NBA-ийн шинэ улирал дөнгөж эхэлж, нийт 1230 тоглолтоос ердөө 71 нь (зургаан хувь) болжээ. Гэхдээ улирлын эхний 10 өдрийг тодорхойлж буй зарим тооноос багуудын цаашдын амжилт, алдааг харж болохоор байна.
Холын зайн шидэлтийн хэмжээ нэмэгдэв
Багуудын нийт довтолгооны 41.8 хувийг гурван онооны шидэлт эзэлж байгаа нь сүүлийн 46 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, лигийн түүхэнд анх удаа холын зайн шидэлт нийт довтолгооны 40-өөс дээш хувийг эзэлж байна. Өнгөрсөн улирлын эхэнд эл үзүүлэлт 39.1 хувь байсан ч оны эцэст 39.5 болж өссөн билээ. Сонирхуулахад, сүүлийн 45 улиралд “Хьюстон рокитс” баг гурван удаа (2017-2018, 2018-2019, 2019-2020) нийт шидэлтийнхээ талыг холын зайнаас хийж байсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурван ч баг ийм өндөр үзүүлэлтэд хүрчээ.
“Наггетс”-ийн тааруу үзүүлэлт
Багийн лидер Н.Йокич талбайд байхгүй үед “Наггетс” баг 97 бөмбөг эзэмшилтээр ердөө 72 оноо авсан байна. Тус багийн хувьд Н.Йокич талбайд байгаа болон байхгүй үед авсан онооны зөрүүгээр сүүлийн гурван жилд лигийг тэргүүлсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг тоглоогүй үед сэлгээнийхэн нь маш муу тоглож байгааг эл үзүүлэлт харуулна. Р.Уэстбрук, П.Ватсон, Д.Шарич нар нийт 66 довтолгооны ердөө 17-г (26 хувь) амжилттай болгож байгаа нь үүний нэг шалтгаан юм.
“Лейкерс”-ийн боломж нэмэгдэв
Тус баг өрсөлдөгчтэйгөө харьцуулахад довтолгооны боломж нь 2.5-аар илүү байна. Гэтэл тус баг өнгөрсөн улиралд эл үзүүлэлтээр лигт хамгийн сүүлийн байрт (-3.5) орж байсан юм. Хэдий “Лейкерс”-ийн нийт довтолгооны тун бага хувийг (34.9 хувь буюу 28 дугаар байр) гурван онооны шидэлт эзэлж буй ч шинэ дасгалжуулагч Ж.Редик багийнхаа нэг асуудлыг шийдэж чаджээ.
Таунс-Брансоны хослол
Ж.Брансонд К.Энтони-Таунс заслон тавьсан үед “Никс” довтолгоо бүрд 1.69 оноо авч байгааг “Second spectrum”-ийн статистик харуулав. Энэ нь бие биедээ заслон тавьсан лигийн 47 хослол дундаас хамгийн сайн үзүүлэлт юм.
Торгуулийн шидэлтийн тоо нэмэгдсээр
Энэ улиралд тоглогчид 100 довтолгоо тус бүрд 28.1 торгуулийн шидэлтийн оролдлого хийж буй нь сүүлийн 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Сонирхолтой нь, өнгөрсөн улиралд торгуулийн шидэлтийн тоо лигийн түүхэнд хамгийн цөөнд тооцогдож байсан билээ.
Вембигийн этгээд үзүүлэлт
Энэ улиралд NBA-д тоглож буй хоёр дахь өндөр тоглогч болох “Спөрс”-ийн залуу од В.Вембаняма давуу талаа сайн ашиглахгүй байна. Тодруулбал, улирлын эхэнд багадаа 50 довтолгоо хийсэн 96 тоглогчоос будагтай талбайд авч буй оноогоор Вемби дөнгөж 65 дугаар байрт оржээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр нийт 74 довтолгооныхоо 29-ийг будагтай талбайд хийсэн аж. Эдгээр шидэлтийнхээ 19-ийг нь оновчтой болгосон. Дундын зайн 11 шидэлтийн дөрвийг, гурван онооны 34 шидэлтийн наймыг нь оновчтой болгоод байна.
“Кавальерс”, “Тандер”-ын түүхэн амжилт
Улирлын эхний таван тоглолтдоо дор хаяж 18 онооны зөрүүтэй ялсан лигийн түүхэн дэх ес дэх баг нь “Кливлэнд” боллоо. Өмнөх найман багийн зургаа нь (үүнээс сүүлийн дөрвөн баг) тухайн улиралдаа финалд хүрсэн. Эдгээр зургаан багийн дөрөв нь аваргалж байсан юм. Түүнчлэн “Оклахома сити тандер” баг улирлыг мөн ижил амжилттай эхлүүлээд байна. Магадгүй ирэх хавар энэ хоёр баг финалд өрсөлдөж ч болзошгүй.
Цайз мэт хамгаалалт
Тус баг сүүлийн дөрвөн тоглолтдоо 100 довтолгоо тус бүрд 91.3 оноог эсрэг багтаа алдаж буй нь хамгаалалтын шилдэг үзүүлэлт болж байна. Ч.Холмгрен самбараа сайн манаж, А.Карусо, К.Уоллес бөмбөг таслалтаар лигийн эхний байруудад бичигдэж байгаа нь тэдний айхавтар хамгаалалтын гол нууц.
“Бакс”-ын бүтэлгүй эхлэл
“Милуоки” улирлын эхний таван тоглолтынхоо дөрөвт нь багадаа 10 онооны зөрүүтэй хожигдсон лигийн түүхэн дэх 39 дэх баг боллоо. Эдгээр багаас ердөө зургаа нь (16 хувь) плей-оффт орсон түүхтэй. Тиймээс тэдний ирээдүй тун бүрхэг харагдаж байна. Гэхдээ хамгийн сүүлд “Денвер” баг 2004-2005 оны улирлыг 1-4 дүгээр байрын амжилттай эхлүүлсэн ч плей-оффт долоодугаарт шалгарсныг нь мартаж болохгүй.
“Буллз”-ын гэнэтийн үсрэлт
“Дорнод” бүсэд давгүй амжилт үзүүлж байгаа “Буллз” багийн амжилтын нууц илэрхий болж байх шиг. Учир нь тус баг өнгөрсөн улиралтай харьцуулахад тоглолтын хурдаар 28 дугаар байраас нэгдүгээрт “ирээд” байна. Мөн оновчтой дамжуулалтаар 28-аас тавдугаар байр хүртэл ахив. Түүнчлэн гурван онооны шидэлтийн тоогоо эрс ахиулах зэргээр довтолгооны гол үзүүлэлтээ сайжруулжээ.
Н.ЭНХ