Шотланд эр Питер Тобин айлын долоон хүүхдийн отгон нь байв. Багаасаа хэцүү хүүхэд байжээ. 1946 онд төрсөн тэрбээр 1970 онд дээрмийн хэргээр шоронд оржээ. Хэд хэдэн удаа гэрлэж хоёр хүү, нэг охинтой болсон ч охин нь нас барсан байна. 14 настай хоёр охин хүчирхийлсний улмаас 1993-2004 онд шоронд хоригджээ. Өөрийнх нь мэдүүлсэн хийгээд үндэслэлтэй сэжиглэлээр бол 48 хүний аминд хүрч, гурван удаа аллага үйлдэн, бусад гэмт хэрэг өдүүлсний улмаас насаараа хоригдох ял авч байсан гэнэ.
Католик сүмд цэвэрлэгчээр ажилладаг польш оюутан Анжелика Клакийг 2006 оны есдүгээр сард Тобин хүчиндээд, зодоод, сүмийн дэргэдэх гараашид алаад хаячихсан байв. Тобин бас энд ажилладаг байж. Оюутан охиныг амьсгал хураагаагүй байхад нь сүмийн гонхны дэргэд нууц байранд аваачсан байсан нь шинжилгээгээр нотлогдсон аж. Тобин Лондон хотоос баригдаж, харилцан тохиролцож байж энгэр зөрүүлсэн гэж зүтгэсэн ч хүчиндэж алсан болохыг нь нотолсон байна. Түүнд доод тал нь 21 жилийн хугацаанд суллагдах эрхгүйгээр насаар нь хорих ял өгчээ.
15 настай охин Вика Гамильтон 1991 онд алга болчихов. Хамгийн сүүлд түүнийг автобусны буудал дээр байхыг нь хүмүүс харжээ. Тобиныг баривчилсныхаа дараа 2007 онд гэрт нь нэгжлэг хийхэд хоёр цогцос олдсоны нэг Викагийнх байв. Тиймээс Тобиныг шүүхээр дахин хэлэлцэж, 2008 онд ялынх нь доод хугацааг 30 жил болгож ахиулсан байна. Цогцос ихэд муудсан байснаас хохирогчийг хэрхэн хороосныг нь одоо болтол тодорхойлж чадаагүй аж. Викаг Тобин хүчиндсэн байх магадлалтай ч түүнийг хэзээ, яаж алсан нь тодорхойгүй байв.
Өөр нэг золиос болох Дина Мак Николь 1991 онд 18 настайдаа сураггүй болжээ. Алга болсон байдлаас нь үзвэл түүнийг алагджээ гэх сэжиг төрөхөөргүй байсан ч Тобины амьдарч байсан байшингаас 2007 онд хүний хэлхээ ясыг цагдаа нар олсон байна. Энэ үлдэгдэл Динагийнх болохыг хожим нь тогтоосон аж.
Илрээгүй байгаа 13 аллагад Тобин оролцсон эсэхийг тогтоохоор амьдралынхаа туршид түүний шилжин суурьшиж байсан газруудыг нь Их Британийн цагдаагийн байгууллага одоо мөрдөн шалгаж байна.
Тобин өөрөө 48 хүн алснаа хүлээжээ. Тэрбээр Глазго хотод аж төрж байгаад 1969 онд тэндээс явсан байна. Энэ үеэр “Библейн Жон” гэж алдаршсан алуурчин хэсэг хугацаанд аллага үйлдсэнгүй. Тобин, энэ Жон хоёрт адил зүйл нэлээд байв. Сарын тэмдэг нь илрээд буй эмэгтэйд сүсэг бишрэлийнхээ улмаас Жон их түрэмгий ханддаг байсан бол католик шашин шүтдэг Тобинд ч ийм хандлага байсан аж.
Тобинд шоронгийн “хамууд” нь халдсан гэнэ гэх мэдээлэл 2007 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр тархав. Хормойн донтой эр хөнгөн бэртсэн байлаа. Польш оюутан эмэгтэйг хүчиндээд алсан хэрэг үйлдсэн гаж донтон насаараа хоригдох ялаа эдэлж гарч ирчихээд бас нэг аймшигтай хэрэг үйлдэж 15 настай охины амийг хөнөөжээ гэх дуулиан 2008 онд Их Британид дуулдав. Шотландын Данун хотын Дээд шүүх 62 настай Питер Тобинд 30 жил хорих ял өгсөн байна.
Дээр цухас өгүүлсэн 15 настай сурагч охин Вика Гамильтонд Тобин онц хэрцгий хандсан байдаг. Охин эгчийндээ оччихоод буцаж явахдаа алуурчны гарт өртсөн аж. Охиныг хүчиндэж, амийг нь хороочихоод цогцсыг нь хоёр хуваасан байна. Цагдаа нар алга болсон охиныг эрж хайж эхэлснийг дуулаад Тобин цогцсыг хоёр уутанд хийгээд 800 км зам туулж Шотландын Баруун Лотиан мужид аваачжээ. Викагийн ээж Жанет Гамильтон уй гашууд автсаар хоёр жилийн дараа сандал дээр суусан чигээрээ амьсгал хураасан аж. Хөөрхий эмэгтэй тэр сандал дээр суун хоёр жил охиноо хүлээсэн гэдэг. Тангарагтны 12 шүүгч Тобинд нэгэн дуугаар ял онооход өмгөөлөгч Дональд Финдли нь түүнийг хөнгөлүүлэх талаар огт үг хэлээгүй аж.
Тобины хэргийг амжилттай сайн мөрдөж шалгасан Дэвид Свиндэлд Их Британийн Хууль зүйн сайд баяр хүргэжээ. Вика Гамильтон, Анжелика Клак хоёрын амийг хороосон үйлдлийн хооронд хэлхээ холбоо байгааг энэ мөрдөгч олж харсан байна.
Оюутан охин амиа алдсан хэргийг шалгаж байхдаа тухайн үед Лотиан мужийн баруун хэсэгт Батгейт хотод Тобин аж төрж байсныг нь анзаарчээ. Цаг хугацааны энэ завсарт л Вика охин сураггүй болсон байв. Охиныг Глазго, Эдинбург хоёрын дунд орших Ливингстон хотод сүүлчийн удаа 1991 оны хоёрдугаар сарын 10-нд хүмүүс харсан байжээ. Цастай, хүйтэн тэр шөнө охин харихаар автобусны буудал дээр зогсож байж. Урьд нь дандаа ах дүү нарынхаа хэн нэгэнтэй нь хамт явж байсан тэрбээр энэ удаа ганцаар явахаас аргагүй болсон байна. Тэгээд машинаараа ирээд аваач гэж хэлэхээр утасдсан ч аав нь гэртээ байсангүй. Жон ахтайгаа ч хэл ам авалцаж чадсангүй. Охин Батгейт дээр бууж, өөр автобусанд суух ёстой байв. Чухам ямар автобусанд суухаа сайн мэдэхгүй байснаас тааралдсан хүмүүсээс асуухад хүрсэн бөгөөд гай болоход тэдний нэг нь Питер Тобин байж таарчээ.
Вика охиныг алга болохоос нэг жилийн өмнө Тобины хоёр дахь гэргий Силвия нь яваад өгчээ. Хүүхдийнхээ дэргэд ална гэж заналхийлдэг хэрцгий нөхрийнхөө авирыг энэ бүсгүй тэвчсэнгүй. Тобин эмэгтэй хүнд хэрхэн ханддаг нь 1969 онд хоёр тийш болсон эхний гэргий Маргаретынх нь ярианаас тодорхой болсон байна. Түүний ярьснаас үзвэл бэлгийн гаж үйлдэл, доромжлолоос нь болж анхны гэргий нь хүүхэд тээх боломжгүй болсон аж. Тэгэхлээр Вика охин ямар тамлал эдэлснийг төсөөлөхөд түвэгтэй биш.
Силвияг явснаас хойш Тобинд санхүүгийн бэрхшээл тулгарсан төдийгүй мансууруулах бодис хэтрүүлж хэрэглэснээс гаж донтон амиа алдахад ч дөхсөн удаатай аж. Тэрбээр өөрийгөө амьдрах аргагүй болсон хэмээн Вика охинтой тааралдахаасаа нэг сарын өмнө зарлаж байжээ. Үүнийхээ дараа хорвоод, тэр дундаа эмэгтэй хүнд хорсол өвөрлөх болсон Тобин өшөөгөө авах хүнийг хайх болсон байна. Тэгээд хаачихаа, яахаа мэдэхгүй явах болов. Хахир хүйтэн тэр орой улаа бутарсан хацартай Вика Гамильтон түүний анхаарлыг эрхгүй татжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны эцэст таамагласнаар бол охиныг Батгейт хотын төвөөс холгүй газраас хулгайлсан бололтой. Тэд чухам яагаад уулзалдсан нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн ажилтан Кейт Андерсон болохоор замаа мэдэхгүй болсон охины будилсан байдал Тобины анхаарлыг татсан байх гэж үзэж байна. Тэгээд машиндаа суухыг мань эр ятгаж дөнгөсөн хэрэг. Гэрт нь хүргэж өгье гэж гаж донтон хэлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Замдаа Викад халуун уух юм авч өгөхдөө хүчтэй нөлөөлдөг нойрсуулагч дотор нь хийсэн болов уу. Дараа нь машиндаа аваачаад суудал дороо хийн ухаан мэдрэлгүй болгоод ёс бусаар бэлгийн “ажил” хийсэн. Охиныг машиндаа хаячихаад зоогийн газар оржээ. Эргэж ирээд чичлүүр хутгаар Викагийн цогцсыг хувааж, зузаан гялгар уутанд хийж амыг нь боогоод, хутгаа байшингийнхаа дээврийн хонгилд нуусан аж.
Тобин дөрвөн өдрийн дараа буюу 1991 оны хоёрдугаар сарын 14-нд гурван настай хүүгээ хэд хоног гэртээ байлгахаар авчраад амийг нь хороосон хүнийхээ түрийвчийг өгч тоглуулжээ. Хүү нь түүн дээр шүднийхээ мөрийг үлдээсэн нь Вика Гамильтоны амийг хороосон хүний мөрөөр 16 жилийн дараа ороход тус болсон аж. Сүүлд нь Тобин тэр түрийвчийг Лондон руу явдаг автобусны буудлаас холгүй Гэгээн Андрейгийн талбай дээр хаячихжээ. Тэрбээр Вика охиныг нийслэл рүү зугтсан болгох гэж оролдсон нь энэ байв. Охин алга болсон тухай мэдээ Тобиныг маш их сандрааж хямрааснаас илчлэгдэхвий хэмээн ихэд айсан тэрбээр эмнэлэгт хэвтэхэд ч хүрсэн байна. Тобин дуугаа хурааж, хуучнаасаа илүү түрэмгий, харгис авиртай болж байлаа. Маш дэг журамгүй амьдарч, мансууруулах бодист хорхойсох болсон байна. Викаг алсан хэргийг мөрдөн шалгах явцад 10 мянган хүнээс ямар нэг хэмжээгээр мэдүүлэг авсан байна. Тэдний дунд Тобин байсангүй. Гэрч баримт олдоогүй тул энэ хэргийг архивт шилжүүлэв.
15 жилийн дараа Тобин Шотландад буцаж ирээд нөгөө л гэмт хэргээ үйлджээ. Польш оюутан эмэгтэй Анжелика Клакийг Глазго хотод байх сүм дотор алж орхив. Тэрбээр удалгүй цагдаа нарын анхааралд өртөв. Хэргийг мөрдөж байсан ажилтнууд уг сүмд юухан хээхэн хийдэг Тобин урьд нь Батгейт хотод амьдарч байсныг мэдэж үүнд анхаарлаа хандуулжээ. Чухам энэ цаг үед Вика Гамильтон алга болсон байлаа. Тэгээд архивт шилжүүлсэн хэргийг сэргээн, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Юуны түрүүнд Викагийн хэтэвчийг шинжилгээнд явуулав. Үр дүн нь тун санаанд оромгүй байсан бөгөөд түүн дэр үлдсэн шүдний мөр Тобины хүү Дэнисийнх байв. Ингээд оюутан Клакийг алсан хэргийнх нь төлөө Тобинд ял оноож байх зуураа Викагийн үхэлд түүний буруутайг нотлох баримтыг мөрдөгчид хайж байжээ.
2006 оны зургадугаар сарын 5-нд Тобины гэрээс олсон хутганд Викагийн цус наалдсан байсныг илрүүлэв. Хотоос гадагш байх Тобины гэрээс Викагийн цогцосноос үлдсэн зүйлийг 2007 оны эцсээр оллоо. Гялгар уутан дээр Тобины хурууны хээ байхыг ч илрүүлэв. Охиныг зэрлэгээр хүчирхийлснийг нь ч нарийн шинжилгээгээр тогтоолоо. Питер Тобиныг 40 жилийн хугацаанд 11 охид, эмэгтэйн аминд хүрсэн гэж үзэв. Бас 1960-аад онд үйлдэгдсэн аллагын гурван хэрэгт Тобин холбоотой эсэхийг одоо шалгаж байгаа аж. Цагдаа нарт байгаа баримтаар Тобин 1968-1969 онд Глазго хотод байсан бөгөөд чухам энэ үед 25 настай Патрисия Докер, 32 настай Жемима Макдональд, 29 настай Элен Путток нар амиа алджээ.
Тэд хүрэн үстэй, бараан өнгийн хувцас өмсдөг, дисконд очдог байж. 1968 онд анхны эмэгтэй алга болоход Тобин 21 настай байв. Цагдаа нарын хараанд мань эр их хожуу 1994 онд л өртөж, 14 настай охинд мансууруулах бодис хольсон коктейль өгч, дараа нь хүчирхийлэн эзэмдсэн хэрэгтээ 10 жилийн ял авсан байна. Шоронд орохынхоо өмнө Тобин оршин суух газраа өөрчилж, өөр нэрээр аж төрөх гэж оролдсон гэдэг.