Бүгд найрамдах Исланд улсад зохион байгуулсан, хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Монголын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Түүний хувьд дэлхийн дэвжээнээс зүүсэн хоёр дахь медаль нь энэ. Тэрбээр өмнө нь 2014 онд ДАШТ-ээс хүрэл медаль гардаж байв. Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тэрбээр тухайн жил дэлхийн клубүүдийн аваргаар шалгарч, Азийн АШТ-ээс алтан медальтай ирсэн юм. Тэгвэл 120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтынхад 357.5 кг-ыг татаж хүрэл медаль авлаа. Тэрбээр хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.