"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ, ЮНЕСКО, ОБЕГ, ХХААХҮЯ, Боловсролын байгууллагын төлөөлөл, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид оролцсон.
Б.Ууганбаяр: Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий
(ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал)
-Өнгөрсөн өвөл, хаврын зуднаар малчдад тулгарсан хамгийн бэрхшээлтэй зүйл нь зузаан цасанд зам харгуй хаагдсан явдал байв. Энэ хүндрэлийг малчид хамгийн их хэлж байсан. Өнгөрсөн өвөл 138 мянган км замыг туулж зам даваа гаргасныг тодотгоё. Ингэснээр хүүхдүүд хичээл сургуульдаа явах, хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, малчдад өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэ. Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн айхтар зуд болж байлаа. Тухайн үед 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг. 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн л зуд болж улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд малчид ихээхэн хохирол амслаа. 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм. Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна. Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна.
Эрсдлийн үнэлгээгээр өнгөрсөн өвөл, хавар улсын хэмжээнд 40.590 өрх өвс, тэжээлээр дутагдаж, 16 аймгийн 5599 өрх хүнс, хоолны хэрэгцээ, мөн тооны аймгийн 4604 өрх түлээ, түлшээр тасарч, 13.677 өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага үүсэж байжээ. “Өвөл, хаварт бэлэн үү” хэлэлцүүлэгт салбарын байгууллагын мэргэжилтнүүд оролцож, мал аж ахуйн өвөл, хаврын бэлтгэл, зудын эрсдлийг бууруулах ажиллагаа, сургамж, үр дүн, нөлөөний талаар цогц мэдээлэл өгсөн юм.
Л.Оюунжаргал: Өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
(Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга)
- Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэйг дуулгаж, малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Аравдугаар сарын эхний хагаст баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байсан. Харин хур тунадас Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутаг болон Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу орсныг мэдээллээ. Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа.
Г.Наранчулуун: Нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй
(ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга)
-Өнөөдрийн байдлаар улсын хэмцээнд өвс, тэжээлийн нөөц 80 хувьтай байгаа. 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даац ямар байх талаар мэдээлэхдээ, нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарахаар байх төлөвтэй байна. Тодруулбал, өвөл, хаврын бэлчээрийн даац 47 хувьтай, 20 хувьд бэлчээрийн нөөц хүрэлцээтэй байна. 21 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 4 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 8 хувьд даац олон дахин хэтэрсэн дүр зурагтай байна. Зуншлага, намаржилт нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 10 орчим хувьд муу, 20 орчим хувь дунд байсан.