Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим дийлэнх олонхын саналаар улсынхаа цөмийн бамбайг шинэчлэхээр боллоо. Пуужингийн “Trident” систем суурилуулсан шумбагч шинэ хөлөг онгоц үйлдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Тус улсын БХЯ-ны урьдчилан тооцоолсноор, уг хөтөлбөрт төсвөөс 31 тэрбум фунт стерлинг буюу 41.6 тэрбум доллар зарцуулна.
Энэ бол зургаа дахин бууруулсан дүн гэж уг төлөвлөгөөг эсэргүүцэгчид үзэж байна. Тэдний тооцоолж буйгаар, төслийн өртөг 205 тэрбум фунт стерлинг буюу 275 тэрбум доллар болох аж. Орос, Умард Солонгос зэрэг улсаас аюул учирч болзошгүй учир ийм төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тайлбарласан байна. “Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн жишээг бид харсан.
Өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын тогтолцоог хөндөх хүсэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бий гэдэг нь эргэлзээгүй” хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд оросууд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй, цөмийн гэнэтийн туршилтуудын давтамж нэмэгдэж, түгшүүр их байсан гэнэ. Польш, Литватай хил залгадаг, Балтын тэнгист оршдог Калининград болон Крымд цөмийн зэвсэг байрлуулахаар В.Путин хэдийнэ сүрдүүлснийг Мэй тэмдэглэжээ. Цөмийн тогтоон барих хүчнээс бид татгалзвал Британийн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар хүлээсэн бидний үүрэг зөрчигдөх учир аливаа дайсагнагч этгээдэд бид дохиогоо өгөх ёстой гэж Тереза Мэй хэлсэн байна.
Шинэ Засгийн газарт улиран Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй Майкл Фэллон мөн ийм байр суурьтай байдаг. Тодруулбал, өнгөрсөн оны намар парламентдаа үг хэлэхдээ, Орос улс өшөө авах магадлал нэмэгдэж буй учир ирээдүйд цөмийн аюул учрахгүй гэж бодож болохгүй юм. Тиймээс Британи далайд байрлалтай найдвартай, бие даасан тогтоон барих хүчинтэй байх ёстой гэж Фэллон үзэж байна.
Төлөөлөгчдийн танхимд өрнөсөн шүүмжлэл болон санал хураалт нь Британийн Лейборист нам хагаралтай байгаагийн бас нэг нотолгоо болжээ. Тус улсын гол сөрөг хүчний олон гишүүн Засгийн газрын саналыг дэмжсэн бол, намын тэргүүн Жереми Корбин эсэргүүцсэн байна. Үүгээр зогсохгүй олон асуудлаар лейбористууд санал зөрдөг. Удахгүй болох тус намын даргын ээлжит бус сонгуулиар Жереми Корбин албан тушаалаа орхиход хүрч магадгүй байна.