Хэрэв Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил өрнөөгүй бол Молдовын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатыг өнгөрсөн сарын хамгийн урьдчилан тааварлах аргагүй нь гэж хэлж болох байлаа. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч хатагтай Майя Сандугийн хувьд уг сонгууль төвөггүй зугаалга мэт эхэндээ санагдаж байсан бол одоо Оросын мөнгө, Европын интеграц оролцсон сүрхий шаналгаатай үйл явдал болоод хувирчихав. Сонгуулийн эцсийн шатанд Майя Сандугийн зэрэгцээ ерөнхий прокурор байсан Александр Стояногло цөөн саналын дутуугаар бас гараад ирэв.
Майя Санду бол эх орондоо төдийгүй хилийн чанадад ч олонд танигдсан улс төрч юм. Тэрбээр Вашингтон хотноо Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байгаад Молдовын улс төрд 2012 онд орж ирсэн байна. Санду Боловсролын сайдаар хоёр жил ажиллаад 2019 онд Молдовын Засгийн газрыг хагас жил орчим тэргүүлээд 2020 онд сонгуулийн хоёрдугаар шатанд Оросын талыг баримталсан бодлого явуулж байсан Төрийн тэргүүн Игорь Додоныг ялж Ерөнхийлөгч болжээ.
Оросыг Украин руу дайрсны дараа Өрнөдийн чиг баримжаатай улс төрчийн хувьд нэр хүнд нь улам бүр бэхэжсэн байна. Санду Украиныг тууштай дэмжихээ илэрхийлж, Оросын эсрэг Өрнөдийн хоригт нэгдэж, Европын Холбоонд элсэх хүсэлтээ Украинтай хамт гаргажээ. Европтой ойртох хандлагаа Санду одоогийн сонгуульд гол хөзөр болгон ашиглав. Иргэдийнхээ амьдралыг үлэмж дээшлүүлж, эдийн засгийн өөрчлөлт хийж, авлигатай үр дүнтэй тэмцэх дөрвөн жилийн өмнөх амлалт нь биелсэнгүй.
57 настай Александр Стояногло өөрийгөө “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн улс төрч биш хүн” гэж нэрлээд улс төрд шинэ хүн гэх имижийг ашиглаж байлаа. Тэрбээр парламентын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, түүгээр ч барахгүй 2009-2010 онд спикерийн орлогч байжээ. 2019 онд ерөнхий прокурорын албан тушаалд өрсөлдөөд ялав. Гэтэл ерөнхий прокурорыг томилох журмыг өөрчлөхийг Майя Сандугийн тэргүүлсэн Засгийн газар парламентаасаа хүсэв. Хариуд нь итгэл үл үзүүлэх санал хураалт явуулахаар болж парламентын олонх болон Засгийн газар хооронд хагарал үүсэж улмаар Засгийн газар огцорч, тухайн үеийн Ерөнхийлөгч Игорь Додон ерөнхий прокуророор Стояноглог томилох тухай зарлигт гарын үсэг зурав.
Майя Санду Ерөнхийлөгч болмогцоо ерөнхий прокурорын ажлыг олны өмнө шүүмжлэхээсээ огт болгоомжилсонгүй. Сандугийн нам парламентын ээлжит бус сонгуульд ялснаар Стояногло суудлаа өгөхөөс аргагүй болжээ. Улмаар авлига, албан тушаалын бүрэн эрхээ буруу ашигласан хэргээр түүнийг 2021 оны есдүгээр сарын 30-нд ажлын байрандаа байхад нь баривчлав. Стояногло хожим нь тайлбарласнаар бол “зууны хулгай” гэж нэрлэсэн хэрэг 2014 онд дэгдэж, тус улсын банкнаас дотоодын нийт бүтээгдэхүүний нь найман хувьтай тэнцэх хэмжээний ам.доллар алдагдсан байна. Тухайн үйл явдлын үед 2021 онд шударга шүүхээр асуудлыг шийдүүлэх Стояноглогийн эрх зөрчигдсөнийг өнгөрсөн онд Европын хүний эрхийн шүүх тогтоосон аж. Сүүлийн жилүүдэд Стояногло улс төрөөс хөндийрч үйлдвэр, бизнесийн байгууллагад хуульчаар ажиллаж байжээ. Энэ оны эхээр Молдовын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тактикаа албан бусаар ярилцах үеэр улс төрийн хүчнүүдийн өргөн олны хүчийг өөрийгөө тойруулан нэгтгэж чадах хүний хувьд Стояноглогийн нэрийг эргэн санажээ. Эцэст нь, томоохон сөрөг хүчний нэг болох Игорь Додоны Социалистуудын нам Стояноглод хандсан байна. Ерөнхий прокурор асан саналыг хүлээн авчээ. Тэрбээр Оросын эсрэг дайнд Киевийг дэмжихээ мэдэгдэж, Крым, Донбассыг Украины нэг хэсэг гэж үзэж, Оросын цэргийг даруй гаргахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн ч Украинд энх амгалан байдал тогтоох, Молдовад Орос улс хийг хямд үнээр зарах асуудлаар Владимир Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэж хэлжээ.
Молдова нь парламентын бүгд найрамдах улс бөгөөд Ерөнхийлөгч нь билэг тэмдгийн чанартай бүрэн эрхтэй байдаг. Гэлээ ч 2012 онд болсон ээлжит бус сонгуульд Сандугийн нам дийлэнх олонх болсноос тэрбээр улсдаа тэргүүлэх улс төрч болж, Засгийн газраа Ерөнхийлөгчийн ордноос залах болсон аж. Хэрэв энэ сонгуульд Майя Санду ялагдвал ирэх онд болох парламентын сонгуулийн босгон дээр түүний улс төрийн лагерьт ноцтой цохилт болох нь эргэлзээгүй.
Майя Санду одоогийн сонгуулийн эхний шатанд барууны, Европын талыг дэмждэг сонгогчдын нөөцийг бүрэн шавхсан, Европын интеграцтай холбоотой өөрчлөлт Үндсэн хуульдаа оруулахаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь үүнд түлхэц болсон байна. Санду өөрийгөө Европын Холбоо руу зүтгэх гол хүн болгож харуулж чадсан нь нэг талаас энэ жигүүрийн гол өрсөлдөгчдөө цэвэрлэж чадсан. Нөгөө талаас төв үзэлтэй, тэр тусмаа Оросыг дэмжигч сонгогчидтой ажиллах түүний боломжийг хязгаарлажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд бараг 14 хувийн санал авч гуравдугаарт орсон бизнесмен Ренато Усатыйн дэмжлэгт Санду бас хоёрдугаар шатанд найдаж байлаа. Ерөнхийлөгчийн түрүүчийн сонгуулийн өмнөх шатанд тэрбээр Сандуг дэмжсэн аж.
37 настай бизнесмен, нөгөө “зууны хулгай”-н улмаас Молдовын шүүхийн шийдвэр гаргуулж байсан Илан Шор одоо Москвад амьдардаг юм. Тэнд өөрийн “Ялалт” гэдэг намаа бүртгүүлсэн. Намын их хурлууд Оросын нийслэлд болдог аж. “Ялалт” намаас нэр дэвшигчийг Молдовын Сонгуулийн төв комисс сонгуульд оролцохыг зөвшөөрдөггүй ч Молдовын хууль сахиулах байгууллагын баримтаар бол Шор өөрийн гар, хөл бологчдынхоо тусламжаар сонгогчдын санал худалдаж авах сүлжээтэй болсон. Түүгээрээ өөрийн дэмждэг нэр дэвшигчийн төлөө олон хүнийг санал өгүүлэх боломжтой юм байна. Энэ зорилгоор олон арван сая евро янз бүрийн замаар Молдовт орж ирдэг гэж Кишинев нотолдог. Молдовын цагдаагийн байгууллагын удирдагч “Шорын тор”-нд 130 мянга хүртэл сонгогч орж болзошгүй гэж аравдугаар сарын эхэнд мэдэгдэж байсан. Санал худалдаж авах тухай асуудлыг Илан Шор үгүйсгэдэг ч Шорын дэмждэг хүн Ерөнхийлөгч болчих боломж их гэсэн бодолтой хүн олон байгаа аж. Санду ч “Шорын тор” өрсөлдөгчид нь ажиллах магадлалтай гэж үздэг. Молдова 1.5 сая сонгогчтой юм. Сонгуулийн эхний шатанд Илан Шорын хяналтад байдаг сонгогчдын нэлээд хэсэг нь Александр Стояноглод саналаа өгсөн гэж социологч Василе Кантаржи сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт Илан Шор өөрөө “Стояноглог дэмжигч биш, түүний байр суурийг хуваалцдаггүй ч арваннэгдүгээр сарын 3-нд Майя Сандугийн эсрэг, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн өөр ямар ч хүн байсан, түүнийг дэмжээрэй” гэж хэлжээ. Мөнөөх Василе Кантаржи ч хоёрдугаар шатны санал хураалт одоогийн Төрийн тэргүүний эсрэг болно. Түүний чансаа Стояноглогийнхоос олон хувь доогуур байгаа гэж үзсэн байх юм. Эхний шатны дараа Майя Санду уриагаа өөрчилж “Молдовыг аваръя” болгожээ. Александр Стояноглог “Тоглоомын хүүхэлдэй” гэж нэрлээд түүний ард “Додон, Шор, Платон” нар байгаа, гэтэл нөгөө Стояногло нь тэдний ард бас чухам хэн байгаа, тэд далдуур Молдовад юу хийхээр бэлтгэж байгааг ч мэдэхгүй гэж Санду хэлсэн байна.
Александр Стояногло ч уриагаа сольж, ухуулгын материалууд дээр нь “Молдова шийдвэрлэнэ” гэсэн үг бичсэн байжээ. Социалистуудын намын Влад Батрынча үүнийг “Ирээдүйг теле компанийн эзэн, Сонгуулийн төв комисс, прокурор биш, хүмүүс өөрсдөө шийдвэрлэнэ” гэж тайлбарлажээ.
Бидний авсан мэдээллээр аравдугаар сарын 20-нд болсон сонгуулийн эхний шатанд Майя Санду 42, Александр Стояногло 26 хувийн санал авчээ. Тэгвэл сонгуулийн хоёрдугаар шат өнгөрсөн ням гараг (XI сарын 3-нд)-т болж Майя Санду ялснаа зарлалаа. Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараа тэрбээр 54.43 хувийн санал авсан байжээ. “Өнгөрсөн санал хураалтуудад идэвхтэй оролцсон сонгогчиддоо талархаж буйгаа хэлэхийг хүсэж байна. Хэнийг дэмжсэнээс үл хамааран иргэн бүрийн санал улсынхаа ирээдүйд оруулж буй хувь нэмэр юм” гэж тэрбээр хэлсэн байна. Тодруулахад Стояноглог дотоодын сонгогчдын 51.19 (Санду, 48.81) хувь нь дэмжсэн бол гадаадад байгаа молдова хүмүүс Майя Сандуд ялах боломж олгосон аж. Молдова нь гадаадад оршин суугаа иргэд нь сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлж болох дэлхийн цөөн улсын нэг юм байна.