Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Блог дээрээ олны анхаарлыг татах нэгэн видео бичлэг байршуулсан 16 настай Амос Иег 2015 оны тавдугаар сарын 12- нд Сингапурын шүүх насанд хүрсэн хүний хувиар шийтгэж, дөрвөн долоо хоног хорих ял оноожээ. Ие нь шүүхээс ял сонсохоосоо зургаан долоо хоногийн өмнө Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн талаар зүй бус материал нийтэлсэн аж. Тэр нь “Ли Куан Ю одоо л нэг амьсгал хураалаа” гэсэн гарчигтай байв. Ие уг бичлэгтээ Ли Куан Ю нь хэдийгээр Сингапурыг жижигхэн боомт хотоос дэлхийн хэмжээний хот болгосон гавьяатай ч сайтар судалбал түүний бүтээсэн Сингапур орон ажлын олон цагтай, цалин хөлсний тэгш бус хуваарилалт, ядуурал, их хэмжээний татвартай, эрүүл мэндийн үйлчилгээ сул, нийгмийн халамж, аюулгүй байдалд зарцуулах хөрөнгө мөнгө дутмаг, материализмыг шүтсэн, шүүмжлэгчдийн үгийг тоодоггүй төр засагтай улс болсон гэжээ. Тэмцэгч хөвгүүн эл зоригтой мэдэгдлээ сингапурчуудын хувьд бурханчлан тахигддаг Ли Куан Юг өөд болсноос ердөө дөрөв хоногийн дараа цахим сүлжээнд байршуулсан байна. Тэрбээр улс орныхоо үндэслэгч эцгийг зөвхөн эд хөрөнгө, эрх мэдэл л аз жаргал авчирдаг хэмээн эндүүрсэн, Сингапурын нийгмийг хэдий чинээлэг ч бухимдал ихтэй болгосон гэхчилэн шүүмжилсэн байлаа.
Сингапурт суурьшсан хятад гэр бүлийн дөрөв дэх удмын хүү болох Ли Куан Ю нь тус улсыг Их Британийн колони байх цагт Кэмбрижийн их сургууль болон Лондоны Эдийн засгийн сургуулийг дүүргэсэн, ихэд англижсан нэгэн байв. Түүнийг Британийн Гадаад хэргийн сайд Жорж Браун “Суэцийн сувгийн зүүн талд буй англичуудаас хамгийн адтай, чадалтай эр” хэмээн үнэлж байжээ. Харин Ли Куан Ю чухам Англид байхдаа үндэсний үзэлтэй болсон аж. Тэрбээр хожим оюутан ахуй цагаа дурсахдаа “Би англичуудын дунд ороод л тэднийг биднээс илүү биш, биднийг захирах ёсгүй гэдгийг ойлгосон” хэмээн ярьсан байдаг.
Ли Куан Ю 1959 оны сонгуулиар буюу британичууд Сингапурт өөртөө засах хэмжээт эрх олгосны дараах анхны сонгуульд Ардын үйл хэргийн намыг тэргүүлэн оролцож, улс төрийн тавцанд анх тодорч иржээ. Дэлхийн II дайны үед Японд эзлэгдээд байсан тус арал холбоотнуудын бөмбөгдөлтөд олонтаа өртсөнөөс эдийн засаг, нийгэм, хот байгуулалт гээд юм бүхэн нь сүйрэл мөхлийн ирмэгт тулаад байж. “Asia Scene” сэтгүүлийн 1960 оны нэгэн дугаарт Сингапурыг “Ядуурал, бохир завааны туйл” хэмээн бичсэн байв.
Ардын үйл хэргийн нам сонгуульд ялж, эрх барих хүчин болсны хувьд Британийн орхигдож хаягдсан худалдааны боомтыг тусгаар тогтносон улс болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээлээ. Энэ нь Сингапурын Малайзтай нэгдэн хэсэг зуур холбоот улс болсон зэрвэс үеийн дараа, 1965 оноос хойш бүр ч амин чухал ажил болжээ. Харин Ли Куан Ю Сингапурыг орчин үежсэн, шинэлгээс гадна сайтар төлөвлөгдсөн, нарийн зохион байгуулалттай хот болгохыг зорьсон байна.
Сингапурыг анх эзэмшил нутгийн хувиар үүсгэн байгуулсан Британийн Сэр хэргэмт Стэмфорд Раффльс хэмээх сурвалжтан тус арлыг 1819 онд Дорнын Манчэстер хэмээн нэрийдсэн байдаг. Сингапур нь хэдийгээр Британийн ноёрхол дор хурдтай өргөжин тэлсэн ч цагаачдын үл тасрах цуваа, бохир заваан орчноос болж тун эмх замбараагүй, ядуусын аминд нэн халтай хот болжээ. Үүнийг өөрчилж, Дорнын Манчэстер гэх нэрэнд нь илүү ойртуулахын тулд Раффльс эгц шулуун гудамж, арилжаа худалдааны бие даасан бүс, үндэстэн ястан хоорондын зааг бүхий орон сууцны хороолол зэргийг багтаасан Сингапурын анхны хот төлөвлөлтийн зургийг 1822 онд гаргасан байна.
Гэвч сингапурчуудын орон байрны хомсдол Раффльсын төлөвлөгөө батлагдсанаас 100 гаруй жилийн дараа буюу Ардын үйл хэргийн нам засгийн эрхэнд гарах үед хүртэл тус улсын томоохон хүндрэл бэрхшээл хэвээр байлаа. Ли Куан Ю уг асуудлыг хариуцах тусгай албыг 1960 онд байгуулсан нь шинээр бий болсон Үндэсний хөгжлийн яамны харьяа Орон сууц, хөгжлийн газар (HDB) юм. Тус байгууллага үүсэж бүрэлдсэн даруйдаа 10-15 давхар орон сууцны барилгууд барих төсөл хэрэгжүүлж, ердөө тавхан жилийн дотор 50 мянга гаруй байр шинээр барьжээ. Харин өнөөг хүртэлх хугацаанд барьсан орон сууцны барилгууд нь сая гаруйгаар тоологдож байна. Энэ үзүүлэлтээрээ Сингапурын орон сууцжуулах хөтөлбөр нь дэлхийн бусад бүх хотыг хол орхино. Эдүгээ Сингапурын иргэдийн 80 гаруй хувь нь Орон сууц, хөгжлийн газрын барьсан орон сууцанд амьдарч буй бөгөөд тус байгууллага дээрх хөтөлбөрөө Сингапурын түүхэн дэх агуу ололт гэж үздэг.
Гэхдээ Сингапурын албаныхан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 1950-иад оны үймээн бужигнаанаар ирж суурьшсан малайз голдуу 240 гаруй мянган дүрвэгчийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байлаа. Энэ нь үндэс угсаагаар ялгаварлан гадуурхлаа гэсэн хэл ам гарахад хүргэж. Орон сууц, хөгжлийн газар энэ мэт шүүмжлэлээс болгоомжилж, эхлээд орлого багатай өрхүүдийг ямар гаралтайгаас нь үл шалтгаалан байр сууцтай болгохоо амласан байна. Мөн түрээсийн хөлсийг бууруулахад нөлөөлж, Засгийн газрын Төв нөөцийн сангийн тусламжтайгаар түрээслэгчдийн гэрээг сунгах, оршин суугчдад олон жил түрээслэсэн сууцаа өөрийн болгон худалдан авах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх зэргээр шат дараатай ажил өрнүүлэв. Гэвч зөвшөөрөлгүй сууцанд ядуу даржин амьдарч байсан хүмүүс олон жил суусан байраа амар чөлөөлсөнгүй. Эрх баригчдын өндөр өндөр орон сууцны байранд оруулна гэсэн амлалт тэдэнд бүтэшгүй санагдаж байлаа.
Гэтэл 1961 онд ядуусын хороололд гал гарах нь тэр ээ. Бүкит Хо Свигийн гал гэгдсэн энэ гамшгаар дөрвөн хүн амь үрэгдэж, 85 хүн гэмтэж бэртэн, 16 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. Энэ нь Засгийн газрын газар чөлөөлөн шинэ байр сууц барих ажлыг эрчимжүүлсэн байна. Гал гарахаас өмнө хуучин байрнаасаа гарахгүй гэж зүтгэж байсан хэдэн мянган хүн хоёрхон долоо хоногийн дотор нүүж, түр байранд орсон бол ердөө дөрвөн жилийн дараа гэхэд бүгд шинэ орон сууцтай болсон байлаа. 1965 онд Сингапурын Соёлын яамнаас гаргасан нэгэн мэдээ нэвтрүүлэгт “Сингапур бол орон сууцжуулах хөтөлбөрийг тавхан жилийн дотор амжилттай хэрэгжүүлсэн хэдхэн улсын нэг. Орон байргүй иргэдээ байр сууцтай болгосон энэ их бүтээн байгуулалтынхаа хурдаар сингапурчууд орчин цагийн дэлхийн түүхэнд ердөө Орос, Германы дараа орно” гэжээ.
Ли Куан Югийн Ерөнхий сайдаар ажилласан 30 гаруй жилд буюу 1990 он хүртэлх хугацаанд Сингапурт баригдсан нийтийн байр, орон сууцны барилгууд 23 мянгаас 557 мянга давсан байна. Энэ бүх барилга хэдийгээр оршин суугчдын үндэс угсааг харгалзсан зааг ялгаатай ч Стэмфорд Раффльсын төлөвлөж байсан шиг хятад, малайз, энэтхэгчүүдийг тусгаарлах биш, харин ч тэднийг бага багаар нэгтгэн, нэг дор суулгах зохион байгуулалттай байлаа. Ли Куан Югийн Ардын үйл хэргийн нам Сингапур дахь орон сууцны барилга бүр улс орноо төлөөлөх, олон үндэстний улс болохыг нь илтгэх оршин суугчидтай байх хэрэгтэй гэж үзжээ. Энэ нь үндэстэн ястан хоорондын элдэв зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлсэн бүр ч өргөн зорилго, агуулгатай шийдвэр байж.
Уг хот-улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Ли Куан Югийн засаглалын үед 1240 ам.доллараас 18437 ам.долларт, дотоодын худалдааны эргэлт нь 7.3 тэрбумаас 205 тэрбум ам.долларт хүрч, иргэдийнх нь дундаж наслалт 65-аас 74 болж нэмэгджээ. Харин хүн ам нь 1.6 саяас гурван сая болж өссөн байна. Энэ нь нэг талаар Ли Куан Югийн хатуу чанга бодлого, тэр тусмаа дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд зарим тохиолдолд хүч хэрэглэх нь ч зүй гэсэн үзэлтэй нь холбоотой байлаа. БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин 1978 онд Сингапурт айлчлахдаа Ли Куан Югийн засаглалыг “Сингапур загвар” хэмээж, ихэд сайшаасан баримт бий.
Харин барууны хэвлэл мэдээллийнхэн болоод зарим ажиглагч, судлаачдын үзэх нь Ардын үйл хэргийн намын хагас зууны ноёрхол Сингапурын ардчиллыг ихээхэн алдаа дутагдалтай болгожээ. Төр засаг иргэдийн өдөр тутмын амьдралыг хараа хяналтаа байлгаж, хотын бүхий л хэрэгт төв Засгийн газар оролцох болсон нь хотын хэт нарийн төлөвлөлттэй холбоотой гэж тэд дүгнэж байна. Вандализм буюу эвдэн сүйтгэх хэргээр эрүү үүсгэдэг, бохь худалдахыг хориглодог, цахилгаан шатанд шээсний үнэр мэдрэгч байрлуулж, нийтийн өмчийг бохирдуулсан хүнийг баривчилдаг, гудамжинд шүлсээ хаясан, нийтийн газрын жорлонгийн усыг таталгүй орхисон, олны нүднээ ил газар (гэртээ байсан ч хамаагүй) нүцгэн явсан хүнийг торгодог зэрэг хачин жигтэй, гайхмаар хатуу хуулиуд Сингапурт хэрэгждэг. Тэдний нэг нь Амос Иег ялласан үзэл бодлоо хэт чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон хууль юм.
Гэхдээ Сингапур чухамдаа дээрх жигтэй хууль журмуудынхаа ачаар л дэлхийн хамгийн сайн засаглалтай биш гэхэд хамгийн сайн төлөвлөгдсөн, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, аюулгүй хот болсон гэж үзэх хүн хавьгүй олон байна. Харвардын их сургуулийн Хотын эдийн засаг судлалын багш, эрдэмтэн Эдуард Глэйсерийн хэлснээр тус хот-улс шиг хот төлөвлөлтийг төгс сайн хийсэн газар өөр хаа ч үгүй гэнэ. Тиймдээ ч Сингапурын хөгжлийн загвар XXI зууны улс орон бүрт, томоохон хот суурин болгонд үлгэр жишээ болно гэж тэрбээр хэлжээ.