Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэллээ. Манай улсад багш мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль 10 гаруй бий аж. Үүнээс магадлан итгэмжлэгдсэн, багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байгууллагыг бүртгэх аж. Мөн сургагч багш нар боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байхыг шаарджээ.
Манай улсад мэргэжлийн болон техникийн боловсрол олгодог 69 сургууль бий аж. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид багшлахаар жилд 120 гаруй мэргэжилтэн төгсдөг юм байна. Тэдний 30 орчим хувь нь багш мэргэжилтэй бол үлдсэн нь инженер, техникийн ажилтан гэнэ. Тэднийг сурган хүмүүжүүлэх, заах арга зүйд сургаж, багшлах эрх олгодог аж. Боловсролын ерөнхий газраас өнгөрсөн онд 129 багш бэлджээ. Харин энэ онд 106 багш бэлдсэнээс 103 нь тэнцэж, багшлах эрхээ авсан байна.
Ч.ЦЭЛМЭГ