Хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Үүнд хүнсний бүлгийн болон импортын барааны үнэ голлон нөлөөлжээ. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.6, хүнсний бус барааных 6.4, барааны бүлгийнх 6.2, үйлчилгээнийх 8.5 хувиар өссөн байна. Харин улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний есөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 28.9 хувиар өсөн, 22.8 их наяд төгрөгт хүрчээ. Татварын орлого өнгөрөгч оны мөн үеийн үзүүлэлтээс 26.1 хувиар өсөж, 20 их наядад хүрсэн аж.
Манай улс 2024 оны 1-9 дүгээр сард 154 оронтой гадаад худалдаа хийж, бараа эргэлтийн мөнгөн дүн нь 20.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ хугацаанд нийт 11.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 8.6 ам.долларын бүтээгдэхүүн импортолсноор гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Гуравдугаар улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 25.9 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламж есдүгээр сард 20.6 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 415.7 тэрбум төгрөгөөр өссөн бол валютынх 53.8 тэрбумаар буурч, 4.4 их наяд болсон гэнэ.
Н.МИШЭЭЛ