Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байдаг. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан аж.
Гэтэл ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж буй юм. Ц.Ганхүүгийн хувьд авлигын хоёр ч хэрэгт холбогдсон бөгөөд нэгийг нь ийнхүү шүүхэд шилжүүлжээ. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхтэй хамт өдүүлсэн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. “Нүүрс хөтөлбөрийн” гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяагийн үүсгэн байгуулсан, 2017 оноос хүү Г.Батболд нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Инэл” болон “Твин хаус” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг, дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд 6233.04, 97473.6 ам метр талбай бүхий газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг.
Уг газрыг олгоход Л.Гансүх, Ц.Ганхүү нар нэг нутаг, нэг сургуульд сурч байсан нь нөлөөлсөн гэж ч үздэг. Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хотхон, хороолол барьсан билээ. Тодруулбал, эл хоёр аж ахуйн нэгж Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулсан юм.
Г.ОРЧЛОН