Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Лос-Анжелесийн Номхон далайн цахилгаан тээврийн сүлжээ компанийн трамбайнууд 1961 оны дөрөвдүгээр сарын 9-нд сүүлчийн удаа үйлчилгээнд гарчээ. Тэдгээр улаан трамбайн зургууд өдгөө шинэ цагийн Лос-Анжелесийн иргэдэд харамсах, өнгөрснөө санагалзах мэдрэмж төрүүлдэг. Учир нь тус хотын нийтийн тээврийн үйлчилгээ нэгэн цагт бүх дэлхийд биш гэхэд, Америктаа хамгийн сайн, хамгийн томд тооцогдож байв.
Лос-Анжелес чухам тэр трамбайнуудаа халснаас хойш л суудлын жижиг тэргээр хахсан, утаа тортог ихтэй, хурдны замын сүлжээндээ бүслэгдэж, түүнээс хэт хараат хот болсон гэдэг. Улаан трамбайг 1960-аад оноос ердийн, хуучны автобуснууд орложээ. Харин яагаад гэнэтийн ийм өөрчлөлт болсныг сонирхож, түүх сөхвөл улаан трамбайн хэрэг анхандаа сайтар төлөвлөсөн хуйвалдаан шиг санагдана.
1938-1950 оны хооронд нэгэн компани Америкийн 25 хотын нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудыг худалдаж авчээ. Тэр компанийн нэрийг Үндэсний хотын сүлжээ гэнэ. Энэ нь хэдийгээр “гэмгүй” сонсогдох ч тус компанид хөрөнгө оруулагчдын дунд “General motors”, “Firestone tire”, “Rubber”, “Standard oil”, “Phillips petroleum”, “Mack trucks” зэрэг шатахуун, дугуй үйлдвэрлэл болон хувийн автомашины салбарын томоохон төлөөллүүд багтаж байв. Үндэсний хотын сүлжээ компани Лос-Анжелесийн цахилгаан тээврийн сүлжээг 1945 онд худалдаж авсан бөгөөд тус хотын нийтийн тээвэр ердөө 20-хон жилийн дотор дизель түлшээр явдаг автобус, хувийн машинтнуудаар солигджээ.
Өмнөд Калифорнийн Холбооны шүүх үүнийг бизнесийн хуйвалдаан гэж үзсэн бөгөөд 1947 онд олон арваараа ирсэн иргэдийн гомдол, хүсэлтэд үндэслэн хоёр жилийн дараа, 1949 онд “General motors” тэргүүтэй дөрвөн компанийг монополь тогтоохын тулд үгсэн хуйвалдсан гэсэн зүйл ангиар буруутгаж, 5000 ам.доллароор торгосон байна. Гэвч түүнээс хойш энэ хэрэг олон нийтийн анхаарлыг таталгүй байсаар мартагджээ.
Харин Америкийн нийтийн тээврийн уламжлалт үйлчилгээг хүч, нөлөөтэй томоохон корпорацууд зөвхөн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зориудаар үгүй хийсэн болохыг 1974 онд сөхөж, сая нэг Сенатын анхааралд авчирсан хүн бол залуухан өмгөөлөгч Брэдфорд Снелл юм. Тэрбээр “General motors”-ыг эл хуйвалдаанаас хэдэн тэрбумын ашиг олсон, Америкийн нийгмийг автомашинаас бүрэн хараат болгосон хэмээн үзэж. Мөн хувийн унаа тэрэгний тоог сая саяар нэмсний хувьд тус компанийг байгаль орчин ихээр сүйтгэсэн гэжээ.
Снелл Лос-Анжелес хотын захирагч Том Брэдлигээс мэдэгдэл хийхийг хүссэнд цаадах нь удтал хүлээлгэсний эцэст “General motors”-ыг Номхон далайн цахилгаан тээврийн сүлжээ, трамбайн замуудыг худалдан авч, үгүй хийсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Харин “General motors” байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бөгөөд Үндэсний хотын сүлжээ компанитай 1946 онд нэгдсэн Америкийн хотын сүлжээ гэх компанид хөрөнгө оруулж байснаа зөвшөөрснөөс өөрөөр ямар нэг тайлбар хийгээгүй аж. Гэхдээ Үндэсний хотын сүлжээ “General motors”-оос их хэмжээний мөнгө аваагүй байсан ч, Лос-Анжелесийн цахилгаан тээврийн компанийг худалдаж авахад оролцоогүй байлаа ч Америкийн нийтийн тээврийн дуулиан нэрээр түүхэнд үлдсэн хэрэг хэдийнэ мандаад байлаа.
“Авто айдас: Машины эриний хар, цагаан” номын зохиогч Брайан Ладдын хэлснээр америкчууд, тэр дундаа Лос-Анжелес хотынхон дэлхий нийтийн атаархлыг төрүүлэм нийтийн тээврийн үйлчилгээгээ түгжрэлтэй замаар сольсонд харамсаад барамгүйн дээр “Америкчууд яагаад ийм бодлогогүй байв” гэсэн асуулт үүсгэнэ. Хариулт нь Номхон далайн цахилгаан тээврийн сүлжээ, Лос-Анжелесийн трамбайн компанийн аль алиных нь эхэн үеийн түүхээс олддог байна.
Эдгээр компани хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ч анхнаасаа нийтийн эзэмшил юм уу, төрийн мэдэлд байгаагүй аж. Аль аль нь Лос-Анжелест 1880-аад онд суурь нь тавигдсан цахилгаан тээврийн үйлчилгээний залгамж халаа болон 1901 оноос үйлчилгээ явуулсан бөгөөд гол эзэн нь Өмнөд Калифорнийн магнат Хенри Э.Хантингтон гэгч байлаа. Тэрбээр том хөрөнгөтөн, алсын хараатай бизнесмэнээс гадна үе улиран өвлөгдсөн асар том газрын эзэн байж. Тиймээс нэг талаар тус хотынхныг аль болох хол зорчуулж, болж өгвөл өөрийнхөө газраас хотын шинэ хөрөнгөтнүүдэд зарж борлуулан, ашиг олохын тулд нийтийн тээврийн үйлчилгээг дэмжиж, өргөтгөн тэлсэн байна. Тэгэхээр цахилгаан сүлжээний үйлчилгээ нь өөрөө анхнаасаа хуйвалдаан байжээ.
Гэтэл Номхон далайн цахилгаан тээврийн сүлжээг өргөжихтэй зэрэгцээд хувийн тэрэгтэй болох моод Америк даяар дэлгэрэх нь тэр. Энэ нь мөнөөхөн хуйвалдаанаас ч өмнө Лос-Анжелесийн өнгө төрх өөрчлөгдөхөд нөлөөлж, хотын иргэдийн ердөө 10 хувь нь автомашинтай болсны дараагаас эхлэн нийтийн тээвэр мэдэгдэхүйц цөөрсөн байна. 1920-иод оны сүүлч гэхэд Америкийн хотуудын 20-хон хувьд л автобус, трамбайн үйлчилгээ үлджээ. Харин 1940-өөд онд буюу Үндэсний хотын сүлжээ компани Лос-Анжелесийн трамбайн сүлжээг худалдаж авах үед Америкийн бараг бүх хотод цахилгаан тээвэр үгүй болсон байсан агаад трамбайн компаниудын дампуурсан явдлын ердөө 10 хувьд нь Үндэсний хотын сүлжээ компани холбоотой байлаа.
Үүнээс дүгнэвэл Америк орныг нийтийн тээврийн томоохон сүлжээгүй болгосон, тэр дундаа Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн том эргэлт өөрчлөлтийг авчирсан гэх нийтийн тээврийн дуулианы цаад эзэн нь тэгэхээр “General motors”, Үндэсний хотын сүлжээ тэргүүтэй компаниуд бус, харин хувийн өмчийг хэт дээгүүрт үнэлсэн, хурдны замын сүлжээг хөхиүлэн дэмжсэн Америкийн төв Засгийн газар болоод тэртээ 1920-иод онд цахилгаан тээврийн сүлжээг олон нийтийн өмч болгохын эсрэг санал өгч, үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлнэ гэж үзсэн Лос-Анжелесийн иргэд өөрсдөө юм.
Өдгөө автомашин үйлдвэрлэгч компаниуд үгсэн хуйвалдаж, цахилгаан тээврийн сүлжээг санаатайгаар сүйтгээгүйг нотлох хэдэн арван баримт олдлоо ч “General motors” тэргүүтэй компаниуд, ерөөс америк капитализмын хэв маяг Лос-Анжелесийг автомашинд донтогчдын хот болгож, сонгодог өнгө төрхийг нь эвдэж орхисонтой маргах хүн үгүй биз.
Зөвхөн тэднийг буруутгах нь өрөөсгөл атал нийтийн тээврийн дуулианыг санах эл хотынхны ой тойнд “General motors” зэрэг компани хэзээд буруутан байдаг нь улаан трамбай үгүй болсноос хойш тэд л үлэмж хэмжээний ашиг олсонтой холбоотой юм.