Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Македоны нийслэлийг “үзэсгэлэнтэй” болгох учиртай “Скопье 2014” төсөл 2010 оноос хэрэгжжээ. Төслийн хүрээнд хамгийн хурдтай, эрс шийдэмгий хийгдсэн бүтээн байгуулалт нь Вардар мөрний эрэг хавиар үзэгдэх олон тооны хөшөө дурсгал юм. Харин тэр олон хөшөө өмнөх байсан модернист хэв маягийг нь үгүй хийсэн, Скопьегоос 10 дахин том хотод ч ийм олон хөшөө, баримал байхгүй гэлцэх хүн их байна.
Вардар мөрний эрэг хөвөөнд мөн эртний түүхэн хоёр ч барилгыг шинээр сүндэрлүүлсэн хувилбар, төр засгийн нүсэр том барилгууд бий нь 1980-аад оноос хойш Европын олонх хотод үзэгдэхээ байсан эртний Коринфийн маягийн баганууд, толь шил бүхий оройтой байдаг. Тэдгээр нь зам дагуух олон салаатай тосон гэрлийн бүрхүүл, мөнөөх хөшөө дурсгалуудаар холбогдоно. Харин ардхан талд нь Скопьегийн 1960-аад оны үеийн дүр байдал, тэгш дөрвөлжин, эгц босоо хэлбэртэй албан газрууд харагддаг. Тэр бүх барилгыг ч мөн өөрчилж, сонгодог хэв шинжтэй болгохын тулд дори хийцийн сүрлэг том багануудаар адрыг нь түшүүлж эхэлжээ.
Македоны эрх баригчид “Скопье 2014” төслөө нийслэл хотыг нь илүү европжуу болгосон хэмээн сайшаадаг. Тэднийхээр хотыг илүү уламжлалт, сонгодог хэв маягтай болгосноор Агуу Александрын үеийн сүр жавхлан болоод македончуудын үндэсний үзэл сэргэсэн гэнэ. Харин зарим судлаач, эсэргүүцэгчийн хэлснээр уг төсөл хотын өмнөх төлөвлөлтийг үндсээр нь баллаад зогсохгүй дайн дажин, байгалийн гамшгийн дараах сэргээн босголтыг санагдуулам хэт нүсэр, үрэлгэн ажил болжээ. Тэд 1965 онд хэрэгжсэн Японы уран барилгач Кэнзо Тангэгийн “Скопье хотын төвийг шинэчлэх хөтөлбөр” хэмээх мастер төлөвлөгөөг футурист, алсыг харсан төлөвлөлт байсан гэж үзэж буй бол “Скопье 2014”-ийг урагшлах замаасаа ухарсан алдаа хэмээн харж байна. Энэ хоёр төлөвлөлт үнэхээр ч эрс тэс бөгөөд модернист болоод постмодернист хэв шинжийг хүчээр хослуулах гэсэн тун хачирхалтай дүр зураг бий болгожээ.
1965 оны дахин төлөвлөлт нь 1963 онд тохиосон байгалийн гамшигтай холбоотой байлаа. Мянга гаруй хүний амийг авч одсон тэрхүү газар хөдлөлтөөр Скопье хотын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь газартай тэгширчээ. Тэр үед Македон орон Югославын холбоот улсын нэг хэсэг байсан тул хотын сэргээн босголт тус улсын геополитикийн онцгой шинжийг илтгэж байв. Коммунист засаглалтай атлаа Зөвлөлтийн хүрээний гадна байсан тус улсад хүйтэн дайнаас үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс тусламж иржээ. Тухайлбал, америк, британи, дани, болгарчууд түр хоргодох байрнууд болон тэдгээрийг босгох ажилчид, чех, польшууд эвдэрч сүйдсэн хотыг сэргээх талаар мэргэшсэн инженерүүдээ Македон руу илгээсэн бол Швейцарь улс хэд хэдэн сургууль, ЗХУ цементийн үйлдвэр, Польш улс Орчин цагийн дүрслэх урлагийн музей зэргийг Скопьед барьж өгсөн аж. Мөн Америкийн их, дээд сургуулиуд Македоны уран барилгачдыг тэтгэлэгт хамруулж, Грекийн “Doxiadis Associates” хэмээх компани хотын сэргээн босголтын зургийг үнэ төлбөргүй гаргаж байсан баримт бий.
Харин хотын төвийг шинээр төлөвлөх төслийн уралдаанд Хирошима хотын Энхтайвны музейн загварыг гаргаж, Токиогийн буланд асар том бүтээн байгуулалт өрнүүлэх гэсэн ажлаараа танигдаад байсан Кэнзо Тангэ хэмээх япон уран барилгач шалгарсан байна. Түүний загварууд дэлхийн II дайны дараа Японд дэлгэрсэн метаболизм хэмээх хөдөлгөөний нөлөө тусгал бүхий ихээхэн модернист, хотожсон уур амьсгалтай байлаа. 1960-аад онд Япон улс хөгжил дэвшлийнхээ хурдаар дэлхийд тэргүүлж байсан бол удаад нь Югослав орж байжээ. Тиймээс тэр цагийн Токио, Скопье хоёрын дунд хол зөрүүтэй зүйл цөөн байж. Одоогийн Македоны нэртэй уран барилгачдын нэг Владимир Десковын хэлснээр Тангэгийн төлөвлөгөө цаг үеэсээ дор хаяж 100 жилээр түрүүлсэн гүйцэд сайн төлөвлөлт байсан гэнэ. Тангэ эртний түүхт худалдаа, зээлийн гудамжаа тойрон төвлөрсөн Скопьегийн хуучин төвийг Вардар мөрний эрэг хүртэл тэлж, их мөрний хоёр талаар хуваагдан сууж байсан хотын христ болон исламын шашинтнуудыг аль болох ойртуулан нөхөрлүүлэхийг зорьжээ. Тэрбээр хотын хоёр хэсгийг цайз хэрэмний нумарсан хана шиг үзэгдэх орон сууцны хорооллуудаар холбож, түүнийгээ хотын ханан гүүр хэмээн нэрийдсэн байна.
Вардар мөрний эрэг хавь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул Тангэ өргөн том далан шинээр барьж, дэнжийг нь өндөрлөж өгчээ. Харин шинээр буй болсон тэрхүү өндөрлөг дээр хотын иргэдийг шашин шүтлэгээс нь үл хамааран нэгтгэх соёлын төв, тоглолтын танхим зэргийг бариулсан байна. Тангэгийн зураг төсөлдөө тусгасан барилга байгууламжуудын дийлэнх нь баригдсан байдаг. Түүн дотор Кирил ба Методийн их сургууль, Дуурь бүжгийн театр, Харилцаа холбооны төв, Худалдааны төв зэрэг нь Скопьег нүүрэн талдаа сүрлэг том барилгуудтай, ардаа өргөн цэлгэр талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй, маш орчин үеийн уур амьсгалтай хот болгожээ. Харин мөнөөх ханан гүүр, түүний нэг захад босох байсан хотын их хаалга л биеллээ олоогүй байна.
Энэ нь Югославын эдийн засгийн хурдтай өсөлт 1980-аад оны сүүлчээр саарсантай холбоотой. Санхүү, эдийн засгийн хямралыг 1990-ээд оны Балканы дайн залгасан нь байдлыг бүр ч дордуулав. Македон улс хэдийгээр Югославын холбооны бусад улсаас хавьгүй бага хохирол амссан ч дайн самуун хэдэн мянган хүнийг ажилгүй болгожээ. Энэ нь Скопье хотын төлөвлөлтөд олон жилийн хойно хэний ч санаанд оромгүй байдлаар нөлөөлсөн байна. “Скопье 2014” төсөл ихээхэн популист ажил байсан нь мэргэжлийн бус уран барилгач, дизайнеруудыг урьж ажиллуулсан явдлаас харагдана. Албаныхан мөнөөх ажилгүй иргэдийн бага ч атугай хувийн дэмжлэгийг авахын тулд ийм шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхий сайд Никола Груевский өөрийгөө уг төслийн зохиогч гэдэг ч Скопье хотын өөрчлөлтийг ард түмний сонголт хэмээдэг нь чухам үүнтэй холбоотой юм.
Хуучин, шинэ ялгаагүй хотын бараг бүх барилга өдгөө эртний, түүхэн шинжтэй болж өөрчлөгджээ. Шил толин гадартай, тоосгон өнгөлгөөтэй барилгуудыг хүртэл эртний Македоны хэв загвартай болгон засаж, ур хийц муутай том том багана, хэдий гоёмсог ч барилгатайгаа үл авцалдах сонгодог загварын дээвэртэй болгоод байна. Кэнзо Тангэгийн зургаар боссон Дуурь бүжгийн театрын барилгыг хүртэл 2000 жилийн тэртээ баригдсан мэт харагдуулах гэж эртний Ромын үеийн довжоо, олон салаатай чийдэнгийн бүрхүүлээр гоёжээ. Ийм жигтэй өөрчлөлтийг ардчилсан засаглалтай хэмээгдэх өөр нэг ч улсаас олж харахгүй.
Энэхүү зохиомол, албадмал дүр байдал нь хотын шинээр, цогцоор буй болсон хэсэгт казино, зугаа цэнгэлийн газрыг санагдуулам бол 1960-аад оны барилга байгууламж олонтой газартаа Хойд Солонгосын нийслэл шиг, гэхдээ төлөвлөлт муутай хувилбар шиг нь харагдана. Тиймээс ч Скопьегийн иргэд хотоо Мини Лас Вегас гэх болжээ. Энэ нь “Скопье 2014” төслийн асар их зардал, эрх баригчдын үрэлгэн занг давхар егөөдсөн хэрэг юм. Албан бус мэдээгээр уг төсөл 500 сая еврогийн өртөгтэй байж. Энэ нь Европын хамгийн буурай хөгжилтэй орны тоонд багтах улсын хувьд асар их тоо. Гэхдээ албаны зарим хүн нийт зардлыг нь 80 сая еврогоос хэтрээгүй гэж мэдэгдэж буй ч энэ талаар албан ёсоор мэдээлэл хийсэн хүн одоогоор алга.
Маш богино хугацаанд хэрэгжсэн нь “Скопье 2014”-ийн өөр нэг гайхмаар шинж юм. Тангэгийн мастер төлөвлөгөө бүтэн 20 жилийн дараа л бодит биелэл болсон байхад уг төсөл ердөө дөрөвхөн жилийн дотор хотын өнгө төрхийг өөрчилжээ. Кирил ба Методийн их сургуулийн антропологич Горан Жаневийн хэлснээр эрх баригчид эл жигтэй төслөө ингэж хурдан хэрэгжүүлж байж л элдэв шүүмжлэлээс зугтсан байна. Нийслэл хотынхоо өмнөх дүр төрхийг хадгалж хамгаалах гэж тэмцсэн хүн хэдийгээр цөөнгүй байсан ч коммунист эриний үлдэгдлийг үгүй хийж, үндэсний хэв маягийг сэргээсэн гэх барилгууд гэнэт олноороо бий болсон нь олон нийтийг өөрсдийнх нь ч мэдэлгүйгээр эрх баригчдын талд урвуулсан хэмээн тэрбээр ярилаа.
Скопье хот өдгөө хоорондоо хагас зууны зайтай хэрэгжсэн хоёр том дахин төлөвлөлтийн эрс тэс шинжээр тогтохгүй, тэгш байдал болоод популизм, футуризм болоод хуучинсаг хандлага, интернационализм болоод үндсэрхэг үзэл, уран барилгыг төгс гүйцэтгэл бүхий урлаг, эсвээс хүссэнээ тунхаглах зэвсэг хэмээн үзэхийн хоорондох зөрчил, ялгааг илтгэх содон жигтэй газар болоод байна. Македоны нийслэл хот магадгүй уламжлалыг баримтлагчид нь модернистуудаа дийлсэн, одоогоор цорын ганц хот ч байж мэднэ.