Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 дуудлага бүртгэгджээ. Нийслэл болон 20 аймгийн 33 сумын онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, гурван иргэний амийг аварсан байна. Нийт дуудлагын 88.2 хувь буюу 75 нь гал түймрийн дуудлага аж. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах орон сууцын хогийн сувагт хог шатаж, утаажилт үүсчээ. Утаажилтын бүсээс 25 хүнийг гаргасан бөгөөд найм нь хүүхэд байсан гэнэ. Сүхбаатарт дүүргийн XX хороонд байшин шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраажээ.
Мөн энэ өдөр Өвөрхангай болон Хэнтий аймагт айлын гэр, байшин шатсан гэх дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор цас, шаварт суусан, төөрсөн болон зам, тээврийн ослын дуудлагууд бүртгэгдсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 12 удаа гал түймэр гарчээ.
Ч.ЦЭЛМЭГ