Айл бүрд “эмийн сан”, түүнд нь ашиглахгүй, хугацаа нь дуусчихсан эм олон байдаг. Эм өдөр бүрийн хэрэглээ биш тул иргэд үүнийг төдийлөн анзаардаггүй аж. Гэвч эмийн хайрцгаа цэгцэлж, цэвэрлээгүйгээс, хүүхдийн гар хүрэх газраас хол байршуулаагүйгээс бага насныхан янз бүрийн эм, бэлдмэл идэж, хордох тохиолдол гарсаар байгаа аж. Тиймээс өрхийн эмч нар “Антибиотикийг зохистой хэрэглэх долоо хоног”-ийн аяны хүрээнд гэрийн эмийн хайрцгийг цэгцэлж, цэвэрлэх зөвлөмжийг иргэдэд өгснийг хүргэе.
Хадгалах горимын хувьд гэрийн нөхцөлд эм хадгалах савыг тагтай, цоожтой байлгах ёстой аж. Эмийн хайрцагт анхан шатны тусламжийн иж бүрдэл (15 мл-ийн спирт, шархны наалт, ариун хөвөн, бээлий, бинт, халуун хэмжигч гэх мэт) хийсэн байх нь оновчтой гэнэ. “Эмийн сан”-г хүүхдийн гар хүрэхгүй, гэрлийн тусгалгүй, хуурай нөхцөлд хадгалах нь зүйтэй. Эмийг үйлдвэрийн сав, баглаанаас нь салгахгүй байх нь хамгийн чухал аж. Мөн гал тогоо, угаалгын өрөөнд хадгалж болохгүйг санаарай. Савтай эмийн таглаан дээрх хөвөн нь ус, чийгээс хамгаалах зориулалттай тул хаяхгүй байх нь зүйтэй гэнэ. Эмийн хайрцгийг зургаан сар тутамд шалгаж, сэлбэх нь оновчтой юм байна. Хугацаа нь дууссан эм, бүтээгдэхүүнийг удаан хадгалж болохгүй. Нэр нь арилсан, үйлдвэрлэгч тодорхойгүй, зориулалтын хайрцаг, савгүй, серийн дугааргүй, хэрэглэх зааваргүй задгай эмийг мөн нэн даруй хаях нь зүйтэй.
Савлагаанаас нь эмийн олон улсын нэр, тун, хэмжээ, үйлдвэрлэгч, хэрэглэх арга, хадгалах хугацаа, савласан хэмжээ зэргийг мэдэх боломжтой. Эмийн эмчилгээнд баримтлах таван зарчим гэдгийг санах нь мөн чухал аж. Үүнд эмчийн хяналтад, жороор, зохих тунгаар, тохирсон цагаар, зөвлөсөн хоногоор, уухаар, тарихаар гэх мэт үйлчлэх аргуудаас боломжтойг нь сонгохыг иргэдэд зөвлөв.