Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Хуучирсан унадаг дугуйг цагаанаар будаад хэн ч хэрэглэж болох газарт орхино. Энэ бол дугуйг нийтийн хэрэглээ болгох гэсэн хөдөлгөөний гол санаа юм. Амстердам хотод 1960-аад онд анх бий болсон энэ хөдөлгөөнийг “Witte Fietsenplan” буюу “Цагаан дугуйны төлөвлөгөө” хэмээн нэрийдэж байлаа. Харин уг ажил анхандаа олны анхаарлыг татаагүй байна. Түүх сөхвөл энэхүү хөдөлгөөн Нидерланддаа ихээхэн нэр муутай анархист тэмцэгчдийн хөдөлгөөн болох “Прово” гэх байгууллагын санаачилсан ээлжит нэгэн эрс шийдэмгий өөрчлөлт байжээ. Тэд өөрсдийгөө ард олонд таниулж, нийгэмд нэр хүнд олох гэхдээ ийм ажил сэдсэн аж. Гэтэл эл санаа нь эдүгээ Нидерландаар тогтохгүй, дэлхийн өнцөг булан бүрт нийтийн тээврийн салбарт шинэчлэл авчраад байна.
Цагаан дугуйны санааг “Прово”-гийнхон анх 1965 оны зун олжээ. Тэд хэрэглээг хэт шүтсэн хандлага болоод агаарын бохирдолд хариу болгож томоохон өөрчлөлт хийхийг зорьсон нь “эрх баригчдаас тулган хүлээлгэсэн бохир заваан, үзэмж муутай автомашиныг орлох энгийн хэрэглээ” буюу унадаг дугуйг бүх ардын гол унаа болгох байлаа. Харин цагаан өнгө нь “дарлагдсан ард”-ын гэмгүй, цагаан сэтгэл, тэдний аж төрөхүйн эгэл жирийн хэв маягийг тодотгож байв.
“Witte Fietsenplan”-ий гол санаачлагч гэгддэг, аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй Люд Шиммелпеннинк XVII зуунд Амстердамд болсон нэгэн өөрчлөлтөөс санаа авчээ. Нас сүүдэр өдгөө 80 гарсан хэдий ч хөнгөн шингэн, ануухнаараа байгаа тэрбээр одоо ч нийслэл хотдоо амьдарч, өдөр тутам дугуй унадаг. Түүний ярьснаар Амстердамын хүн ам XVII зууны эхэн хагаст, ердөө хэдхэн жилийн дотор хоёр дахин өссөнөөс сүйх тэргүүд зөрж өнгөрөх зайгүй болжээ. Тиймээс албаны хүмүүс хотын захад сүйх тэрэгний талбай шинээр байгуулж, хүмүүс очих газрынхаа ойролцоо тэргээ орхин, хотын төв рүү явган зорчих болсон байна. “Прово”-гийнхон 1960- аад оны Амстердамд чухам ийм өөрчлөлт хийхийг хүсэж байлаа.
Гэтэл “Witte Fietsenplan”-ий цагаан дугуйнуудыг “Прово”-гийн эхэн үеийн анархист үйл ажиллагааг хянаж байсан цагдаа нар дор бүр нь хураан авч, замын хөдөлгөөнд оролцуулсангүй. Харин Шиммелпеннинкийн хувьд энэ нь ердөө эхлэл байж. Цагаан дугуйны хөдөлгөөн анхандаа бэлгэдлийн, эсэргүүцлийн шинжтэй байсан бол түүнийг хоёр жилийн дараа Амстердам хотын зөвлөлд гишүүнээр сонгогдоход илүү нухацтай, ул суурьтай ажил болж иржээ. Шиммелпеннинкийн хотын зөвлөлд өргөн барьсан анхны төсөлд тусгаснаар 10 мянган унадаг дугуйг хотын энд тэндгүй тарааж, хэн хүссэн нь унаж болохоор газарт байрлуулбал хотын захиргаа тухайн үед нийтийн тээврийн салбарт нэг км тутамд нэг зорчигчид зарцуулдаг төсвийнхөө бараг 90 хувийг хэмнэх байв.
Гэтэл санаачилгыг нь дэмжих хүн цөөн байлаа. Тэр цагийн эрх баригчид унадаг дугуйг үеэ өнгөрөөсөн унаа хэмээгээд хуучирсан дугуйг цагаанаар будаж, яаж ч өнгөлсөн олон нийтийн сэтгэлийг татах хэрэглээ болохгүй гэж үзжээ. Шиммелпеннинк харин бууж өгсөнгүй. Унадаг дугуйг ойшоохгүй бол хэн хүссэн нь түрээслэн унаж болох жижиг, цахилгаан машины хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зүтгэлээ. Тэр нь “Witte Fietsenplan”-тэй төстэй “Witkarren” буюу “Цагаан машины төлөвлөгөө” гэсэн нэртэй байв. Шиммелпеннинк ихээхэн нэр нөлөөтэй социалист улстөрч Эдуард ван Тиений дэмжлэгтэйгээр 1974 онд цагаан машины төслөө хэрэгжүүлж эхэлжээ.
Гэхдээ тэр нь ердөө ганц зогсоолтой, дөрөвхөн машинтай байж. Уг сүлжээг хотын иргэн бүрт хүртээмжтэй болгоё гэвэл доод тал нь 25 зогсоол, 100-гаад машин хэрэгтэй байсан тул хөрөнгө мөнгөгүйн улмаас цагаан машин Амстердамын замд 10-аадхан жил үзэгдээд алга болжээ. Гэхдээ уг хөтөлбөр унадаг дугуйны түрээсийн сүлжээ бий болгоход болохгүй зүйл үгүйг албаны хүмүүст батлан харуулсан сайн талтай байлаа.
Люд Шиммелпеннинкийг дугуйны хөтөлбөрөө төрөлх хотдоо хэрэгжүүлж амжаагүй байхад, 1990-ээд оны дунд үед Данийн хоёр иргэн түүнээс Копенгаген хотод түрээсийн дугуйны сүлжээ байгуулахад туслаач хэмээн хүсчээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн том, ийм төрлийн үйлчилгээний эхийг тавьсан санал байв. Копенгагений дугуйны үйлчилгээ өдгөө маш хялбар замаар хэрэгждэг. Унадаг дугуйны ард байх нүхэнд зоос хийгээд, дугуйг ашиглаж дууссаныхаа дараа зоосоо буцаан авна. Энэ нь хэн бүхэнд чирэгдэл, зардал багатай үйлчилгээ юм.
Данийн нийслэлийг цагаан дугуйтай болгосныхоо дараа Шиммелпеннинк “Witte Fietsenplan”-ээ Амстердамд хэрэгжүүлэхээр дахин азаа үзэв. Энэ удаа тэрбээр Нидерландын Тээврийн яамны анхаарлыг татаж чадсан байна. Шиммелпеннинкийн ярьснаар 1990- ээд оноос эхлэн олон нийт байгаль орчинд ээлтэй зүйлсийг илүүд үзэх болсон нь асар том өөрчлөлт байлаа. “Witte Fietsenplan”-ий шинэ хувилбар 1999 онд албан ёсоор Нидерландын нийслэлд хэрэгжиж эхэлжээ. Харин цагаан дугуй үнэгүй байхаа больж, нэг удаад нэг гульдений төлбөртэй болсныг “Postbank” хэмээх банкны ялтсан картаар зохицуулах болов. Эхний удаа хотын захын таван цэгт байгуулсан буудлуудад нийт 250 дугуй байршуулжээ. Гэтэл цагаан дугуйны хөтөлбөрийг өргөн хүрээнд биш ч ихээхэн амжилттай хэрэгжих болоод удаагүй байтал “Postbank” мөнөөх ялтсан картыг ашиггүй байна хэмээн үйлчилгээнээс халж орхилоо. Ингээд Амстердам хот дахиад л түрээсийн дугуйны сүлжээгүй болох нь тэр.
Шиммелпеннинк хэдий урам хугарсан ч унадаг дугуйны ач тусыг ухуулан сурталчилсаар байв. Тэрбээр 2002 онд Францын “JC Decaux” корпорацын хүсэлтээр Австрийн нийслэл Вена хотод, дараахан нь Францын Лион хотод унадаг дугуйны сүлжээ бий болгоход гар бие оролцжээ. Харин 2007 онд Парис хот уг хөдөлгөөнд нэгдлээ. Энэ нь унадаг дугуйг нийтийн тээвэрт нэвтрүүлэх гэсэн хөдөлгөөнийхний хувьд бараг л түүхэн ялалт байв. Өдгөө 20 мянга гаруй дугуйтай болсон Парисын унадаг дугуйны сүлжээ ихэд амжилт олж, дэлхий даяар танигдсан нь ийм төрлийн төсөл, хөтөлбөр олноор хэрэгжихэд хамгийн их түлхэц болжээ. Харин энэ бүхний эзэн Шиммелпеннинк тэр олон сүлжээний нэгнээс нь ч ашиг хүртээгүй бөгөөд санаачлагчийн хувиар зохиогчийн эрх ч аваагүй байна.
2014 оны эцсээр хийсэн нэгэн судалгаагаар түрээсийн болон дундын хэрэглээний унадаг дугуйны тоо дэлхийн хэмжээнд нэг сая давжээ. 237 хотод нийт 750 мянга гаруй дугуй бүхий нэгдсэн сүлжээтэй гэх үзүүлэлтээр Хятад улс жагсаалтыг тэргүүлж буй бол 38 хотынхоо нийтийн тээвэрт 43 мянга орчим дугуй нэвтрүүлсэн Франц улс хоёрдугаарт нь бичигдэж байна. Эдгээр улс дугуй болоод хүний олноороо Нидерландыг хол орхидог ч голландчууд шиг дугуйчин түмэн өөр үгүй. Зөвхөн Амстердам хотод гэхэд бүх тээврийн 38 хувийг дан унадаг дугуйгаар гүйцэтгэж байна. Нидерландын нийслэлтэй эн зэрэгцэх, дугуйчдад хамгийн ээлтэй өөр ганц хот бол Данийн нийслэл Копенгаген юм.
Хэдийгээр Унадаг дугуйны нийслэл гэгддэг ч Амстердамд Шиммелпеннинкийн санаж сэдсэн цагаан дугуйны хөтөлбөр одоог хүртэл бүрэн утгаараа хэрэгжээгүй байна. Хотын иргэд автомашингүй орчинд аж төрөхийг бүр ч илүүд үзэх болсон энэ үед хүртэл Парис, Бээжин, Венад байдагтай адил дугуйны түрээсийн үйлчилгээ Амстердамд цогцоороо буй болоогүй нь хачин. Тус хотын иргэд бүгд хувьдаа унадаг дугуйтай болохоор түрээсийн үйлчилгээ амжилт олоогүй гэж хэлэх хүмүүс бий. Харин Шиммелпеннинк үүнтэй санал нийлдэггүй. “Хувьдаа дугуйтай байлаа гээд хүмүүс гадагш гарах болгондоо дугуйгаа авч явахгүй шүү дээ” хэмээн тэрбээр тайлбарлав.
Нас дээр гарсан ч гэсэн тэрбээр цагаан дугуйны хөтөлбөрөө анх бодож, төлөвлөж байснаараа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна. Унадаг дугуйны сүлжээний Загалмайлсан эцэг өдгөө Амстердамын төв музейг Ван Гог, Стеделейкийн музейтэй холбох түрээсийн цахилгаан тэрэгний төсөл дээр ажиллаж буй бөгөөд саяхан ивээн тэтгэгчтэй болжээ. Шиммелпеннинк “Хотын тээвэр гэдэг маш сонирхолтой, үргэлж өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардаж байдаг салбар. Энэ удаагийн төсөл маань намайг нүд анихаас өмнө хэрэгжээсэй гэж хүсэж байна даа” хэмээн ярилаа.