“Эмэгтэйчүүд мэдрэмжээ илүү сайн илэрхийлдэг. Харин эрчүүд хурааж явсаар нэг л өдөр “тэсэрдэг”. Бугшсан асуудлаа хэн нэгэнд нээж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сэтгэлээ анагаахгүй явсаар гутрал, эмгэгийн хэмжээнд хүрдэг. Эцэстээ амиа хорлосон гашуун сургамж цөөнгүй. Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаатай байдлыг илтгэсэн олон жишээ бий. Тухайлбал, амиа хорлосон хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь эрчүүд байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Э.Биндэръяа ярив.
Биологийн хүйсээс гадна сэтгэл зүй, ажил, мэргэжил, харилцаа, хорт зуршил гээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд олон ялгаа бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төстэй талаас илүү ялгаатай байдал нь судлаачдын сонирхлыг ихэд татсаар иржээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг шийдвэрлэхэд тархиныхаа өөр өөр хэсгийг ашигладгийг ХБНГУ-ын эрдэмтэн М.Рип болон түүний хамтрагчид хэдийн тогтоосон билээ. Тэгвэл сэтгэл зүйн асуудлаа даван туулахад ч энэ ялгаатай байдал нь нөлөөлдөг байна.
Хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байх нь сэтгэцэд нөлөөлдөг
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрчээ. Тэдний 1.7 сая нь эрчүүд байна. Манай улсад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ойролцоо байгааг үүнээс харж болно. Гэтэл эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж, 45 наснаас огцом нэмэгддэг талаар Жендерийн үндэсний хорооноос гаргасан тайланд дурджээ. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3.3 дахин илүү болсныг тус тайланд онцолсон байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалж буйг бид бүгд мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү аюулын харанга дэлдэж, 10 жилээр алсарч буй. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 9.7 жилээр богино насалж байгааг судлан тогтоосон. Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12 дугаарт бичигдэж байгааг Дэлхийн банкнаас мэдээлсэн билээ. Жил ирэх тусам зөрүү нь алсрах болсон “гаж үзэгдэл”-ийг одооноос өөрчилж, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тулгараад буй. Эрчүүдийг богино наслахад хүргэж буй хамгийн том хүчин зүйл нь эрүүл мэндийн асуудал байна. Бие махбодийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа зөвөөр шийдвэрлэж чаддаггүй нь эрсдэлтэй алхам хийхэд нөлөөлж буйг мэргэжилтнүүд хэлдэг.
Эр хүнийг өрхийн тэргүүн гэдэг утгаар нь маш олон ачаа үүрүүлж буй нь сэтгэлийн дарамтад хүргэж болзошгүйг сэтгэл зүйчид хэлсэн. Тэр дундаа ажлын байр хангалтгүй, хөдөлмөрийн үнэлэмж бага, цалин хөлс сайн биш тул гэр бүлээ тэжээн тэтгэх, санхүүгийн зардлыг нөхөхийн тулд цаг наргүй ажиллахад хүргэдэг байна. Гэвч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хангалттай сайн цалин авч чадахгүй байгаа нь дарамт болж, аажмаар эр хүнийг нийгэм, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэт төөрөгдөлд оруулдаг гэнэ. Энэ байдал нь эрүүл мэнд, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж буйг “Хамтдаа” ТББ-ын тэргүүн, сэтгэл судлалын докторант Ш.Галбадрах ярьсан юм. Мөн тэрбээр “Жендерийн хэвшмэл буруу ойлголт нь эрчүүдэд ихэвчлэн бага наснаас нь эхлэн нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, архидан согтуурах, тамхи татах нь эрэгтэй хүн бүрийн “чадах зүйл” мэтээр буруу ойлгодог. Цаашлаад нас биед хүрч, гэр бүл зохиосны дараа амьдралаа авч явах бүх үүрэг, хариулцлагыг хүлээх ёстой гэж эндүүрдэг. Энэ хариуцлагаа үүрч чадахгүйгээс “арчаагүй эр хүн” гэсэн бодолд автаж, өөрийгөө голж, нийгмээс тусгаарлаж эхэлдэг. Сэтгэлээ засах нэрээр архи ууж, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэгт холбогдох, амиа егүүтгэх зэргээр засаж болшгүй алдаа хийж байгаа нь харамсалтай” гэв.
Эрчүүдэд стрессээ зөвөөр тайлах чадвар дутмаг
Максулин буюу эр хүн шиг байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт нь эрсдэлтэй үйлдэл хийхэд нөлөөлдөг байна. Тодруулбал, максулин хэвшмэл ойлголтод эмзэг байдалд дургүйцэх, тусламж авахаас татгалзах, түрэмгий ааш авиртай байх, сэтгэл хөдлөлөө хязгаарлах зэрэг багтдаг аж. Эдгээрийг дагаж мөрддөг эрчүүд бусдаас илүү их тамхи татах, архи уух, зохисгүй хооллох, эмчид үзүүлэхээс зайлсхийх хандлагатай байдгийг Жендерийн үндэсний хорооны тайланд дурджээ. Тус хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс эрчүүдэд сэтгэл зүйн ямар асуудал тулгамдаж буйг тодруулсан юм. Тэрбээр “Монгол Улсын 100 мянган хүн амын дунд амиа хорлолтын 17.9 тохиолдол бүртгэгддэг гэж ДЭМБ-ын 2019 оны судалгаанд дурдсан. Тэдний олонх нь эрчүүд байх жишээтэй. Мөн сүүлийн үед цахим мөрийтэй тоглоом тоглож, эд хөрөнгөө алдсанаас сэтгэл гутралд орж, амиа хорлосон тохиолдол цөөнгүй гарах болсон. Эрчүүд зовлон бэрхшээл, тулгамдсан асуудлаа бусдад ярих, хуваалцахдаа тааруу. Багаас нь эрэгтэй хүүхдийг хатуу чанга байх ёстой гэж, мэдрэмжийг нь хорьж өсгөдөг нь ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлж байна. Багаасаа хэлэх үг, үзэл бодол, илэрхийлэх мэдрэмжээ хориулсаар байгаад ил гаргаж ярихаас эмээдэг болжээ. Эрчүүдийг мэдрэмжээ илэрхийлэхээр “шалчигнасан”, хэцүү байгаагаа хэлэхээр “сул дорой” гэсэн хандлага нийгэмд бий учраас зовлонгоо тоочих дургүй. Стресс, бухимдлаа тайлах нэрээр архи, мансууруулах бодис хэрэглэж, улмаар хүчирхийлэл үйлдэх, хайртай хүмүүсээ гомдоох, гэр бүл салах, гэмт хэрэгт холбогдох зэрэг асуудалтай тулгарч байна. Гэр бүл, нийгэм, хамт олондоо аюулгүйгээр стрессээ тайлах ур чадвар, соёлд суралцаагүйгээс өөртөө болон өрөөлд хор уршиг учруулдаг. Эцэстээ ганцаараа үлдэж, архиар сэтгэлээ тайтгаруулж, буруу замаар будаа тээж эхэлдэг. Гэр бүлдээ хүндлэгдэхгүй байх, олсон орлогыг нь чамлах, хичээл зүтгэлийг нь талаар болгоход эрчүүд гомддог, сэтгэл гутралд ордог” гэв.
Сэтгэл зүйн асуудлаа тэсвэрлэх, даван туулах чадвар эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү гэдэгтэй сэтгэл зүйчид санал нэгддэг юм. “Эрэгтэйчүүд сэтгэлийн хат сул. Хайртай хүмүүс нь байсаар атал амиа хорлоно гэдэг нь сэтгэл зүйн дархлаа сул буйг илэрхийлж байна. Мансуурсан, согтуурсан үедээ ийм болчимгүй үйлдэл хийх нь түгээмэл” хэмээн Д.Батхишиг тодотгосон. Хэнд хандахаа мэдэхгүй, сонсох хүнгүй, мухардсан үедээ эрчүүд эрсдэлтэй алхам хийдэг гэнэ. Жендерийн үндэсний хорооны санал асуулгад оролцсон эрчүүд асуудлыг нь сонсож, мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжин туслах төв хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ. Тиймээс Чингэлтэй дүүрэгт эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулсан байна. “Хамтдаа” ТББ-ын тэргүүн Ш.Галбадрах уг төвийг ахалж ажилладаг аж. Гэвч санхүүжилтгүй болж, үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ. Нийслэл төдийгүй аймаг бүрд эрэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Гэтэл ганц байгаа нь ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ. Ямартай ч Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчид тус төвд хандсан эрэгтэйчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа юм билээ. Ихэвчлэн эхнэр, нөхрийн зөрчил маргаан, гэр бүл салсантай холбоотой асуудлаар 30-аас дээш насны эрчүүд зөвлөгөө авч буйг сэтгэл зүйч Э.Биндэръяа ярьсан юм. Харин 20-иод насны залуус маш цөөн ханддаг ажээ. Эрчүүд сэтгэлээ нээж ярилцахдаа эв дүйгээ олохгүй, сандардаг гэнэ. Найз нөхөдтэйгөө уулздаг ч асуудлаа шийдвэрлэж, ярилцдаггүй, архи уугаад л салцгаадаг талаараа эрчүүд хэлжээ. Ер нь бухимдсан, сэтгэл гутарсан үедээ тамхи татдаг, эсвэл архи уудаг гэж хариулсан байна. Тиймээс хөвгүүдээ аль болох багаас нь ойлгож, мэдрэмжээ хуваалцдаг байхад сургах нь сэтгэл зүйн асуудлаа зөвөөр шийдвэрлэх, ирээдүйд гарах эрсдэлээс хамгаалах нэг алхам болох нь.