Парисын олимпын наадмаас шалтгаалж түр завсарлаад байсан WNBA-ийн улирал дууслаа. Тамирчид олимпын наадмын дараа бие махбодын болон сэтгэл зүйн янз бүрийн байдалтай багтаа эргэж ирсэн. Тийм учраас плей-оффын тоглолтууд таамаглахын аргагүй болох магадлалтай юм. Өнгөрсөн ням гарагт плей-оффын эхний шат эхэлж, багууд тус бүр нэг тоглоод байна. Түрүүлж хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгардаг дүрэмтэй. “Их гурвал болон бусад тоглогч” тактикийг тус баг гол хөзрөө болгож тоглодог. Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд асар өндөр үзүүлэлт гэж болох 20 орчим оноог энэ улиралд дунджилсан С.Ионескуг тус багийн маргаангүй лидер гэж үзэж болно. Б.Стюартын үүрэг багассан ч тэрбээр ажлаа чимээгүйхэн бөгөөд гарамгай хийж сурсан тоглогч. Ж.Жонс зарим тоглолтод маш давамгай тоглодог ч хоёр од хамтрагчдаа гялалзах боломжийг ч мөн олгодог юм. Тэд ийн ээлжлэн гялалзаж, гар нийлэн тоглож буй нь аваргалах гэсэн ганц зорилготой нь холбоотой. Өнгөрсөн улиралд зорилгодоо хүрэхэд нь тэдэнд ганцхан алхам дутсан билээ. Тус багийн анхаарах ёстой сагсан бөмбөгч нь 2020 оны драфтаар сонгогдсон ч WNBA-д энэ улирлаас “ирсэн” герман тоглогч Л.Фибих. Үнэхээр ч Леони эхний тоглолтод онцгойрч, 21 оноогоор багаа тэргүүлсэн.
“КОННЕКТИКУТ САН”
Лигийн хамгийн сайн хамгаалалттай, өөрт ногдсон үүргээ тултал гүйцэтгэдэг тоглогчид бүхий баг. А.Томас, Д.Боннер л талбайд 30-аас олон минут тоглодог. Тус багийн лидер А.Томас энэ улиралд дундаж оноогоор лигт тавдугаар байрт бичигдсэн. М.Мэйбриг солилцоогоор авснаар “Сан” баг 10-аас дээш оноо авдаг зургаан тоглогчтой болоод байна. Тэдний ялалтын өөр нэг хөзөр бол өөрсдөө бөмбөгөө аль болох цөөн алдах, эсрэг багаа олон удаа алдуулах юм. “Сан” багийн онцлох тоглогч бол хамгаалалтад сайн тоглодог Ж.Кэррингтон юм. Харин багийн шилдэг тоглогч Д.Боннер энэ жил 37 нас хүрсэн нь сул тал болж магадгүй.
“МИННЕСОТА ЛИНКС”
Дасгалжуулагч нь гол үүрэг гүйцэтгэдэг баг гэж дүгнэж болно. Ш.Ривийн удирдлагад “Линкс”-ийн тоглогчид мундаг хамгаалж, бөмбөгөө байнга дамжуулж, хамгийн сайн довтолгооны хувилбарыг олж тоглохыг чармайдаг. Мөн яарч шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлдөө автах зэрэг алдааг тун цөөн гаргадаг юм. Чухал мөчүүдэд юу хийх ёстойгоо маш сайн мэддэгээс гадна хамгаалалт, довтолгоонд гаршсан тоглогчидтой. Тэднийг Н.Коллье, К.Макбрайд гэсэн хоёр лидер нь манлайлан тоглож байна. “Линкс”-ийн анхаарах ёстой сагсан бөмбөгч нь холын зайнаас 44.7 хувьтай шидэж буй, 27 настай канад тоглогч Б.Карлитон юм.
“ЛАС-ВЕГАС ЭЙСЕС”
Тэд бол өнгөрсөн улирлын аварга, лигийн хамгийн шилдэг довтолгоонтой баг. Гэхдээ улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан Э.Вилсоны баг плей-оффт огт өөрөөр өрсөлдөж ч магадгүй. Тухайлбал, гарааны төвийн тоглогч К.Стоукс зөвхөн хамгаалагч болж хувирсан (ердөө 1.4 оноо). К.Пламын бараг бүх үзүүлэлт буураад байна. Ж.Янг аваргалсан улиралдаа гурван онооны шидэлтийнхээ 40 хувийг оруулж байсан. Харин одоо эл үзүүлэлт нь 33 хувь болж буурчээ. Товчхондоо, Э.Вилсон хэмээх супер тоглогчтой тус баг гурван жил дараалж аваргална, эсвэл плей-оффт бүтэлгүйтнэ. Бүтэлгүйтэх магадлал нь илүү их гэсэн таамгийг сэтгүүлчид дэвшүүлж буй. Удтал эмчилгээ хийлгэсэн Ч.Грэй талбайдаа эргэж ирээд “Вегас”-ыг 11 тоглолтод 10 ялахад нь тусалсан. Гэхдээ багаа плей-оффт онцгой амжилт үзүүлэхэд түүнийг ихээхэн тус нэмэр болно гэж итгэхэд бэрх. Улирлын төгсгөлд болсон “Либерти”-гийн эсрэг тоглолтод тэрбээр долоон довтолгооны нэгийг оруулж, ердөө гурван оноо авч байв. Гэсэн ч энэ жил 30 настай, ид үедээ яваа түүнд туршлага, сэтгэл зүй нь хань болох нь гарцаагүй.
Н.ЭНХ