Цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр (Бишкекийн тунхаглал)-ийг баталсан үеэс жил бүр тэмдэглэж эхэлсэн Олон улсын ирвэсийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрөөр дээрх хөтөлбөрийг баталсан, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 улс цоохор ирвэсийн хамгаалал, амьдрах орчинд тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил Бишкекийн тунхаглалыг баталж, “уулын эзэн”-ий өдрийг тэмдэглэж эхэлсний 10 жилийн ой тохиож буй тул улс орнууд илүү өргөн хүрээнд хөтөлбөр, үйл ажиллагаа төлөвлөснийг Олон улсын ирвэс хамгаалах сангаас мэдээлэв. Төвлөрч ярих гол асуудал нь цоохор ирвэсийн амьдрах орчинд гарч буй өөрчлөлт, сорилт бэрхшээл байх нь.
Манай улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог. Эдүгээ дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь буюу 800-1000 нь Монголд, үүний зонхилох нь Алтай, Хангай, Соёны бүсэд нутагладаг гэж үздэг. Тиймээс Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Ирвэс хамгаалах олон улсын өдрийг ч баруун бүс нутагт өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Харин өнөө жил Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан “Ирвэсийн өдөр” арга хэмжээг анх удаа нийслэлд зохион байгууллаа. Энэ сарын 19-нд “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэн болсон өдөрлөгийн үеэр иргэд, олон нийтэд “уулын эзэн”-ий талаар мэдээ, мэдээлэл хүргэсэн билээ.
Төв суурин газарт амьдарч буй иргэд ирвэс хамгаалалд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой вэ. Судлаачид үүний талаар “Аливаа амьтныг танин мэдэж, экосистемийн ач холбогдлыг нь ойлгож, хүлээн зөвшөөрөх нь түүнийг хамгаалахад чухал ач холбогдолтой” гэсэн юм.