Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид таван хүний амь аварсан бол, ослын улмаас 10 иргэн нас баржээ. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Үүнээс гурав нь усны осол байжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумаас Өгөөмөр гэх газар луу зорчиж явсан “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч, зорчигч нар Онон голын дээд гүүрээр гарч яваад унаж, автомашинтайгаа живжээ. Уг осол энэ сарын 17-ны 17.00 цагийн үед болсон бөгөөд 66 настай Б, 58 настай И нар амиа алдсан гэнэ. Батширээт сумын ЗДТГ-ын ажилтнууд эрэн хайх ажиллагааг эхлүүлэн, Улаан бургас гэх газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олжээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид өнгөрсөн ням гарагт Онон голоос ачааны автомашиныг татан гаргасан гэнэ. Харин зорчигч И-г эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул өчигдөр 07.00 цагт дахин эхлүүлсэн байна. Мөн Онон голд осолдсон байж болзошгүй өөр нэг иргэнийг эрэн хайж буй аж. Тэрбээр энэ сарын 8-нд гэрээсээ гараад өдий болтол сураггүй байгаа гэнэ. Түүнчлэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Чулуут голыг завиар гаталж байсан 51 настай М-ын завь нь хөмөрсний улмаас энджээ.
Ч.Туяа