Нэрт сагсан бөмбөгч Леброн Жэймс хүү Броннигийн хамт анх удаа “Лейкерс” багийн төлөө тоглолоо. NBAийн төдийгүй сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх уг үйл явдал өнгөрсөн ням гарагт, улирлын өмнөх тоглолтын үеэр болсон юм. Уг тоглолтод “Лейкерс” өрсөлдөгч “Финикс”т 114:118ын харьцаатай ялагдсан. Сонирхолтой нь энэхүү тоглолт Броннигийн 20 насны төрсөн өдөр болж, давхар баяр тохиов.
Түүхэн тоглолт
Бронни тус тоглолтын хоёрдугаар хагаст талбайд гарч, нийт 13 минутыг өнгөрүүлэхдээ нэг ч оноо аваагүй аж. Харин хоёр удаа самбараас бөмбөг авчээ. Гэхдээ дөрвөн удаа бөмбөгөө алдан, гурван удаа алдаа гаргаж, 16 үзүүлэлттэй тоглолтыг дуусгасан байна. Ер нь бол тун тааруу тоглосон гэж дүгнэж болно. Харин Леброн “Финикс”ийн эсрэг тэс өөр тоглолт үзүүлж, 16 минутад 12 довтолгооныхоо наймыг нь оновчтой болгосон. Ингэснээр 19 оноо авсан төдийгүй самбараас таван удаа бөмбөг авч, дөрвөн дамжуулалт нэр дээрээ бүртгүүлжээ.
Броннигийн хувьд энэ нь “Лейкерс”ийн төлөөх хоёр дахь тоглолт юм. Тэрбээр аравдугаар сарын 4нд шинэ багийнхаа төлөө анх удаа тоглосон билээ. “Миннесота”гийн эсрэг эл өрсөлдөөнд тэрбээр харьцангуй сайн тоглож, хоёр оноо авснаас гадна гурван блок, нэг удаа самбараас бөмбөг авч, мөн тооны оновчтой дамжуулалт хийсэн юм.
NBAийн түүхэнд аав, хүү хоёр хамтдаа нэг багт тоглосон тохиолдол үгүй. Харин Леброн хүүгийн хамтаар энэхүү онцгой, ховор амжилтын эзэд боллоо. Харин Хойд Америкийн спортын том лигүүдийн түүхэнд ийм явдал өмнө нь хоёр удаа тохиолдож байжээ. Тухайлбал, 1990ээд оны эхээр бейсболын MLB лигийн “Сиэтл маринерс” багт Кен Гриффинсениор болон Кен Гриффинжуниор, хоккейн NHL лигийн “Хартфорд уэйлерс” багт Г.Хоу хүү Марти болон Маркийн хамт тоглож байсан түүхтэй.
“Энэ мөчийг хэзээ ч мартахгүй”
Хүүтэйгээ хамт NBAийн тоглолтод оролцсон нь 39 настай Леброны хувьд мартагдашгүй мөч байсан нь гарцаагүй. “Үнэхээр итгэмээргүй юм. Болж байгаа зүйлд би одоо ч бүрэн итгэж чадахгүй л байна. Үүнд дасах л хэрэгтэй болох нь. Энэ явдал хүү бид хоёрт төдийгүй гэр бүлийн минь хувьд маш чухал. Өнөөдрийн тоглолт, энэ мөчийг би хэзээ ч мартахгүй” хэмээн Леброн тоглолтын дараа ярьжээ.
Харин Броннигийн хувьд аавтайгаа хамт талбайд тоглохдоо тийм ч амар дасаж чадахгүй байгаа гэнэ. “Талбайн гадна би үргэлж “Энэ миний аав шүү дээ” гэж бодож байлаа. Харин талбайд гараад тоглох үед хамтрагч, багийн анд минь болдог. Ийм нөхцөлд надад үүнээс өөр бодогдох зүйл алга” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Леброн NBA-д 22 дахь улиралдаа тоглох гэж байгаа бөгөөд энэ нь тус лигийн хувьд түүхэн дээд амжилт болно. Броннийг төрөх үед Леброн лигт хоёр дахь улиралдаа тоглож байсан юм. Ташрамд дурдахад, Лос-Анжелесийн баг Броннийг энэ зуны драфтын 55 номероор сонгон авч, шинэ тоглогчийн хувьд тун ховорт тооцогдох үнэтэй гэрээг байгуулж (дөрвөн жилийн 7.9 сая ам.долларын цалинтай) байв.
Н.ЭНХ