Харри Поттерын тухай “Harry Potter and the Cursed Child” (“Харри Потер ба хараагдсан хүүхэд”) шинэ ном өнгөрсөн шөнө худалдаанд гарлаа. Энэ үйл явдлыг тохиолдуулан Британийн номын алдарт “Waterstones” дэлгүүрийн 140 салбар шөнийн цагаар тусгай үдэшлэг зохион ажиллаж, уншигч олон шинэ бүтээлийг булаалдан авч байна. Үдэшлэгийн үеэр тухайлбал Харри Поттерын шилдэг хувцасны уралдаан болжээ.
“Номын урьдчилсан захиалгын тоо зургаан орон давсан нь Харри Поттерын тухай номын түүхэнд байгаагүй амжилт бөгөөд шинэ бүтээл энэ оны хамгийн борлуулалттай ном болно” гэж тус номын дэлгүүрийн төлөөлөгч “Би-Би-Си”-д мэдээлсэн байна.
450 сая ширхэг хэвлэгдсэн долоон цуврал роман, дэлхий даяар долоон тэрбум гаруй долларын орлого олсон найман кино гарсан учир Харри Поттерын тухай түүхийг дууссан хэмээн олон жил таамаглаж байсан билээ.
Насанд хүрсэн шидтэний амьдралын тухай шинэ зохиол долдугаар сарын 31-нд зохиолч Жоан Роулингийн 51 насны төрсөн өдөр худалдаанд гарлаа. Харри Поттер мөн энэ өдөр 36 нас хүрчээ.
Шинэ номд Харри сайн найз Рон Уизлигийн дүү Жиннитэй гэрлэжээ. Харригийн хоёр дахь хүү Албус Северус Поттер зохиолын гол дүр байна. Түүнд гэр бүлээс нь өвлөгдсөн “хүнд ачааг” үүрэх хувь ногдсон байх аж.