийг гартаа авлаа. Чили улс ийнхүү барууны засаглалтай болсноор ядууст газрыг хямдхан зарах нь Сальвадор Аллендэгийн төлөвлөж байснаас ч өмнө төрийн бодлогоос гэнэт хасагдав. Пиночетийн цэргүүд Сантъяго хотын төвийн аль ашигтай гэсэн газруудыг хүчээр чөлөөлж, эздийг нь хотын зах руу албадан шилжүүлжээ. Харин оронд нь хувийн компаниуд хүч түрэмгийлэн орж, арилжааны барилга байгууламж барьсан байна.
Хагас зуун жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн “Шохой хөтөлбөр”-ийг тойрсон маргаан, мэтгэлцээн өнөө ч олонтаа өрнөдөг. Муушаан шүүмжлэгчид нь уг ажлыг ядуу иргэдийг нэг дор бөөгнөрүүлэн суулгасан, тэдэнд туслах биш, харин нийслэл хотын хөгжин цэцэглэсэн зүрхэн хэсгээс зориуд холтгосон гэдэг бол өмнө нь хурдтай өсөж байсан Чилийн барилгын салбарыг чухам энэ хөтөлбөрөөс болж унасан, энэ нь улсын эдийн засагт ихээхэн гарз авчирсан гэж дүгнэх хүмүүс ч байна. Харин Ла Фаэна зэрэг дүүрэгт олны хандлага огт өөр. 1960-аад онд газартай, байшинтай болсон иргэдийн дийлэнх нь одоо ч засгаас олгосон болон өөрсдийн хүчээр барьсан сууцандаа амьдарч буй. Байшингаа сунгах нь сунгаж, давхарлах нь давхарлажээ. Бүр хоршоолон нэгдээд гудамж талбайгаа тохижуулж, хотын төвийнхөөс дутахааргүй ногоон байгууламжтай, цэвэрхэн засмал замтай болсон нь ч байна. Газар олгох хөтөлбөрийн хүрээнд бий болсон дүүрэг, хороодын дунд ус, цахилгааны сүлжээнд холбогдоогүй нэг ч өрх байхгүй нь оршин суугчдын бахархал гэнэ.
Кастор Кастро, Челсо Овиедо нарын оршин суугчид Газар олгох хөтөлбөрт хамрагдсан иргэдийн түрүүч Ла Фаэнад ирж суурьшсаны 50 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр зэхэж байна. Тэд өөр бусад хэдэн мянган хүний адил дээрх хөтөлбөр Сантъяго хотыг аварсан гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй. Латин Америкийн бараг бүх улс гамшгийн хэмжээнд тулсан орон сууцны хомсдолтой тулсан бөгөөд нийслэл хотууд нь одоо ч ядуусын хороололтой билээ. Лимад барриада, Сан-Паула, Рио-де-Жанейрод фавела, Буэнос-Айрест виллас мисериас гэгдсэн газрууд байдаг нь төрийн хяналт, оролцоогүйгээр бий болсон, одоо үгүй хийхэд нэгэнт оройтсон, хэдэн мянган хүн суудаг ядуусын дүүргүүд юм. Харин “Шохой хөтөлбөр” нь хэдийгээр Сантъяго хотын ядуусыг бусдаас ангилж тусгаарласан ч улсын тусламж байсны хувьд ихээхэн ардач, хүмүүнлэг үйлс байлаа. Тэгээд ч уг хөтөлбөрт хамрагдагсдыг ядуус гэхээ хэдийнэ больжээ.