Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
1944 оны наймдугаар сард Польшийн эсэргүүцэх хөдөлгөөнийхөн Варшав хотыг эзэлсэн нацистуудын эсрэг эцсийн хүчээ шавхан тэмцэж байлаа. Тэд Польшийн найрагч Чеслав Милошийн тодорхойлсончлон нацизмын “хар, улаан алагласан ертөнц”-өөс нийслэл хотоо чөлөөлөхөөр амь, биеэ үл хайрлан боссон нь тэр байв.
Варшавын бослого нэрээр түүхэнд үлдсэн энэ явдлын үеэр польшууд дайсандаа хүндхэн цохилт өгч, 20 мянга гаруй нацистыг нэг бол хороож, үгүй бол хүнд шархдуулжээ. Гэвч бослогын гол хохирогч нь энгийн иргэд байсан агаад үймээний үеэр 150 мянга гаруй варшавчууд амь эрсэдсэн байна. Нацистууд харин бослогын хариуд Польшийн нийслэлийг газартай тэгшлэв. Хотын түүхэн барилга байгууламжийн 85 хувь нуранги балгас боллоо. Үүгээрээ Варшав Европын аль ч хотоос илүү сүйдэж хоцорсон бөгөөд дэлхийн II дайны үед бусад хот суурин ердийн гэж болох эвдрэл сүйтгэл амссан бол Гитлерийн цэргүүд ганц Варшавыг л зохион байгуулалттайгаар, ердөө хоёрхон сарын дотор үнс нурам болгожээ.
Харин эл гай гамшгийг варшавынхны их бүтээн байгуулалт, сэргээн босголтын түүх залгадаг юм. Тэд Венецийн зураач Бернардо Беллотто (1722-1780)-гийн хотын байдлыг харуулсан зургуудыг эш үндэс болгон нийслэлээ урьдын дүр байдлаар нь шинээр босгожээ. Каналетто гэх өөр нэрээр мөн алдаршсан Беллотто нь 1768 онд Польшийн хааны зураачаар томилогдсон, Европын олон том хотын зургийг уран сайхнаар зурж бүтээснээрээ нэр хүнд олсон нэгэн байж. Тэрбээр Польшийн хааны хүсэлтээр Варшавын гудамж талбай, хамгийн гоц гойд барилгуудыг зурж үлдээжээ. Харин тэр бүтээлүүд нь бараг хоёр зууны дараа Варшавын түүхэн хэсгийг сэргээн засварлахад гол эх сурвалж, гарын авлага болсон байна. Өдгөө шинээр босгосон Варшавын тэр л түүхэн хэсэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй юм.
Уран барилгач Херманн Х.Фильд 1947 оны зун хэдэн америк загвар зохион бүтээгч дагуулан Европоор аялж, дайны дараах сэргээн босголтын явцыг нь нүдээр үзжээ. Тэд Англи, Чехословак, Польшоор явж, зөвхөн Польшид гэхэд Варшав, Краков, Катовице, Вроцлав, Щецин зэрэг олон хотын байр байдалтай танилцсан байдаг. Тэдний дарсан гэрэл зургууд дайны дараах хот газрын нийтлэг төрх болох дэлбэрэлтэд өртсөн байшин барилгуудыг л харуулсан байлаа. Британийн “Пате” теле сэтгүүлийн 1950 оны нэгэн дугаарт мөн сэргээн босголт нь эхэлсэн ч нуранги дунд буй Варшавыг харуулдаг. Тэр үед Варшав хотыг үнс нурам болсон чигээр нь байлгах, тэгж гэмээнэ дайны хор уршгийг ирээдүй хойч мартахгүй, харин шинэ нийслэлийг огт өөр газарт, өөр нэрээр барьж байгуулах саналтай хүмүүс ч байжээ.
Дайны дараах Варшавын иргэд хүн амьдрах аргагүй орчинд аж төрж байв. Польшийн зохиолч Леопольд Тирмандын бичсэнээр эвдрэл сүйтгэлээс үлдсэн тоос тортог хэдэн жилдээ дарагдаагүй бөгөөд балгас болсон байшингуудыг нурааж, орчин тойрныг цэвэрлэн, хотыг цоо шинээр барих хүртэлх хугацаанд варшавчууд жилд дунджаар дөрвөн тоосго залгисантай тэнцэх тоос шороогоор амьсгалсан байна. Харин Варшав хотынхон эрүүл мэндээ золин байж сэргээн босголтод хэний ч албадлагагүйгээр идэвхийлэн оролцсон нь төрөлх хотоо гэсэн итгэл, сэтгэлийнх байлаа.
Бөөнөөр хорих лагерийн барилгаас үлдсэн цементэн хавтанг орон сууцны шинэ хороолол барихад, хотын түүхэн хэсгээс олдсон хуучин барилгуудын үлдэгдлийг зам тавихад ашигласан тухай түүхэн өвийн хадгалалт, хамгаалалт чиглэлээр Берлиний Техникийн их сургуульд эрдмийн ажил эрхэлдэг Малгорзата Попиолек хэмээх польш судлаач өгүүлж байна. Түүний баталж буйгаар мэргэшсэн инженер, барилгачид Варшавыг сэргээн босгох ажлын голыг нугалсан ч үлэмж хэмжээний барилгын хаягдлыг цэвэрлэх, зөөх хүнд хүчир ажлыг дан энгийн иргэд гүйцэтгэжээ. Тэд л дахин ашиглаж болох хаягдал хавтан, тоосго зэрэг дутахад ойролцоох хот тосгодоос барилгын хаягдал тээвэрлэн авчирдаг байж. Харин хотын өнгө төрхийг сэргээхэд Бернардо Беллоттогийн зургуудаас өөр найдаж болох баттай эх сурвалж байсангүй.
Түүний Варшав хотыг дүрсэлсэн гудамжны 22 уран зургийг харийнхан улсын сан хөмрөгөөс нь нэг бус удаа булааж байжээ. Наполеоны цэргүүд 1807 онд дөрвөн зураг Франц руу илгээж байсан бол Оросын эзэн хаан I Николай 1832 онд цувралыг бүхлээр нь өөрийн мэдэлд авч, урландаа залж байв. Германчууд ч мөн 1939 онд Польшийг эзлэхдээ Беллоттогийн бүтээлүүдийг хурааж авсны дотор дээрх 22 зураг байлаа. Дэлхийн II дайны үед тэдгээр зураг польшуудад нэн эрхэм болжээ. Учир нь Польшийн түүхтэй холбогдох урлаг, түүх соёлын олон ч дурсгалыг нацистууд хураан авч, тус улсыг германчлахын тулд тэр бүхнийг устгана хэмээн мэдэгдэж байж. Харин тэрхүү 22 зураг дайныг бүрэн бүтэн давсан бөгөөд 1984 оноос хойш Варшав хот дахь Польшийн хааны өргөөний Каналеттогийн өрөө хэмээн шинээр нэрлэгдсэн үзэсгэлэнгийн танхимд дэлгээтэй байна.
Беллоттогийн уран зургууд, Польшийн уран барилгач, урлагийн түүхчдийн богино хугацаанд гаргасан төлөвлөгөө, хар зургийн ачаар Варшавын түүхэн хэсгийг тун хурдан, хэдхэн жилийн дотор барьжээ. Барилгын ажлын дийлэнх хэсэг 1955 оноос өмнө дууссан бол засвар шинэчлэл нь 1980-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн байх юм. Варшав хотынхон тэгэхээр дайны ул мөрийг одоо хүртэл бага ч гэсэн биетээр мэдэрдэг гэсэн үг. Харин Беллоттогийн уран зургууд барилга байшин, гудамж талбайн ерөнхий дүр байдлын эх болж амилснаас бус 100 хувь биежээгүй байна. Тэрбээр барилга байгууламжийн нарийн эс ширхгээс илүү өнгө зүсэнд нь анхаарч, усан будаг ашигласан тул зургууд нь яг л бодит мэт болжээ. Чухам түүний гаргасан бор шаргал, хүрэн өнгөнүүд өдгөө Польшийн нийслэл хотод зонхилж байна. Хэрэв Беллоттогийн уран нарийн зургууд байгаагүй бол, мөнөөх 22 зураг дайны үеэр үрэгдсэн бол Варшав хот өнөөдөр огт өөр харагдах байлаа.
Эрдэмтэн судлаачдаар тогтохгүй албаны хүмүүс хүртэл Сирийн Пальмира зэрэг эртний түүхэн хотууд, тэдгээрийн уран барилгын хосгүй үнэт өвийн өнгө төрхийг 3D технологи ашиглан байж болох хамгийн бодит хэлбэрээр нь хадгалж үлдэхийг эрмэлзэж буй энэ цаг үед Варшавын ийнхүү шинээр төрсөн түүх ихээхэн ач холбогдолтой юм. “Исламын улс” бүлэглэлийнхний эвдэлж сүйдэлсэн Пальмира хотыг энх цаг ирмэгц сэргээн босгох хүсэлтэй “Шинэ Пальмира” төслийн удирдагч Жон Филипсийн хэлснээр хотын бүрэн бүтэн байх үеийн зургийг дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн илгээж буй гэнэ. Тэр бүх зургийг нэгэн цагт яг л Беллоттогийн зургийн адил хотын сэргээн босголтод ашиглах юм.